Энэхүү тайланг Гадаадын хөрөнгө оруулалтын газар, “Оксфорд Бизнес” групп хамтран өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн найман сарын турш боловсруулсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулан англи хэлээр гаргасан байна. Ийнхүү Төв Азийн орнуудаас анх удаа манай улс “Монголын тайлан 2012”-ыг гаргасан нь улс төр, банк санхүү, хөрөнгийн болон даатгалын зах зээл татвар, уул уурхай, харилцаа холбоо, мэдээлэл технологи, тээвэр зэрэг бүхий л салбарын болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар цогц мэдээлэл, дүгнэлтийг агуулжээ. Түүнчлэн энэхүү тайланд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХБНГУ-ын Канцлер, АНУ-ын дэд ерөнхийлөгч нарын ярилцлагыг багтаасан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээний үеэр “Энэ тайлан манай улсын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүүлэх байх. Бид нийгмийн бүхий л салбарт хэм хэмжээг нэвтрүүлэхийг зорихын хамт хөрөнгийн зах зээл болон биржийг олон улсын хэмжээнд аваачих хэрэгтэй байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газраас засаглалыг яаж боловсронгуй болгох тал дээр онцгой анхаарч байна. Чухам эдгээр үйл хэрэгт “Монголын тайлан-2012” хувь нэмэр оруулж чадна гэж үзэж байна” хэмээсэн юм.
Тайлангийн талаар “Оксфорд бизнес” группийн Бүс хариуцсан редактор Паулюсс Кунсинасаас тодрууллаа.
-“Монгол-2012” тайлангийн агуулгын талаар дэлгэрүүлнэ үү?
-Монгол Улсын тайланг гаргахдаа ашигт малтмалын салбараар дундаж орлоготой орон болоод зогсохгүй, илүү өндөр орлоготой орон болоход юу хэрэгтэй вэ гэдгийг харж байна. Монгол Улсын хувьд бусад Норвеги, Чех зэрэг орлого ихтэй орнуудын тэргүүн туршлагыг хэрэгжүүлэх бололцоо бий. Монголын ашгийг бид юу гэж үзэж байна вэ гэхээр, мод, жимсээр авч үзэхэд, модон дээр ургаж байгаа үр жимс нь авахад амархан нэлээн доогуур ургаж байна. Харин аялал жуулчлалын салбарыг авч үзвэл, Монгол Улс энэ салбарыг л зөвхөн брэнд болгох албагүй шүү дээ. Ерөнхийдөө мэддэг болчихсон. Тиймээс жуулчдыг татахын тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалт, мөн урт хугацааны тогтвортой үйлчилгээний орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Нэн ялангуяа хямд үнээр олон жуулчинг татах биш, харин ч өндөр үнээр өндөр орлоготой хүмүүсийг татаж, цөөхөн ч гэсэн үйлчилгээ авч чадах хүмүүсийг татах хэрэгтэй гэсэн санаа бий. Ер нь бол Монгол Улсын уул уурхайн салбарыг дэлхий ихэд сонирхож байна. Гэхдээ зөвхөн энэ салбарыг анхаарч, бусдыг орхигдуулсан бусад улсын гашуун туршлага бий.
-Тэгвэл хүмүүсийн өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлдөг хэрэглээний зах зээлийн тухайд хэрхэн дүгнэж болох вэ?
-Монголын хэрэглээний зах зээл ирээдүйд ихээхэн өснө. Нэн ялангуяа эрчим хүчний хэрэглээ өмнөхөөсөө хоёр дахин ихэссэн байна. Тэгэхээр энэ тал дээр цаашид нарны эрчим хүчийг ашиглах боломж байна. Бас санхүү болон даатгал, цахилгаан холбоо мэдээлэл технологийн салбаруудад ихээхэн боломж байгааг олж харлаа. Бусад орны тайлангуудыг гаргахад хамгийн хялбар ойлгомжтой байсан нь Монголын тайлан байлаа. Яагаад гэхээр хөрөнгө оруулалт хийгээд хоёр тал харилцан ашигтай ажиллана гэдгийг тайлбарлах амархан байсан гэсэн үг л дээ.