Онц хүнд гэмт этгээдийг илрүүлэн, саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Онц хүнд гэмт этгээдийг илрүүлэн, саатуулжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 2009 онд гарсан, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан, насанд хүрээгүй охидыг хүчирхийлэхийг завдсан, хутга мэс тулгаж танхайрсан, мөн эд зүйлийг дээрэмдсэн, насанд хүрээгүй этгээдийг хүчирхийлж, амь насыг нь хохироосон гэх үйлдэлтэй онц хүнд гэмт хэргийн эзэн холбогдогчийг  2011 оны арваннэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн саатуулжээ. Гэмт этгээд нь  2008 оноос хойш удаа дараагийн үйлдлээр насанд хүрээгүй охидод хутга тулган айлган сүрдүүлж, хүчирхийлэх гэмт хэрэг үйлдэж байсан аж. Хэрэгтнийг Ц.Батдэлгэр гэх бөгөөд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой нэгэн гэнэ. Тэрбээр 2008 оны долдугаар сарын 16-нд Говь-Алтай Есөнбулаг суманд 17 настай Б-д хутга тулган, хүчирхийлсэн байна. Дараа нь 2009 оны нэгдүгээр сард 17 настай М-ийг өглөө 07.30 цагийн орчим  хутга тулган хүчирхийлж, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд амь насанд нь хүрчээ.

Гэмт этгээд үүгээр гэмт үйлдлээ зогсоолгүй, 2011 оны хоёрдугаар сард Есөнбулаг суманд өглөөний 07.30 цагийн орчим 16 настай Л-д хутга тулган хүчирхийлсэн байна.  Бусармаг, гэмт үйлдлээ удаа дараа давтаж, 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд 17 настай  охинд хутга тулган хүчирхийлж, амь насанд нь халдахыг завдсан байна. Тэрбээр 17 настай П-д хүч хэрэглэснээс долоо хоногийн дараа “ална” гэж заналхийлжээ. Түүнийг гэмт хэрэг үйлдсэнийхээ дараахан 07.00 цагийн орчим хүчингийн хэрэг үйлдсэн газрынхаа ойролцоо явж байхад нь цагдаагийнхан баривчилсан  байна. Ц.Батдэлгэр нь 2011 онд 51 настай иргэн Т-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдэж байжээ.

Дээрх онц хүнд гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж,  аймгийн прокурор  П.Эрдэнэбат биечлэн  хяналт тавьж,  яллах дүгнэлт үйлдэн  шүүхэд шилжүүлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 126.2.3, 126.2.4, 91.2.6, 91.2.10,  91.2.12, 91.2.15, 147.2-т  зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг аймгийн  урьдчилан хорих газарт хорьж байгаа бөгөөд шүүх хурлын тов энэ сарын 18-нд гарах юм байна.

Удаа дараагийн үйлдлээр онц ноцтой хэрэг үйлдсэн Ц.Батдэлгэр нь 2007, 2009 онд хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан нэгэн гэнэ. Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээжээ.

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж