IX Богд таалал төгсөхөө урьдаас мэдэж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

IX Богд таалал төгсөхөө урьдаас мэдэж байжээ

Их Монгол орны хүмүүн амьтны итгэл номын Богд, Монгол Улсын бурхан шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн IX Жэвзүндамба хутагт мөнх бусыг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураалаа. Таалал төгсөх үедээ шавь олныг дээдийн номын айлдвар, гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад арвандолдугаар жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу өнөөдөр луу цагт  мөнх бусын дүрийг үзүүлсэн байна. IX Богд 80 насыг зооглоод жанч халсантай холбогдуулан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн лам нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Дээрхийн гэгээнтэн есдүгээр Богд Жэвзүндамба хутагт Монгол оронд 2009 оноос Монголын лам хувраг, сүсэгтэн олны эгээрэл хүслээр заларч, улмаар манай улсад голдуу байсан. Богд багш бидэнд олон сайхан зүйлийг захиж үлдээсэн. Агуу их хүмүүн нь таалал төгсөхийнхөө өмнө аливаа ажлаа бүгдийг нь зохицуулдаг юм байна гэдгийг би ойлголоо. Богд багш “Цаг үеийн шалтгаанаас Монголдоо их зүйлийг хийж чадсангүй. Харин дараагийн төрөл маань их зүйлийг хийх болно” гэсэн. Өчигдөр биеийн байдал нь сайн байсан. Гэсэн ч таалал төгсөх ойртлоо гэж хэд хэдэн удаа айлдсан. Бид тэр үед учрыг сайн ухаж ойлгоогүй нь харамсалтай. Богд багш маань таалал төгсөхийн өмнө “Миний дараагийн төрөл X хутагтыг Монголдоо төрөөсэй гэж сайтар залбирч хүсээрэй, Дараагийн төрөл маань улс төрийн бус жинхэнэ шашныхаа төлөө ажлаа хийнэ” гэсэн хоёр зүйлийг захисан. Сүүлд Богд багшийн бие чилээрхэх үед Далай багшаас хэзээ таалал төгсөхөө асуусан. Гэтэл Далай багш “Энэ жилийн сүүл болж байна. Тиймээс ирэх жилийн эхээр яваарай” гэж хэлсэн. Таалал төгсөх үед нь биднийг ороход Дээрхийн гэгээнтэн IX Жэвзүндамба хутагт маань нүд нь нээлттэй байсан. Биднийг Далай багш руу утсаар залгах үед санаа нь амарсан бололтой нүдээ ажуухан аньсан” хэмээсэн юм.

Өнөөдөр Богд гэгээнтний хойчийн дүрийг тодруулах комисс байгуулжээ. Комиссыг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц ахалж буй. Бүрэлдэхүүнд Б.Лувсанжамц, Гандантэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав зэрэг томоохон лам хуврагууд багтсан байна. Одоогийн байдлаар Богд гэгээнтнийг хэрхэн оршуулахаа шийдээгүй байгаа аж.

                Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж