-Ер нь бол дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүндээ эдийн засаг нь суурилсан, эдийн засгийн тогтвортой өсөлттэй хөгжингүй улс орнууд энэ төрлийнхөө энэ төрлийн статистикуудаа олон нийтэд, дэлхий нийтэд мэдээлдэг л дээ. Харин манайд бол үүнийг ашиглаж, ингэж олон нийтэд сурталчилах нь зохисгүй. Манайх шиг импортын бараа бүтээгдэхүүн голчилсон, уул уурхайн салбараасаа хэт хараат байдалд шилжиж байгаа, иргэдийн амьжиргааны төвшиний өөрчлөлт нь улам доройтож байгаа ийм оронд бол тэр өсөлттэй гарсан статистикийн талаар ярих нь утгагүй л дээ. Яахав зүгээр олон улсын валютын сан ч юмуу, гадаадын янз бүрийн ном товхимолд Монголыг төлөөлөх тоо байж болох юм. Хичнээн хувь нь жирийн амьдарлаасаа ядуугийн эгнээнд шилжсэн байна, хэдэн хувь нь чинээлэг давхаргалуу орсон байна гэдэг үзүүлэлт л чухал. Иргэдийн авч байгаа цалингийн чанарын үзүүлэлт л чухал. Энэ зарлаад байгаа тоо бол Монголын эдийн засгийн өсөлтийг тодорхойлох бодит тоо биш. Өнөөдрийн байдлаар Монгол хүнд наалдаж байгаа эдийн засгийн үр өгөөжийг харах юм бол энэ яг л урвуу хамааралтай байгаа. Зах зээл дээр гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний худалдан авалт, худалдан авалтанд ноогдож байгаа хүмүүсийн орлогын чанар бол юун 20 хувийн өсөлт бүү хэл 20 хувиас давсан бууралттай байна шүү дээ. Хэдийгээр цалин нэмэх асуудал яригдаж байгаа ч төгрөгийн худалдан авах чадамж буурсныг л нөхөж олгож байгаа явдал болохоос бодит чанартай нэмэгдэл гэхэд хэцүү л дээ.
-Манай улс эдийн засгийн хэд хэдэн тулгууртай байна гэж яриад байгаа боловч бодит үнэн нь уул уурхайн салбараас хараат болох нь тодорхой харагдаж байгаа. Энэ ямар эрсдэлтэй вэ.
-Айгаад байх асуудал биш. Гол нь бид түүхий эдээ үе шаттайгаар ашиглах бодлоготой байх ёстой. Хэдэн он хүртэл түүхийгээр нь буюу хагас боловсруулсан хэлбэрээр гаргах юм, хэдэн оноос цааш бүрэн боловсруулах юм, хэдийд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Ажиллах хүчийг хэрхэн бэлтгэх ёстой юм гэхчлэн бодлогын асуудлуудыг шийдвэрлэх ёстой л доо. Хүн төвтэй хөгжил байх нь нэгэнт тодорхой юм чинь хүнээ хэрхэн бэлтгэх асуудлыг чухалчилж үзэх ёстой. Улс орны бэлээхэн туршлагаас бид суралцах хэрэгтэй. Цахим эрин үе зайлшгүй ирж байгааг тооцоолсон Энэтхэг улс гэхэд сүүлийн 20 гаран жил програм хангамжийн мэргэжилтэн, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч өнөөдөр тэргүүлэх орон байж чадаж байна. Бүтээгдэхүүнээ ч тэр, оюунаа ч тэр борлуулж байна. Одоо тэр улс химийн инженерүүдийг асар ихээр бэлтгэж байна. Түүхий эд хичнээн ховордох тусам, үнэд орох тусам түүнийг улам гүн боловсруулж ашиглах, бүр үнснээс ч хүртэл бүтээгдэхүүн гаргах зорилт тавин мэргэжилтэн бэлтгэж байна шүү дээ. Бид үлгэрчлэх хэрэгтэй. Бид нүүрсээр асар баян юм бол түүнийг зөвхөн түүхийгээр нь он удаан жил зөөх, эрчим хүчний хэрэглээнд ашиглах биш нүүрсээрээ маш олон салбарт бүтээгдэхүүн бий болгох хэмжээнд ажиллах чадамжтай, химийн аргаар бүх төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч чадах хэрэгтэй. Тийм ирээдүйг бэлтгэх хэрэгтэй. Ирээдүйд хамгийн үнэ цэнэтэй оюунлаг инженерүүд бол химийн инженерүүд байх болно. Бид маш олон салбарт мэргэшүүлэх хэрэгтэй.
-Монголыг үйлдвэржсэн орон болгох асуудал ярианы төвшнөөс хэтрэхгүй байна. Үсрэнгүй хөгжилд хүргэхэд юу саад болоод байна вэ?
-Улс орны эдийн засаг улс төрийн тусгаар тогтнолын баталгаа нь хүн амын 70-80 хувь нь чинээлэг амьдралтай байх юм. Үүний тулд иргэд нь ажилтай, орлоготой, бизнестэй, тэр бизнес нь зөвхөн дотоодод бус дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой ийм л эдийн засгийн орчныг бий болгох хэрэгтэй байгаа юм. бурханаас бидний амьдарч буй хил хязгаарт нутагт асар их баялаг заяасан юм бол үүнийгээ хүн ардаа хөгжүүлэх, чинээлэг баян болгоход л зориулах ёстой. Байгаа баялагаа дэлхийн шилдэг техник технологид тулгуурлан, байгаль орчинд зөв зохистойгоор өөрсдөдөө ашигтайгаар л ашиглах хэрэгтэй. Уг нь бол одоо энэ улс орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд нь үзэл баримтлалынхаа дагуу хөгжлийн концепцыг батлаж, тэр хөтөлбөрөө өрсөлдүүлж элдэв хувийн эрх ашиггүй л урагшилах ёстой л доо. Гэтэл өнөөдөр манай улс төр холын бодлого үзэл баримтлалын өрсөлдөөн гэхээсээ хэний найз нөхөрүү, хэний фракц уу гэдгээр л явж байна. Хэний бүлэглэл олон суудал авч өөрсдийн бизнесийг дэмжих үү, яаж өөртөө тааруулан хууль дүрэм батлуулах уу гэсэн өчүүхэн эрх ашигтаа хөтлөгдөөд хөгжлийг гацааж байна. Юун 2.7 сая иргэнээ бодох, юун улс орны хөгжил дэвшил мантай өөрийгөө л бодсон улс төрчид дийлэнх нь болчихоод байна. Зөвхөн өөртөө, хувьдаа тохирсон богино хугацааны хөгжлийн хөтөлбөртэй, сонгуулиас сонгуулийн хооронд арагцаасан, үл бүтэх амлалтаа биелүүлэхийн тулд асар ихийг золиослож чадсан ийм л хүмүүс төр барьж байна. Хөгжлийн асар том тавцан бий болчихоод байхад түүн дээр харайгаад гарч л чадахгүй байгаа нь харамсалтай. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээг гааруулж, алгаа тосоод л мөнгө авч байдаг, ажил хийх дургүй болгож хүмүүжүүлсэн. Ийм хүмүүжил олгочихоод одоо тэдэндээ таалагдах хөтөлбөр гаргаад яваад байгаа нь л гол гогцоо нь. Бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ шаардлагтай үед загнаж бүр гар хүрэх ч үе байдаг шүү дээ. Хүүхдэд таалагдахгүй, гэхдээ бид ирээдүйд нь зовниж хайртай болхоороо л тэгдэг. Яг үүнтэй адил ажил хийх дургүй,хулгайч, залхуу ийм хүмүүст таалагдахгүй л хатуу арга хэмжээ авах ёстой. Иймд сонгуульд ялагдахаас айдаггүй, зөвхөн Монголын ирээдүйг аварахын төлөө л ажиллаж чадах, зоримог алхам хийх улс төрийн хүчин хэрэгтэй байна. Ингэж чадвал бидэнд хөгжил ойрхон байна. Ер нь дэлхийн түүх харж байхад улс орныхоо ирээдүйн төлөө хатуу чанга бөгөөд зоримог арга хэмжээ авч байсан ямар ч улс төрч удаан засаглал барьж байгаагүй. Яагаад гэвэл тийм үсрэлтийг хийхийн тулд хатуу бодлого явуулах, нийтээрээ бүсээ чангалаад урагшилах, хүн болгон ажил хийхээс өөр аргагүй болох, орлоготой байх хатуу шаардлагатай тулгардаг. Тухайн үедээ бол үүнд дургүйцэх хүн олон. Гэвч ирээдүйд гарах үр дүн нь хичнээн үр өгөөжтэй байх юм. Ялагдахаас айхгүй, сонгогдохгүй байх вий гэсэн айдсаа авч хаясан, хатуу бөгөөд зоримог төлөвлөгөө бүхий тийм л улс төрийн хүчин яг энэ үед шаардагдаж байна. Ажилгүй унхиагүй, алгаа тоссон хүмүүсийг өөхшүүлсэн нь эргээд л асуудлыг хүндрүүлсээр байдаг. Хаа байсан хотын захад зөвшөөрөлгүй ирж гэрээ барьчихаад тог тат, цахилгаан алга, жалгын аманд буучлаа нүүлгээд өг гээд шаардаж байгаа бол шударга биш байгаа юм. Бид ажилсаг хичээнгүй ард түмэнтэй болох, тийм нийгмийг хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Залуус нь улс төрөөр биш, аж ахуйн бизнесээр хөөцөлдсөн, өрсөлдөн төлөвших хүсэл бий болгохыг зорих хэрэгтэй.
-Баялагтай болгон баяжаад, хөгжөөд байдаггүйг бидэнд бас л дэлхийн түүх харуулж байна. Баялагийн тэгш хувиарлалт гэж ер нь байх боломжтой юу?
-Тэгш хувиарлалт биш л дээ. Тэгш боломж гэж ярих нь зүйтэй. Энэ боломж бол хувьцаагаар л олгогдоно шүү дээ. Ордыг эзэмшиж байгаа компанийн засаглал нь зөв, хувьцаагаа гаргаад ашигаа хувиарладаг, гол нь компанийн засаглалын дагуу ил тод байхад л тэгш боломж олгогдоно. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”- н хувь заяа анхнаасаа буруу тавиад эхэлсэн. Чайна-Алкогоос авсан анхны мөнгөөр нь өөрийг нь хөгжүүлж, хүчирхэг болоход нь зарцуулах ёстой байтал бэлэн мөнгө болгоод тараачихсан. Дөнгөж л нэг юм хөл дээрээ дэнжигнэж байхад нь өшиглөөд унагаачихаж байгаа хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” гэдэг бол монгол орны хувь заяаг ачиж яваа хөлөг онгоц шүү дээ. Гэтэл үүнийг сүйрүүлчихэж байгаа байхгүй юу. Мэдээж компанийн дарга захирлуудыг намаас л томилчихож байгаа байх л даа. Энэ компанийн толгой компанид Монголын стратегийн ач холбогдолтой бүх ордын лиценз төвлөрөх учиртай. Ийм асар баян компани чинь тэр Шинхуа, тэр Пийбоди гэх мэт томоохон компанитай өрсөлдөх л гэж үзнэ үү гэхээс бэлэн мөнгө тараах гээд л урьдчилгаа царай алдаад суух учиргүй шүү дээ. Дэлхийн том акулуудтай хөрөнгөө чадлаараа өрсөлдөх хэмжээнд хүрэхийн тулд улс төржихгүйгээр ажиллах хэрэгтэй. Улс орны хэтийн хувь заяаны төлөө зөв алхам хийхэд тэр огцрох, сандал ширээгүй болохоос айхгүйгээр саналаа дээш нь хэлж ярьж ажилламаар байгаа юм. Одоо Монголын хөрөнгийн биржийн хамгийн анхны гаргах гэж байгаа тэр бүтээгдэхүүн нь л чанартай байх юм бол Лондон, Хонконгийн хөрөнгийн биржтэй өрсөлдөх үүд хаалгаа нээнэ гэсэн үг.
-УИХ-ын 57-р тогтоолоор нэрлэсэн үнийг буруу зарчмаар тогтоож хөрөнгийн биржийн сонгодог утгыг алдагдуулж байна гэсэн шүүмжлэл байгаа. Нэрлэсэн үнэийг шууд төрөөс ингэж тогтоож өгдөг зарчим байдаг юм уу.
-Аливаа бизнесийн хөгжлийн шийдвэрүүдийг улс төрийн зарчмаар гаргаад эхлэхээр л ямар хор хохиролтой байдгын ганц жишээ л дээ. Төрийн өмчит компани байгуулахгүй ээ, хувьцаат компани байгуулна гэсэн УИХ-ын 39-р тогтоол дэлхийн хамгийн сонгодог жишигрүү уг нь аваачсан шүү дээ. Тэгээд л үүний дагуу нэрлэсэн үнээ гаргаад явах ёстой байсан. Юунаас нь айгаад байгааг би ойлгохгүй байгаа юм. ТУЗ- өө сонгоод, дотоодын хөрөнгийн бирж дээр мөнгөө босгоод явах бүрэн боломж байсан. Үүнийг зөвхөн бид ч биш, гадаад дотоодод сурч боловсроод ирсэн нь ч тэр, гадаад дотоодын мэргэжилтэнгүүд ч тэр хэлж байна. Зүгээр нэг төсөв бүрдүүлэгч биш ашгийн төлөө байгуулагдсан юм бол ашиг орлого олохын төлөө л ажиллах ёстой. Монголын жаран мянга гаруй аж ахуйн нэгж 2700 хан хүний мэдэлд байдаг юм байна гээд л ад үзээд бараг л хөрөнгийг нь хураагаад хайртай ард түмэндээ тараая гээд шүлсээ үсчүүлээд л гүйж байсан зарим нэг улс төрч хоёрхон сарын дараа үзэл бодол нь 360 градус эргэчихсэн “хувийн хэвшилдээ тулгуурлаад хөгжих ёстой” гээд номлож байх юм. Үүнээс харахад тэднийг улс төрийн албан тушаалтан бус улс төрд байгаа жүжигчид л гэж харагдаж байна. Хүнд таалагдаж, санал авахын төлөө үзэл бодол бүх юмаа гээж байгаа улс төрчид л хөгжлийг хойш нь чангааж байна. “Монгол 999 Үндэсний Нэгдэл” анх байгуулагдахдаа улс орны томоохон төслүүд дээр монголын хувийн хэвшлийн оролцоог бий болгох зорилготой байсан. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нэг муу мухлагтаа эргэлдээд л энэ хэдэн гадаадын лангууны худалдаачин, ченжүүдэд дээрэлхүүлж сууж байх биш илүү боломжийг бий болгох үүднээс бид нэгдсэн. Том төслүүдийн оролцогч нь байх, томоохон төслүүд дээр хамтран ажилдаг байх, томрохын тулд нэгдэж нийлж бие биенээ таньж мэдэж, бие биенээрээ үйлчлүүлж, болохгүй бүтэхгүй байгаагаа ярилцаж гарцыг тодорхойлох ийм л зорилготой. Бизнес эрхлэж яваа хүмүүс бол энэ нийгмийн хамгийн идэвхтэй ажиллаж амьдарч байгаа, амьдарлынхаа амьд сэрүүн мөчийн дийлэнх хэсгийг бизнесээ яаж сайжруулах, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж толгойгоо гашилгаж яваа, хамаг хүнд ачааллыг дааж явдаг хүмүүс байдаг. Монголын нийгэмд хувийн хэвшил дээр тулгуурласан, хувийн хэвшилийг дэмжсэн, ажил хийж орлоготой байгаа хүмүүсээ төр засаг нь эдийн засгийн болон татварын бүх л орчноор дэмждэг, ийм нийгмийг байгуулахын тулд энэ олон хувийн хэвшлийг толгойлж байгаа хүмүүсийн дуу хоолойл болж үзэл бодлыг хуулийн хүрээнд, өөрсдийнхөө чадах хэмжээгээр илэрхийлж бид чадаж байгаа. Энэ чадаж байгаагийн үр дүн гарч байна. Хоёр жилийн өмнө энэ хувийн хэвшлийг татвар мэргэжлийн хяналт хоёрын статистик мэдээгээр дүгнэдэг байсан бол “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК байгуулагдаж хувийн хэвшлийнхээ үзэл баримтлалыг илэрхийлж хөгжлийн томоохон төслүүд дээр дуу хоолойгоо хүргэж, тэр тусмаа “Эрдэнэс Таван толгой”- н үйл ажиллагааны олон хөтөлбөрүүддээр тодорхой хэмжээгээр тусгаж, гарцуудыг шат дараатай санал хэлбэрээр тавьж шаардаж, албан бичиг хүргүүлж идэвхтэй ажилласан. Баялагаа ашиглаж баларсан хожсон олон улс орныг судлаж тэдгээрээс тусгаж авах алдаа дутагдал, ололт амжилтын туршлагаас бид УИХ- ын 76 гишүүнд, Засгийн Газрын гишүүдэд тасралтгүй албан бичгээр, цахим хэлбэрээр өгч танилцуулж өдийг хүрсэн. Үүний хүчинд өнөөдөрхувийн хэвшилээ дэмжих нь зөв юм байна, улс орны хөгжлөө хувийн хэвшил дээр тулгуурлах нь зөв юм байна гэдгийг нийтээрээ ярьж хэлж, ойлгодог боллоо. Нийгмийн салбар, улс орны хөгжил ярих юм бол хүн төвтэй хүнээ л хөгжүүлэх асуудал юм чинь олон хүн ажиллаж байгаа, олон хүнийг хамарч байгаа тэр салбарлуу л анхаарлаа хандуулах ёстой. Тэгэхээр ер нь энэ улс төрчдийн хувийн хэвшилд хандах болсон хандлага ийнхүү өөрчлөгдсөн нь 2 жил тасралтгүй “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- аас гаргаж байсан санаачлагууд, мэссэжүүдийн үр дүн. МХАҮТ, МАОЭЗ болон бидний хүчээр 103-р тогтоол гарч үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих нэг ч гэсэн юм батлагдлаа. Зөвхөн энэ гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх дунд болон төсөв захиран зарцуулах хэсгийн хүмүүсийн хариуцлага их өндөр байх шаардлагатай.
-Хувьцааны нэрлэсэн үнийг ийм өндөр тогтоохоор ямар эрсдэлтэй вэ. Компаниуд худалдаж авч чадахгүй юм биш үү.
-Бид нэрлэсэн үнэ 50-100 төгрөгөөр тогтоож, нэг компани 3-5 сая төгрөгөнд хувьцаагаа авчихна гэж тооцоолж байсан. Өнөөдрийн нэрлэсэн үнээр нэг компани 27-30 сая төгрөгөөр авах ийм тооцоо гарч байгаа. “Эрдэнэс Тавантолгой”ХК- ийн мэдэлд ямар нөөцтэй орд газрууд байгаагаас энэ компанийн үнэ цэнэ тодорхойлогдох учиртай. Гэтэл энэ компанид тэр орд газруудын лиценз нь байгаа юм уу үгүй юм уу гэдэг чухал. Үнэхээр тэр лицензүүд нь “Эрдэнэс Тавантолгой”- руу шилжээд, зэх зээл дээр эрчим хүчний түүхий эдийн үнэ ханш тогтвортой байгаад, цаашид улам бүр үнийн өсөлттэй байгаад, зах зээлийн эрэлт нь улам ихсээд, бид тодорхой хэмжээнд эдийн засгийн өсөлтөө сайн хангаад, төрөөс явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд, бизнес эрхлэгчдэд санхгүүгийн хямд эх үүсвэр олддог байгаад, хөрөнгийн бирж нь итгэл даагаад үнэхээр Тавантолгойн хувьцаагаа арилжаалаад эхлэх юм бол бидэнд боломж бодитоор нээгдэх юм. Монгол 999 Үндэсний Нэгдэл” хувьцаа эзэмшигчдийн хурлаараа цаашид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэр гаргасан. Тэгхээр гишүүн компаниудад ч гэсэн томоохон боломж нээгдэнэ гэсэн үг. Тавантолгойн хувьцааг ашигтай гээд гадныхан тэр чигээрээ уралдаж байхад Монгол хүмүүс хамгийн анхны бөгөөд ашигтай арилжаанд оролцох ёстой., үүний тулд хоршиж, хамтарч санхүүгийн бүх л арга механизмаар энэ оролцоог бий болгоно. Энэ оролцооны том баталгаа нь “Эрдэнэс Тавантолгой”ХК- д Засгийн Газрын 39-р тогтоол болон бусад тогтоолуудаар баталгаажсан бүх орд газрын лиценз л шилжсэн байх ёстой. Энэ хамгийн том баталгаа
-Нэрлэсэн үнийг шууд автоматар тогтоож байгаа нь сонгуулийн амлалт биелүүлэхтэй шууд холбож тайлбарлаж байгаа. Та юу гэж бодож байна.
-Угаасаа л хэнд ч ойлгомжтой шүү дээ. Би дээр яриандаа дурьдсан. Хэрвээ монгол орныг үсрэнгүй хөгжүүлье гэвэл, хүн амынхаа дийлэнхийг чинээлэг болгье гэвэл аливаа улс төрийн засаглал барьж байгаа хүчин дараагийн сонгуульд ялагдсан ч хамаагүй гэдэг тийм эр зориг гаргах л ёстой. Бэлэнчлэх сэтгэлгээг улам гааруулах энэ шийдвэрүүдээсээ шууд татгалзах хэрэгтэй. Амлалт эдийн засгийн хувьд боломжгүй бол шууд тэрийгээ хэлж чаддаг байх ёстой. Үсрэнгүй хөгжил хийх боломжийг амлалтаа биелүүлэх өчүүхэн эрх ашгаар золиослож болохгүй. Өнөөдрийн энэ бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлсан, юм нэхсэн, хулгайч худалч залхуу энэ хүмүүст таалагдах бодлоготой л байж болохгүй.
-Хоёр нам хамтарч төр барьж байх хугацаанд уул уурхайн томоохон орд газрын хувь заяаны асуудал яригдаж сөрөг хүчингүй байсан. Харин энэ орон зайг “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК нөхөж байсан гэж үзэх хүн цөөнгүй байдаг.
-Манайх улс төрийн байгууллага биш л дээ. Гол зорилго маань л яаж энэ хувийн хэвшлийг томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбох уу, яаж татан оролцуулах уу, гол тоглогч нь монгол хүн, монгол компаниуд байгаасай л гэж үзэж байсан. Үүнийхээ төлөө их ч явсан, их ч адлуулсан. Гэхдээ тодорхой үр дүнд хүрсэн талаар би дээр дурьдсан. Бидний хүсэл бол улс орны хөгжлийг хурдацтай байгаасай, зөв байгаасай, энэ орд газрын хувь заяаг шийдэх компанийх нь засаглал нь зөв, ил тод байж чаддаг байгаасай гэсэн сэтгэлээр л асуудалд хандаж байсан. Манай геологи эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц гуай, эдийн засгийн ухааны доктор Б.Аюуш мөн олон эдийн засагчид, дээр нь хувийн компанийн захирлууд гэдэг чинь энэ хорин хэдэн жил бүх л нугацааг даваад, энэ мөнгөний ханш уналт, олон банкны дампуурал гээд олон давааг биеэрээ амсаад гарч ирсэн туршлагатай хүмүүсийн бодол санаа, итгэл үнэмшилд тулгуурлаж бид ажилласан. Эдийн засгийн хөгжлийн гарцыг тодорхойлох үүргийг бид тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн гэж бодож байна. Манай улс төрчдөд өөрөө л санаачлаагүй, өөрөө л сэдээгүй бол зөв ч зүйл байсан ч түүнээс бурууг хайдаг, дэмжихээсээ санаа зовдог, мэдэхгүй зүйлээсээ ичдэг, зовдог түүнийг үгүйсгэдэг ийм нэг бичигдээгүй гаж соёл төлөвшчихөөд байна л даа. Энэ их хаалт болж байна. Өнөөдөрийн түүх бүтээж байгаа бид нар хэзээ ч өөрсдийгөө шүүж чадахгүй, өнөөдөр бидний алдсан оносоныг ирээдүйн хувийн хэвшил, ирээдүйн компанийн захирлууд шүүнэ шүү дээ.
-Сүүлийн үед Монгол улс дэлхийн эдийн засгийн “алуурчдын” тоглоомын бай болох нь гэсэн түгшүүр бий болсон. Баялагтай оронлуу маш боловсон бөгөөд соёлтойгоор эдийн засгийн дайралт хийж гартаа хийж авдаг олон жишээ байна. Бид үүнд өртөх үү.
-Монгол улс ч гэлтгүй социализмын хамтын нийгэмлэгээс гарсан баялагтай бүх л орон түүнд өртөж байгаа. Бид үүний эсрэг ард түмнээ хурдан чинээлэг болгож байж л сөрж зогсож чадна. Залуучууд гадаадад сурч боловсроод их ирж байна л даа. Гэхдээ миний бодлоор энэ хангалтгүй. Эх орондоо ирээд монголжих, монгол хөрсөнд буутлаа дахин тэд дадлага хийж туршлагажих ёстой. Тухайн суралцсан орны л тоглоомын дүрмийг суралцаад ирж байгаа. Түүнийг нь харин “нутагшуулж” байж ашиглах шаардлагатай. Яагаад гадаадын улс оронд заавал цэргийн алба хаасан хүнийг төрийн албан тушаалд томилодог юм, эмэгтэйчүүд нь төрийн албан хаагч болохын өмнө 3 аас доошгүй жил нийгмийн ажилтан хийсэн байх шаардлагыг тавьдаг юм. Энэ чинь хүнээ улам бүр нутагшуулж, тухайн эх орныхоо бүх үнэт зүйлстэй танилцах, мэдэх, мэдрэх боломж олгож байгаа хэрэг юм. Суралцаад ирсэн хүмүүс “манай Германд, манай Англид, манай Америкт” гэж ярьж байгаа нь буруу биш л дээ. Хоёрдугаарт яаж ажилсаг ард түмэн болох вэ гэдэгт анхаарах ёстой. Манай Монголчууд бол гадаадынханы тоглоомын арганд хурдан орчих ахуйн ухамсар оюунтай гэж бодохгүй байна л даа. Бид бол байгальтайгаа их ойр байдаг, нүүдэлчин хэлбэрээ одоо ч хадгалсаар л байна шүү дээ. Ийм хүмүүсийг тийм ч хурдан аргандаа оруулаад атгандаа хийгээд авчих амаргүй л дээ. Бид бол байгалийн эрс тэс өөрчлөлттэй орчинд дасан зохицоод амьдарсаар ирсэн ард түмэн. Монгол шиг өвөлдөө -30-40 хэмтэй, зундаа нэмэх дөч хүрдэг ийм газар олон биш. Траншены жаахан хүүхдээс авхуулаад сайд даргагүй л энэ байдалдаа түүртэх юмгүй л амьдарч байна. Ийм чадамжтай ард түмэн цөөхөн шүү. Дээрээс нь олон жилийн төрт ёс, соёл уламжлалтай ард түмэн тул нэг их амархан юмны арганд орчихгүй.
-Өнгөрсөн жил хувийн хэвшлийг дэмжих жил болгож Засгийн Газраас зарласан. Жил тойрон ярьсан болохоос бодитой ямар ч ажил хийгдсэнгүй. Энэ жил дахиад л өрхийн амьжиргааг дээшлүүлэх жил болгоод зарласан. Энэ бас л лоозон болоод өнгөрөх болов уу. Ер нь ингэж лоозогнож байх шаардлага байна уу?
-Уг нь 39-р тогтоол гараад хувийн хэвшилээ дэмжих асуудал их бодитой яригдаж байсан. Бусад олон асуудлыг энд ярихаа больё л доо. Энэ тогтоол тэр чигээрээ мөрдөгдсөн бол жинхэнэ хувийн хэвшлийг дэмжих бодитой ажил болох байлаа. Юун дэмжих нь битгий хэл ад үзэж үзэж л өөрчлөлт оруулахаар болсон. Яахав хувийн хэвшлийг дэмжих гээд л, өрхийн амьжиргааг дээшлүүлэх гэж “ярьж” байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэг л буруу зарчмаар яваад байх юм. Саяхан НХХЯ- ын сайд Т.Гандиг ярьж байгаа телевизээр хархад өрхийн орлогогүй иргэд орлоготой болох юм бол урамшуулна, ажилгүй хүнийг ажилтай болох юм бол урамшуулна гэсэн юм ярьж байна лээ. Тэгээд ажилтай байгаа орлоготой байгаа, яаж ийгээд л өрхөө нэг юм аваад явж чадаж байгаа хүмүүс нь хохирох болж таарч байна. Дахиад л нөгөө халамжийн чиглэлийн бодлого үйлчлээд эхлэж байна. Үнэхээр л өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол ажил орлоготой, зүтгэж яваа хүмүүсээ дэмжээд, хөл дээр нь босгоод тогтворжуулаад авсныхаа дараа түүнд зарцуулсан эргэн төлөгдөж байгаа эх үүсвэрээсэ тэр эмзэг хэсгийг дэмжих ажил болгоод явбал бодит үр дүн гарах болов уу. Уриа лоозон дэвшүүлж байгаа бол бодит амьдрал дээр яаж хүргэх арга замыг зөв тодорхойлох нь чухал. Залхуучуудад үзүүлж байгаа төрийн хайр халамж тэднийг улам бүр эвдэж байна.