Зүүн Азийн орнуудын чуулга уулзалт эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн орнуудын чуулга уулзалт эхлэв

­­Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын дөрөвдүгээр чуулга уулзалт өнөөдөр /2012.03.01/ Гадаад харилцааны яаманд эхэллээ. Тус чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр үг хэлэхдээ Зүүн Ази болон Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх, түүнд Монгол Улс оролцох хэрэгцээ, шаардлага, сонирхол байгааг онцлон тэмдэглэв. Чуулга уулзалт “Ашигт малтмал, тээвэр, байгаль орчин” гэсэн сэдвээр явагдаж, түүнд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, ХБНГУ болон Монголын 80 орчим эрдэмтэн судлаачид, төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнууд оролцож байна.

Дөрөвдүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Л.Хайсандай “Монгол Улсын геополитик: аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлууд” сэдвээр, БНХАУ-ын Хэйлунжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн Хойд Азийн хүрээлэнгийн захирал, профессор Да Жиган “ Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны боломж ба сорилтууд: Хэйлунжан мужийн сонголт” сэдвээр, Японы Рицумэйкан Их Сургуулийн профессор Эдгар Портер “АНУ-ын үүрэг АНД-н бүс нутагт дахин сэргэсэн нь: Тогтвортой байдалд хөтлөх үү, зөрчил хямралд хөтлөх үү” сэдвээр, Японы Токай Их Сургуулийн профессор Ф.Хироюки “Азийн регионализмын талаарх Японы бодлого” сэдвээр, ХБНГУ-ын судлаач, профессор У.Баркманн  “2000  оноос өнөөг хүртэлх Монгол Улсын гадаад бодлого ба геополитикийн шахалт” сэдвээр, ОХУ-ын доктор, профессор Е. Лиштованный “ОХУ-ын Эрхүү муж: Монгол улс руу хандсан бодлого” сэдвээр, Улаанбаатар Их Сургуулийн захирал Чой Ги Хо “БНСУ ба Монгол Улс хоорондын соёл, боловсролын солилцоо” сэдвээр тус тус илтгэл тавив.

Нэгдсэн хуралдааныг Монголын хөгжлийн судлалыг дэмжих төвийн удирдах зөвлөлийн дарга, доктор Ц.Батбаяр удирдаж байна. Чуулга уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын судлалыг дэмжих төв, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Сасакавагийн Энх тайвны сан хамтран зохион байгуулж байгаа юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж