ЭЗ-ийн гол салбаруудын бүрэн мэдээлэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн гол салбаруудын бүрэн мэдээлэл гарчээ

Манай улсын эдийн засгийн гол гол салбаруудын бүрэн мэдээллийг багтаасан “Монгол Улс 2012” тайлан гарсан байна.

Оксфорд бизнес групп, Гадаадын хөрөнгө оруулалтын газар болон бусад яам, агентлаг, бизнесийн болон төрийн бус байгууллагууд хамтран 8 сарын хугацаанд гаргасан энэ тайлангийн нээлтийн арга хэмжээ  өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ арга хэмжээнд оролцон үг хэллээ. Тэрбээр Төв Азийн орнуудаас анх удаа манай улсыг сонгон авч тайлан гаргасан дээрх байгууллагуудад Засгийн газар, бизнесийн салбарын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

Манай улсыг гадаадын улс орнуудад сурталчлан таниулах, эдийн засгийн хөгжил дэвшилд өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт татах, бий болсон хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх ямар боломж байна гэдгийг ойлгуулахад энэ тайлан чухал ач холбогдолтойг тэрээр тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулахын тулд 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосон. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулж, хүнд суртлыг багасгах зорилгоор 100 гаруй зөвшөөрөл, лицензийг цуцалж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлсэн гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн дурдлаа.

Түүнчлэн Европын стандарт, хэм хэмжээг бүх салбар, шатанд нэвтрүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Манай улс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн бодлого тууштай хэрэгжүүлж ирсний дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2011 оны эцсийн байдлаар энэ хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрчээ.

Түүнчлэн Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын 30 орчим хувь буюу 9 гаруй их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх зорилт тавьсан юм.

Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17,3 хувьтай гарч энэ өсөлт цаашид ч хэвээр хадгалагдах, нэмэгдэх төлөвтэй байна. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 9 мянга гаруй ам.долларт хүрнэ гэсэн тооцоог ч Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гаргаад байгаа юм.

Энэ мэтээр эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх ямар боломж байгаа зэргийг “Монгол Улс 2012” тайланд дэлгэрэнгүй тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж