Тус байнгын хорооноос хариуцан УИХ-аар батлуулсан гол хуулийн нэг нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хууль байсныг байнгын хорооны дарга онцоллоо. Уг протоколд нэгдэн орсон, соёрхон баталсан аливаа улс үндсэн хоёр үүрэг хүлээдэг юм байна. Протоколд оролцогч улс өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарах хэнд ч цаазаар авах ял гүйцэтгэхгүй байх, оролцогч улс бүр өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авах гэсэн үүргийг протоколд нэгдсэн орнууд хүлээдэг аж.
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийг мөн тус байнгын хороо хариуцан батлуулжээ. БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт гол төлөв холбогдсон Монгол Улсын 22 иргэн ял эдэлж байгаа аж. Ялтан шилжүүлэх тухай гэрээг соёрхон баталснаар Монгол Улс, БНХАУ өөр өөрийн нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа тус тусын харьяат иргэдийг эх оронд нь шилжүүлэх, гэр бүл, хамаатан садантай нь ойр ойрхон уулзуулах, ялын төрөл, хугацааг бууруулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших боломжийг бүрдүүлэх юм байна.
Хятадын тал уг гэрээг хэрхэн шийдвэрлэж буй, Хятадын харьяат хэдэн иргэн Монголд ял эдэлж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдэх тул байнгын хорооны зүгээс хариулт хэлэх боломжгүй гэж Э.Мөнх-Очир гишүүн хэллээ.
Мөн Андоррагийн хаант улс, Гамби, Гондурас, Науру, Палау, Панам, Өмнөд Судан улс, Самоагийн тусгаар улс зэрэг 15 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Дэлхийн их найман гүрний нэг Италитай Монгол Улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон ч тус улсад ЭСЯ-гүй байсан. Италийн нийслэл Ром хотод Монгол Улсын ЭСЯ нээх тухай тогтоолыг УИХ баталж улмаар Элчин сайд томилсныг мөн мэдээллээ.
Мөн Төсвийн хууль батлах үеэр Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-ны шинэ барилга, Бельгийн Вант улс дахь ЭСЯ-нд газар худалдан авах санхүүжилтийн асуудал, бусад оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын байр, газрын асуудлыг судалж эхний ээлжинд зайлшгүй гаргах санхүүжилтийг тодорхойлж хуралдааны тэмдэглэл гарган Засгийн газарт хүргүүлжээ.
Хүрээлэн байгаа орны аюулгүй байдал сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулсан нь байнгын хорооны онцлох ажлын нэг болсон байна.