
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Т.Хасбаатарын хэлснээр тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн хууль бус үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй Арвайхээр суман дахь Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах төслийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж хийлгэсэн. Ингэснээр 200 гаруй сая төгрөгийн зөрүү гаргасан гэлээ. Түүнчлэн эрх мэдлээ ашиглаж хууль бус томилгоо хийдэг болохыг жишээ аван тайлбарлалаа. Тухайлбал, “Баянтээг” компанийн захирал Н.Ганболдын хууль бус үйлдлийг нь аудитын байгууллагаар шалгаж тогтоосон атал Өвөрхангай аймгийн Төрийн өмчийн газрын даргаар томилсон. Мөн аймгийн Засаг дарга Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар хууль эрх зүйн чиглэлийн мэргэжлийн хүн томилоогүй байсан. Аймгийн Төрийн албаны зөвлөлөөс Засаг дарга Д.Тогтохсүрэнд хандан мэргэжлийн бус хүнээ чөлөөлөхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл өөрчлөлгүй ажиллуулсаар байгаа зэрэг нь албан тушаалаа ашиглан орон нутагтаа хэр дураар авирлаж ашиг сонирхлын зөрчил гаргаж, ар талд нь ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтон ядуурлын төвшин 40 хувьд хүрээд байна гэлээ.