Өвөрхангайн Засаг даргыг АТГ-т өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн Засаг даргыг АТГ-т өгчээ

Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар, дэд дарга И.Мөнхжаргал, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхбаяр нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн хууль бус үйлдлийн талаар мэдээлж, АТГ-т шалгуулах болсноо энэ үеэр мэдэгдсэн юм. Аймгийн АН-аас гаргасан мэдэгдэлд Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан Өвөрхангай аймгийн “Баянтээг” төрийн өмчит ХК-ийн захирал Н.Ганболдын хууль бус үйлдэлтэй хамтрагч болсон эсэхийг шалгаж өгөхийг дурджээ. Цаашид Засаг дарга Д.Тогтохсүрэнг огцруулах хэмжээнд шат дараалсан улс төрийн үйл ажиллагаа явуулна гэлээ.

Хэвлэлийн хуралд оролцогчдын хэлснээр одоогийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нь  аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар сүүлийн найман  жил ажиллаж,  өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэн, их хэмжээний мөнгө завшсан байна. Түүний гэм буруутай үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаар аймгийн хэмжээнд удаа дараа хандаж байсан ч хэдэнтээ хэрэгсэхгүй болж байжээ. Нутгийн иргэд аймгийнхаа Нутгийн захиргааны ордонг Д.Тогтохсүрэнгийн “Өрхийн захиргааны  ордон” гэж нэрлэх болсон гэнэ. Түүнчлэн  Өвөрхангай аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, эдийн засгийн чадавх цаасан дээр 94 хувьтай гарч байгаа хэдий ч ард иргэдийн ядуурал 40 хувьтай байгааг  шүүмжилж байлаа. Тиймээс нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ мэт хууль бус үйлдэлтэй Ардчилсан намын гишүүд, дэмжигчид тэмцэж байгаагаа онцолсон юм.

Мөн Улсын төсвөөс санхүүжүүлэн өнгөрсөн онд тус аймагт бүтээн байгуулсан Өндөр Гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг барихад тэрбум гаруй төгрөгөөс хувьдаа завшсан гэж үзэж байгаа аж. Учир нь анх уг сэрэг дүрийг бүтээхэд зарцуулах ёстой хөрөнгийг бүрэн  зарцуулаагүй, дундаас нь 200 гаруй  сая төгрөг алга болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн олон жил  аймгийн удирдлагыг гартаа атгасан тэрбээр эрх мэдлээ ашиглаж, хууль бус албан тушаалын томилгоо хийсэн гэж үзэж буй юм байна. Үүний нэг жишээ нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар н.Сумъяасүрэнг Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль болоод Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаал түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах журмыг тус тус зөрчсөн гэлээ. Улмаар даргаар томилогдсон н.Сумъяасүрэн нь 10 орчим байцаагчийг ах дүү, танил талаа харж томилсон гэнэ. Мөн аймгийн Байгаль орчны хяналтын нэр бүхий улсын байцаагчид аймгийн 80 жилийн ойг угтсан хандив нэрийн дор н.Сумъяасүрэнгийн хувийн данс, МХГ-ын дансанд үйл ажиллагааг нь зогсооно хэмээн дарамталж, уул уурхайн компаниудаас тус  бүр гурван сая төгрөг цуглуулж, хувьдаа ашигласан талаар хэвлэлийн хуралд оролцогчид ярьж байна. 

Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр мөн тус аймгийн Тарагт сумын Засаг даргын өрөөнөөс 1707-1923 он хүртэл өв уламжилж ирсэн Үйзэн вангийн хошуу ноёдын угсаа залгамжилдаг тамга алга болсон тухай ярив. Гэтэл тус тамгыг  Засаг даргын хүү өрөөнөөс нь авч, бусдад худалдсан гэнэ. Энэ талаар хууль, хяналтын  байгууллагад хандсан боловч сумын үнэлгээний комисс тамгыг 40 мянган төгрөгөөр үнэлж,  улмаар хяналтын прокурор П.Болормаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Тиймээс УЕПГ-т дахин хандаж, хэргийг шалгуулах талаар хүсэлт гаргахаар болсон байна.

Аймгийн хууль, хяналтын байгууллагад албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг шалгаж өгөх талаар ханддаг боловч хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах, хөнгөн гэмт хэрэг болгож, хэрэгсэхгүй болгох зэргээр хариуцлагаас мулталж байсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Тиймээс Өвөрхангай Ардчилсан намынхан тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан АТГ-т  шалгуулах шийдэлд  хүрсэн байна.  

С.Отгонсүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж