Хяналтын комиссын хоёр төлөөлөгч Монголд ирнэ
Тэмцээний бэлтгэл ажлыг шалгах зорилгоор энэ оны сарын 9-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн Оюутны Спортын Холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, Азийн волейболын холбооны техникийн төлөөлөгч, Япон улсын иргэн Ёшихару Нишиваки нар ирнэ.
Тэд тэмцээн болох “Буянт-Ухаа” биеийн тамир, спортын ордон, тэмцээний өмнөх бэлтгэлээ өдөр бүр хангах МУИС, МУБИС зэрэг заалуудаар орж, тамирчидын байрлах зочид буудал, техник хангамж, ажиллах хүч, сайн дурын оюутан-орчуулагч, эмнэлэг, хамгаалалт, соёл урлагийн үйлчилгээ явуулах, нээлт хааалтын ёслолын протокол зэрэгтэй танилцана.
Мөн тэмцээний Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Ламбаа, ЗГХА-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, Волейболын холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн зэрэг албаны хүмүүстэй уулзан тэмцээний бэлтгэл ажил, ЗБХ-ны үйл ажиллагаатай танилцах юм.
Телевизүүд шууд дамжуулах эрх авах саналаа өгч эхэллээ
Тэмцээний үйл ажиллагааг шууд нэвтрүүлэх телевизүүд саналаа ЗБХороонд ирүүлээд байна. Одоогоор оюутны Азийн аваргын тэмцээнийг “Боловсрол суваг” телевиз, “Спорт бокс” телевиз, Ийгл телевиз шууд дамжуулахаар тохирч урьдчилсан реклам сурталчилгаагаа энэхүү 3 телевизээр явуулж эхлээд байна. Олон улсын байгууллагаас тогтоогдсон журмын дагуу эрх авсан телевизүүд ЗБХ-той хамтран эртнээс телевизийн сурталчилгаагаа хийж эхлэн гэрээ байгуулан хамтран ажилладаг ажээ.
Гадаадын тамирчдын визийг хөнгөлөлтэй үнээр олгож байна
Гадаад хэргийн яам, ЗБХороо хамтран тэмцээн оролцох гадаадын орны баг тамирчид, төлөөлөгчдийг визний хураамжыг хөнгөлөн олгож эхлэсэн байна. Мөн ГИХАлба визийг хилийн постууд дээр хөнгөн шуурхай олгох, ХЦУГазар нь баг тамирчдыг хил дээр тусгай шугам гарган үйлчилэх болоод байна.
Тэмцээнд ажиллах сайн дурын оюутнууд сонгогдлоо
Азийн оюутны аваргын тэмцээнийг зохион байгуулахад манай орны Их, Дээд сургуулийн сайн дурын 50 гаруй оюутнуудыг ажиллуулах бөгөөд БСШУЯам , Монголын Оюутны Холбоотой хамтран өнгөрсөн оны 12 сард сонгон шалгаруулжээ.
МУИС, МУБИС, ХИС, Мон-алтиус, оюутнуудаас орчуулагч хөтөч, “Буянт-ухаа” спортын ордон, хэвлэл мэдээллийн төв, нисэх буудал, дотоод хамгаалалт, зочид буудал, соёлын арга хэмжээ, тэмцээний бэлтгэл ажил болон бусад үйлчилгээнд ажиллах бөгөөд тэднийг дадлагажуулах сургалтанд хамруулах ажээ.