Уран гулгалтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол тамирчин оролцож байна. Түүнийг Гансүхийн Марал-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Улаанбаатар хотод 1996 оны тавдугаар сарын 25-нд төрж, бага насаа Монголд өнгөрүүлжээ. Өдгөө 16 настай дунд сургуулийн сурагч охины хувьд дэлхийн аваргын тэмцээнд анх удаа өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн урьдчилсан үзүүлбэрт оролцох үеэрээ Г.Марал-Эрдэнэ 44.2 оноо авч, 34 дүгээр байрт оржээ. Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тэшүүрчин охин одоогоор Японы Нагоя хотод амьдарч байгаа аж. Түүнийг таван нас хүрэх үед эцэг эх нь Японыг зорьсон байна. Тэр үеэс Г.Марал-Эрдэнэ Нагояд амьдрах болжээ. Түүний дасгалжуулагч нь Ёрико Кикегава гэх япон хүн бөгөөд охин өмнө нь Таллины цом болон Балтийн цомын тэмцээнд тус тус оролцож байсан юм. Тэгэхээр олон улсын тэмцээнд оролцож байсан туршлага түүнд бий гэсэн үг. Г.Марал-Эрдэнийн тэшүүрийн хуучин багш нар нь бүгд япон хүмүүс байжээ. Уран гулгалтыг өөрийн хобби болгосон. Тэрбээр 2005 оноос эхлэн тэшүүрийн мэргэжлийн клубт бэлтгэл хийдэг болжээ. Тиймээс сонирхлоо хөгжүүлж, тив дэлхийд Монгол хэмээх нэрийг гаргаж буй нь гайхалтай. Беларусийн нийслэл Минск хотод болж буй уран гулгалтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө. Оролцогчид нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон уран гулгалт, мөсний бүжгийн төрлөөр өрсөлдөж байгаа. Тэшүүрчин охиндоо амжилт хүсэх л үлдлээ.
Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу.
"Улс төрийн тойм" сонин