Улстөрчдийн урлагийн үзлэг

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн урлагийн үзлэг

Цагаан сараар зурагтын суваг болгоноор шахам улс­төрчид гол дүрийг нь бүтээсэн урлагийн тоглолтууд гарлаа. Дуулж, хуурдаж, зарим нь бүр бүжиглэж үзүүлэв. Уртын болон богинын гээд ямар ч төр­лийн дууг гүрээнийхээ судсыг гүрэлзүүлээд л авч өгч байна. Арай л хип хопоор үглэсэнгүй. УИХ-ын гишүүн нэг нөхөр өөрөөсөө гадна эхнэр, хүүхдээ ч урла­гийн номертоо татан орол­цуулсан байсан. Гэр бү­лийн концерторхуу л юм бол­сон.  Өнгөрсөн жил, бүр түүний өмнөх жилүүдэд ч ингэж олноороо урлагийн тог­лолт хийж байсан удаа­гүй санагдана. Харин энэ сар шинийн баяраар бол улстөр­чид хөгшин, залуугүй дуулж хуурдаж өнгөрөөлөө. Сай­хан л юм. Төрийн эрхэм түшээд маань түмнийхээ дунд суучихаад үл ялиг улаа бутар­чихсан, аяны дугараа өргө­хийг харах сайхан л бай­лаа.  Нэр хүндтэй дуучин,  бүжигч­дийн нөхөөсний шахаж, хувцас солих зуур үзэгчдийг уйдаах­гүй байх үүрэгтэй  “Сайн дурын уран сайханч” гэсэн сүржин гуншинтай нө­хөд нэг үе байдаг байсан. Саях­ныг хүртэл шүү. Харин одоо мэр сэр харагдах болсон билээ. Албан ёсоор тайзан дээр зарлахгүй байгаа болохоос сүү­лийн үеийн дуучид дунд ийм уран сайханчид ганц, хоёр бий. Тиймээс “Сайн дурын уран сайханч” хэмээх энэ том орон зайг улстөрчид  овжноор олж харсан юм уу даа. Тийм болохоор урлагийн үзлэг гэмээр зүйлийг тэд хоорондоо эхлүүлжээ. Сонгуулийн шинэ хуулиар мөнгө, бэлэг тараах зэргийг л хориглосон болохоос дуу дуулж, шүлэг уншиж болохгүй гэсэн үг, үсэг байгаа биш. Болж л байна. Гэтэл сүйхээгүй нэгэн ч байна. Зав л гарвал барилга барьдаг нэг гишүүн шинэ хуулиас айгаад сар шинээр тойргийнхоо хөгш­чүүдтэй хадаг ч барьж зол­гож чадсангүй гэж хэвлэ­лээр гоншигоносон байсан. Ан­гийнхан нь урлагийн үзлэг гээд гүйлдээд байхад нүдээ аньж, чихээ таглачихаад хаа­гуур нь харайлгаж явсан нөхөр вэ. Одоо л гэхэд Э.Бат-Үүл, Х.Баттулга нар тун сүрхий мюзикл бэл­дээд завгүй байгаа гэсэн. Нэг нь продюсерлэж, нөгөөх нь тайз будах юм билээ. Сэдэв нь “Хонхны дуу”. Өөрсдийнх нь амьдралаас  холдоогүй са­наа мөн дөө. За, энэ ч яахав. Чуулган завсарласан ч гэлээ урлагийн үзлэг энэ тэрхэнээр өөрсдийгөө сонгуульд идэвх­тэй бэлдэж буй улстөрч­дөд амжилт хүсье. 

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж