Цагаан сараар зурагтын суваг болгоноор шахам улстөрчид гол дүрийг нь бүтээсэн урлагийн тоглолтууд гарлаа. Дуулж, хуурдаж, зарим нь бүр бүжиглэж үзүүлэв. Уртын болон богинын гээд ямар ч төрлийн дууг гүрээнийхээ судсыг гүрэлзүүлээд л авч өгч байна. Арай л хип хопоор үглэсэнгүй. УИХ-ын гишүүн нэг нөхөр өөрөөсөө гадна эхнэр, хүүхдээ ч урлагийн номертоо татан оролцуулсан байсан. Гэр бүлийн концерторхуу л юм болсон. Өнгөрсөн жил, бүр түүний өмнөх жилүүдэд ч ингэж олноороо урлагийн тоглолт хийж байсан удаагүй санагдана. Харин энэ сар шинийн баяраар бол улстөрчид хөгшин, залуугүй дуулж хуурдаж өнгөрөөлөө. Сайхан л юм. Төрийн эрхэм түшээд маань түмнийхээ дунд суучихаад үл ялиг улаа бутарчихсан, аяны дугараа өргөхийг харах сайхан л байлаа. Нэр хүндтэй дуучин, бүжигчдийн нөхөөсний шахаж, хувцас солих зуур үзэгчдийг уйдаахгүй байх үүрэгтэй “Сайн дурын уран сайханч” гэсэн сүржин гуншинтай нөхөд нэг үе байдаг байсан. Саяхныг хүртэл шүү. Харин одоо мэр сэр харагдах болсон билээ. Албан ёсоор тайзан дээр зарлахгүй байгаа болохоос сүүлийн үеийн дуучид дунд ийм уран сайханчид ганц, хоёр бий. Тиймээс “Сайн дурын уран сайханч” хэмээх энэ том орон зайг улстөрчид овжноор олж харсан юм уу даа. Тийм болохоор урлагийн үзлэг гэмээр зүйлийг тэд хоорондоо эхлүүлжээ. Сонгуулийн шинэ хуулиар мөнгө, бэлэг тараах зэргийг л хориглосон болохоос дуу дуулж, шүлэг уншиж болохгүй гэсэн үг, үсэг байгаа биш. Болж л байна. Гэтэл сүйхээгүй нэгэн ч байна. Зав л гарвал барилга барьдаг нэг гишүүн шинэ хуулиас айгаад сар шинээр тойргийнхоо хөгшчүүдтэй хадаг ч барьж золгож чадсангүй гэж хэвлэлээр гоншигоносон байсан. Ангийнхан нь урлагийн үзлэг гээд гүйлдээд байхад нүдээ аньж, чихээ таглачихаад хаагуур нь харайлгаж явсан нөхөр вэ. Одоо л гэхэд Э.Бат-Үүл, Х.Баттулга нар тун сүрхий мюзикл бэлдээд завгүй байгаа гэсэн. Нэг нь продюсерлэж, нөгөөх нь тайз будах юм билээ. Сэдэв нь “Хонхны дуу”. Өөрсдийнх нь амьдралаас холдоогүй санаа мөн дөө. За, энэ ч яахав. Чуулган завсарласан ч гэлээ урлагийн үзлэг энэ тэрхэнээр өөрсдийгөө сонгуульд идэвхтэй бэлдэж буй улстөрчдөд амжилт хүсье.
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин