МАН-д 1921 иргэн гишүүнээр элслээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

МАН-д 1921 иргэн гишүүнээр элслээ

Улстөрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 91 жилийн ой, мөн Эх орончдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдөр МАН-д 1921 иргэн гишүүнээр элсч, намын батлах гардлаа. Ингэснээр тус нам 220 мянган гишүүнтэй болж өргөжлөө. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ “МАН 91 жилийн тэртээ үүсгэн байгуулагдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн төдийгүй ХХ зуунд Монгол Улсаа улс шиг болгож чадсан гавьяатай нам юм. Мөн иргэдээ бичиг үсэгтэй, боловсролтой болгосны зэрэгцээ эрүүл мэндийн шинэ тогтолцоог нэвтрүүлж хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгосон. 1939, 1945, мөн 1945 оны бүх нийтийн санал асуулгаар Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж, 1961 онд улсаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгож бүртгүүлсэн гавьяатай. Ийнхүү МАН түүхэнд тодоос тод мөр тамгалан үлдээсний зэрэгцээ ачааны хүндийг үүрч ирлээ. Ардчилал зах зээлд шилжсэн 22 жилийн 16 жилд нь МАН олонхийн суудал авч улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ бусад улстөрийн нам төлөвшихөд түүхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм” гэлээ.

Мөн тэрбээр МАН-ыг сонгосон гишүүдэд хандан “МАН-д гишүүнээр элсэнэ гэдэг эрх ямба илүү эдлэх биш, илүү ачаа үүрэхээр шийдэж сонголт хийсэн гэж ойлгож байгаа. МАН-д өнгөрсөн жил 50 мянга гаруй иргэн гишүүнээр элсч байсан. Өнөөдөр 1921 иргэн гишүүнээр элсч байна. Улстөрийн ууган хүчин болох МАН өнөөдөр 220 мянган гишүүнтэй болж улам өнөр өтгөн болж байна” гэж тодотгосон юм.

Энэхүү арга хэмжээнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ болон тус намын хариуцлагатай албан тушаалтнууд оролцож, гишүүнээр элссэн залууст батлах гардуулан өгөв. Дээрх арга хэмжээний дараа намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 91 жилийн тэртээ эх орноо харийн түрэмгийллээс үлдэн хөөж, хувьсгалыг эхлүүлж байсан Д.Бодоо, С.Данзан нарын долоон хүн 1921 онд МАН-ыг үүсгэн байгуулж байжээ. Тиймээс энэ өдөр 1921 иргэнийг МАН-д гишүүнээр элсүүлсэн нь тэрхүү түүхт оныг билигдсэн утга агуулгатай аж.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж