Энэ жил Монгол, Төвдийн цагаан сарын шинийн 1 нэг өдөр тохиосон билээ. Харин яг тэр үед Сычуан мужид 18 настай, төвд лам Нангдрол өөрийгөө шатаажээ. Цагаан сарын үеэр Хятадын хууль сахиулагчид болон цэрэг армийнхан Төвд рүү олноороо нэвтэрсэн байна. Бээжингийн эрх баригчид үүнийгээ “Баяр ёслолын үеэр ямар нэгэн эсэргүүцлийн хөдөлгөөн гарахаас болгоомжилж байна” хэмээн тайлбарлажээ. Угтаа бол иймэрхүү шалтаг гарган Төвд дэх ноёрхлоо бат бэх болгохыг хичээж байгаа бололтой.
“Wall Street Journal”-д мэдээлснээр Төвдийн нийслэл Лхаст лам нар орон гэргүй болж, олуулаа нийлж, нэг байшинд амьдрах нь түгээмэл болжээ. Тэнд ердөө л 36 лам өөрийн гэсэн байр, сууцтайгаа хоцорсон байна. Үүний шалтгаан нь Төвдөд очсон хятад цэргүүд лам нарын гэрийг булаан авч, тэндээ байрлаж байгаатай холбоотой юм. Энэ бол Хятадын Засгийн газраас Төвдөд явуулж буй хатуу бодлогын хамгийн наад захын жишээ. Сүүлийн үед төвдүүд үүнийг идэвхтэй эсэргүүцэх болсон. Өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд Хятадын эрх баригчдад дургүйцэж байгаагаа илэрхийлж, Далай ламыг эх орондоо эргэн ирэхийг хүссэн 23 төвд лам өөрийгөө шатааж, зулын гол болжээ. Гэхдээ Хятадын Коммунист намын хэвлэлүүд энэ тухай аль болох нууцалж, амиа алдсан хүмүүсийн тоог багасган мэдээлсээр байна. Тухайлбал, Хятадын “Глобал таймс” сонинд “Төвдүүд цагаан сарын баяраа тэмдэглэхээр завгүй бэлтгэж байна” гэх зэргээр цастын өндрийн ард түмнийг аз жаргалтай байгаа мэтээр дүрслэн бичжээ. Гэвч бодит байдал тийм байсангүй.
Цагаан сарын шинийн 1-нд буюу энэ сарын 22-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны гадаа гурван лам өлсгөлөн зарласан юм. Шинза Ринбүчи, Доржи Гялпо, Дэнзэн нар НҮБ-ын шинжээчдийг Төвдөд аваачихыг хүсэж, Хятадын Засгийн газар төвдүүдийг улс төрийн хоригдол болгон хэрхэн үй олноор нь цөллөгт явуулж байгаа тухай дэлхий нийтэд мэдээлсэн билээ. Өлсгөлөн зарлаж буй лам нар НҮБ-д илгээсэн өргөх бичигтээ “Хятадын эрх баригчид Төвдөд геноцид хийж байна. Үүнийг дэлхий нийт анхаарч хараасай” хэмээн хүсчээ. Тэд бүтэн долоо хоногийн турш өлсгөлөн зарласаар байна. НҮБ-ын зүгээс одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Энэ сарын 10-нд Төвдийн зүүн муж дахь Нангчен хотод 500 орчим төвд хүн оролцсон тайван жагсаал болсон билээ. Тэр үеэр төвдүүд гудамжинд зогсож, ард түмнийхээ төлөө залбирал үйлдэн Далай лам эх орондоо эргэн ирэх тэр өдрийн төлөө тэмцэж байгаагаа илэрхийлж байж. Энэхүү үйл явдлыг харуулсан гурван цаг хагас үргэлжлэх бичлэг “Voice of America” телевизээр цацагдсан юм. Үүний дараа Кейгудо хотод мөн л томоохон жагсаал болжээ. Харин Хятадын хууль сахиулагчид жагсаал болох үед хэнийг ч баривчлаагүй боловч эсэргүүцлийн хөдөлгөөн дууссаны дараа тэнд оролцогчдыг ангуучилж эхэлсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Нангченд болсон жагсаалд голлох үүрэгтэй оролцсон Төвдийн бизнесмэн Дамдинг Чендугийн нисэх онгоцны буудал дээрээс баривчилжээ. Гэвч төвдүүд шантарсангүй. Тэд тэмцсээр байна.
Хятадын Засгийн газар бүх зүйлд Далай ламыг буруутгадаг. “Төвдүүд амиа золиослож байгааг өөгшүүлэн дэмжиж, үүнийг улс төрийн тэмцлийн нэг хэлбэр болгож байгаа хүн бол Далай лам” хэмээн Коммунист намын “Глобал таймс” сонинд тэмдэглэжээ. “Төвдийн эмгэнэл” хэмээх номын зохиогч Тим Жонсон “Оксфордод сурдаг нэгэн хятад оюутан Далай ламыг “Хүний арьс нөмөрсөн чоно” хэмээн тодорхойлж байхыг би харсан. Маш аймшигтай санагдаж байсан. Хятадын Засгийн газар Далай ламд дургүй хэд хэдэн үеийг бий болгож төлөвшүүлсэн” хэмээн онцолсон байна. Гэвч Далай лам Хятадын эрх баригчдын дайралтыг чимээгүйхэн сонсоод өнгөрдөггүй. Тэр эх орныхоо төлөө тэмцэж, Төвдийн ард түмний дуу хоолой болж байна. Далай лам Хятадын эрх баригчидтэй уулзаж, Төвдийг автономит эрхтэй улс болгохын тулд тохиролцохыг удаа дараа хүссэн. Гэвч нөгөө тал нь үүнийг зөвшөөрөөгүй юм. Зулын гол болж байгаа төвд лам ихэвчлэн залуус байгааг энд онцлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Төвдийн залуу үеийнхэн Хятадын Засгийн газрын дарангуйллын эсрэг урьд өмнөхөөсөө илүү түрэмгий арга хэрэглэн тэмцэх болжээ.
“Rangzen Alliance”-ийн шинжээч Кристофер Бесукет “Өөрийгөө шатаасан лам, хандмаа нар энэ үйлдлээрээ дамжуулж нийгэмд маш их цочроо өгнө гэдгээ мэдэж байсан. Иймэрхүү байдал цаашид үргэлжилбэл Хятадад эмх замбараагүй байдал бий болно. Төвд ганцаараа биш. Өөр олон үндэстэн тусгаар тогтнолоо зарлах мөчийг хүлээж, Хятадын өргөн уудам нутагт харьяалагдсаар байгаа” хэмээн дүгнэжээ. Төвдийн Ерөнхий сайд Лувсан Сангай өнгөрсөн долоо хоногт Австралийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Төвдүүд маш тайван замаар тэмцэж байгаа” гэдгийг онцолсон юм. Гэхдээ энэ бүхэн нь тэртээх 1950-аад онд төвдүүдийг хомроголон устгасан шиг үйл явц дахин сэргэхэд хүргэж магадгүй. Муу ёрлож байгаа юм биш. Гэхдээ тэднийг тэмцэж босохоос болгоомжилсон Хятадын эрх баригчид цэргүүдээ Төвд рүү нэвтрүүлж байгаагаас ийн дүгнэж болохоор байна.
Дээрхий гэгээнтэн XIV Далай лам одоогоос хагас зуун жилийн өмнө эх орноосоо дүрвэн гарсан билээ. Хятадын эрх баригчид 1957 онд Төвд рүү цэрэг илгээж, 1.2 сая хүнийг хороосон юм. Түүнээс гадна сум дугануудыг нурааж, алт, мөнгөөр цутгасан үнэт бурхдыг нь Бээжинд аваачиж, удирдагчдыг нь байх суух газаргүй болтол нь туйлдуулж байжээ. Үүнээс болж 23 настай Далай лам 1959 онд Энэтхэг рүү дүрвэсэн юм. Түүнтэй хамт Төвдийн 80 мянган иргэн Дарамсалаг зорьсон гэдэг. Тэр цагаас хойш Төвд үндэстэн хоёр хуваагдав. Одоогийн байдлаар Энэтхэгт 200 мянган орчим төвдүүд бий. Харин Хятадад харьяалагдаж буй Төвд орон 5.6 сая хүн амтай гэх албан ёсны мэдээлэл гарсан. Гэвч энэ тоо хуурамч гэдгийг хүний эрхийг хамгаалах байгууллагууд нотолдог. Түүнээс гадна Мао Зэ Дун 1960-аад онд Төвдийг эзэлснийхээ дараа бүх цэргүүдээ төвд бүсгүйтэй гэрлэхийг тушаасан гэх яриа бий. Үнэхээр тийм бол өнөөдөр энэ орны ард түмэн Хятадад уусан нэгдэхэд тун ойрхон болжээ.
Өдгөө 76 насыг зооглосон XIV Далай лам залгамжлагчаа тодруулахаар яарж байна. Уг нь нас барсных нь дараа хойд дүрийг нь тодруулдаг уламжлал, ёс заншил бий боловч Хятадын эрх баригчдын түрэмгий бодлого үүнийг өөрчилж байх шиг. Төвдийн шашны голлох дөрвөн урсгалын тэргүүн болон гол төлөөлөгч нар оролцсон 11 дэх удаагийн зөвлөлгөөн Дарамсалад саяхан болж өнгөрсөн билээ. Тэр үеэр Далай лам өөрийн хойд дүрийг 90 настайдаа тодруулна хэмээн мэдэгдсэн юм. Тэгэхээр “Балба, Энэтхэг, Монгол, Буриад зэрэг орноос хойд дүр нь тодорно” гэх яриа хэсэгтээ намжих нь.
Саяхан Хятадын хууль сахиулагчид лам нарыг хэрхэн тамлаж байгааг харуулсан бичлэг интернэтэд тавигдсан. Түүнийг магадгүй олон хүн үзсэн байх. Хятадын дарангуйлалд сөхөрч, ядарч туйлдсан төвдүүдийн төлөө Далай лам мэгшиж байна. Харин түүний нулимс цастын өндөрт орших ард түмний итгэл найдварын өчүүхэн оч болон сүүмэлзсээр.
"Улс төрийн тойм" сонин