Монголын нацистууд Гитлерийг шүтдэг

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Монголын нацистууд Гитлерийг шүтдэг

Нацизм буюу үндсэрхэг үзэл. Энэ үг мэдээж фашизмаас тэс ондоо ойлголт. Өнөөдөр дэлхийд эдгээр үгсийг сайнаар дурсаад байх нь ховор. Нийгмийн нэг хэсэг нь эдгээр үзэлтэй залуусыг дэмждэг бол нөгөө хэсэг нь үзэн ядах жишээтэй. Энэ бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.

“Нацистуудын баар үүд хаалгаа нээсэн” гэсэн мэдээлэл гарчээ. Яг ч баар биш пааб юм билээ. Үнэн хэрэгтээ шинээр нээгдээгүй, харин засвар хийж байгаа аж. Азаар бидэнд пааб доторхи үзвэрүүдийн зургийг авч, нацист залуусын нэгэнтэй ярилцах боломж гарсан юм. Тэрбээр өөрийгөө н.Энхтүвшин хэмээн танилцуулсан ба аль бүлэгт хамаардаг эсэхээ тодорхой шалтгааны улмаас нууцлахыг хүссэн юм.

-Танай бүлгэм ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ? /Бүлгэмийн нэрийг тодорхой шалт­гааны улмаас нууцлав/

-Манай бүлгэм ард түмний эрх ашиг, энх тайван, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө “үнэгүй” үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болно. Хүмүүс биднийг янз бүрээр хүлээж авдаг. Гэхдээ ихэнхи нь биднийг дэмждэг. Үндсэрхэг үзэлтэй залуус нэгэн дуу хоолойгоор нэгд­сэн учраас манай бүлгэм гадны тү­рэмгийлэгчдээс улс орноо цэвэрлэх үүрэгтэй ч гэж ойлгож болно.

-Та нар долоо хоногт хэдэн удаа цуглардаг вэ?

-Ер нь манайхтай адил, төстэй гэх үндсэрхэг үзэлтэй залуусын бүлгэм цөөнгүй байдаг. Манай бүлгэм 28 хүнтэй. Сар бүр гишүүдтэйгээ хурал хийдэг. Дотроо найз нөхөд гээд хэд, хэд хуваагдах нь ойлгомжтой. Фракци гэх юм уу даа. Бид долоо хоногт 3-4 удаа уулздаг. Мэдээж уулзахдаа нийгэмд болж бүтэхгүй байгаа юм уу, монгол хүний эрх зөрчигдсөн тохиолдолд тодорхой арга хэмжээ авдаг. Мэдээж бүх зүйл хуулийн дагуу явагддаг. Хар яриагаар бол цагдаа нарын ажлыг хөнгөвчилдөг гэх үү дээ. Гадаадын иргэдэд хяналт тавина. Сар бүр, хоёр долоо хоног эргэж тойрно. Энэ нь бидэнд огтхон ч түвэг болоод байдаггүй. Сайн дураараа хийж байгаа нийгмийн ажил шүү дээ.

-Та нарыг үндэстэн угсаатны хувьд удам угсаагаа цэвэр байлгах гэсэн үүднээс Гитлерийн үзэл санааг шүтдэг гэх юм. Энэ үнэн үү?

-Үүнийг яаж ч ойлгож болно. Хамгийн гол нь бид юу хүсээд байна вэ гэдэгт оршиж байгаа юм. Бид цэвэр ариун монгол цусыг удаан хадгалахыг хүсэж байна. Бас яг Гитлерийн үзэл бодлыг шүтэх нь хаашаа юм. Тэгж буруугаар ойлгож болохгүй. Аль болох эх оронч гэсэн үүднээс биднийг харах хэрэгтэй. Тэгж байж бидний юу хүсээд байгааг ойлгох болно. Харин зарим  бүлгэмийн хүмүүс “Бид А.Гитлерийг биширч хүндэлдэг. Тэр бидэнд үндэстнийхээ дүр төрхийг яаж хадгалж үлдэх талаар зааж үлдээсэн. Бид түүний хэт туйлшрал болон дэлхийн хоёрдугаар дайныг өдөөснийг дэмждэггүй. Түү­ний хийсэн аллагуудыг дэмждэггүй. Харин түүний үзэл санааг дэмждэг. Бид фашизмыг биш харин үндсэрхэг үзлийг дэмждэг”  гэдэг. Энэ нь нэг талаасаа зөв ч юм шиг. Аль аль талаас нь бодолцох л хэрэгтэй дээ.

-Сүүлийн үед солонгосчууд, хятадуудыг ихээхэн айлгадаг гэсэн яриа нийгэмд гарсан. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ. Энэ бүхнийг зарим эрдэмтэн “Хэт үндсэрхэг үзэлтнүүдийн үйлдэл” хэмээн тайлбарладаг?

-Яагаад хэт үндсэрхэг байж бо­лохгүй гэж. Өнөөдөр Монгол орон хятад, солонгосчуудаар дүүрлээ шүү дээ. Тэднийг хэн нэгэн нь дарж байх ёстой. Манай үндэстэн цэвэр цустай байх ёстой. Энэ бол тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Хэрвээ бид хятадууд, солонгосчуудтай хо­лилдож эхлэх юм бол тэд биднийг залгих болно.  

-Үүнийг анти Хятад, Солонгос үзэл гэж тайлбарлаж болох уу?

-Өөрийнхөөрөө л тайлбарла.

-Та нарын өмссөн хувцас ямар утга учиртай юм бэ. Хичнээн төгрөгөөр нэг хувцас хийлгэж өмсөх үү?

-Бид ихэвчлэн хавар, намар зуны улиралд өөрсдийн дүрэмт хувцасаар ганграх дуртай. Өвөл тө­дийлөн тохиромжтой улирал биш. Ерөнхийдөө албаны хувцас гэ­вэл цэргийн гэмээр хар, хар хөх, саа­рал өнгийн хувцас, дүрэмт хувцас өмсөх нь бидний имиж болж өг­дөг. Дулаахан байхад хар өнгийн цамц өмсдөг. Гэхдээ бид өөрсдийн гэсэн хувцасны дизай­нертай. Тэр маань л бидэнд янз бүрийн гоёмсог хувцас хийж өгдөг гэж ойлгож болно. Мөн хувцсан дээрх тэмдгүүд ч өөр өөрсдийн утга, билиг тэмдгийг агуулдаг. Жишээ нь жижиг дөрвөлжин хар өнгийн хас тэмдэг. Энэ нь шударга ёсыг бэлгэшээдэг. Гарандаа зүүсэн улаан хар өнгийн хас ороолго нь үндэстний эрх ашгийг илэрхийлнэ. Үнийн хувьд боломжийн үнэтэй шүү.

-Гараа яг Германы цэргүүд шиг өргөдөг нь ямар учиртай юм бэ?

-Энэ бол А.Гитлерийг шүтэж буйн илэрхийлэл.

-Малгай, үсний засалт, байж байгаа байдал яг л рокууд шиг харагддаг?

-Нэг талаасаа төстэй л дөө. Гэхдээ рок стиль бидний өмсөж зүүж байгаа бүхнээс арай л ондоо гэдгийг удаан байх тусам анзаардаг юм. Стиль, имижийн тал дээр бусдаад онцгой байхыг хичээсээр ирсэн.

-Та хаана ямар сургууль төгссөн вэ?

-Би 2007 онд “Их засаг” их сургуу­лийн маркетингийн ангийг төгссөн. Одоо хувиараа бизнес эрхэлдэг.

-Таны бахархал?

-Товчхондоо монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Гэхдээ зүгээр нэг бахар­хаад зогсохгүй бусдад, нийгэмд үлгэр жишээч байхыг хүссэндээ бү­лэгтээ элссэн гэж ойлгож болно. Бид янз бүрийн хүчир­хийллийн талаар иргэдээс мэдээлэл авдаг. Тэднийг бүгдийг нь зөв, эсвэл буруу гэхийн аргагүй. Бид гомдлын дагуу энд тэнд шалгалт хийдэг. Зочид буудлууд, баар  ресторануудаар явж монгол охид биеэ үнэлээгүй, гад­ныхныг хууль зөрчөөгүй байгаад тодорхой хэмжээний хяналт тавьдаг. Энэ нь бидний нийгэмд үнэгүй оруулж буй хөрөнгө оруулалт.

-Ямар нэгэн газарт шалгалт хийж байхад та нарын өөдөөс эсэргүүцсэн тохиолдол бий юү?

-Байгаа. Байлгүй яах вэ. Гэхдээ тун цөөн. Гэхдээ бид хүч хэрэглэхээс аль болох зайлсхийдэг. Гарцаагүй тохиолдолд л хүч хэрэглэдэг. Үүний­гээ ч баримтжуулдаг.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж