Богд гэгээнтэн тэнгэрт залрав

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Богд гэгээнтэн тэнгэрт залрав

Монголын бурхан шашинтны тэргүүн, IX Богд Жамбалнамдолчойжижанцан ХYII жарны хар усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өглөөний үүр манхайх туулай цаг буюу 06 цагийн орчимд таалал барин, тэнгэрт заларлаа. Буяны учир барилдлага, тэнгэрийн таалал гэдэг ийм байдаг буюу. Луу жилийн бар сарын өдрийн сайн туулай цагт илүү насаар 81-ний сүүдэр зэрэгцсэн цаг дор Халхын IX Богд гэгээнтэн буян хишгээ Монгол нутагт үлдээгээд ийнхүү жанч халахын учир нигууртай байжээ. Бурхан багшийн дүйчин өдрүүдээс хамгийн их бэлгэдэлтэй өлзий ерөөлт шинийн найманд жанч халан, нирваан дүр үзүүлсэн нь ч урьдын их буяны үр гэлтэй.

Түүний лагшин туулай жилийн сүүлээр чилээрхэхэд Энэтхэгт ном буяны мөрд шамдан буй Монголын угсаат хутагт, хувилгаадын хойд дүр есөн залуу Жагарын орноос Улаанбаатарт хүрэлцэн ирж, ном талбин илааршуулж байсан юм. Жалханз хутагт, Гүндүүлин Дацаг ринбүүчи, Манзушир хутагт, Ламын гэгээн, Гүшри хувилгаан, Ханчин ринбүүчи, Гечэн ринбүүчи, Сариадорж номун хан, Дугар зайсан нарын хойд дүрүүд Монголд залран, Богд гэгээний лагшин тэтгэх их ном айлдсанаар тийн гэгээнтэн сар шинийн өмнө түр амирлаад байсан юм.

Наймдугаар Богд Жибзундамба 1923 онд таалал барьснаар Монголын бурхан шашны тэргүүнд Богд гэгээнтэн залардаг асан уламжлал 88 жил тасраад байсныг ор залгаж, IX Богд 2011 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монголчуудын бурхан шашинтны тэргүүнээр залагдсан юм.

Монголын бурхан шашинтны тэргүүн IX Богд Жамбалнамдолчойжижанцан нь  аргын тооллоор 1932 онд Төвдийн нийслэл Лхас хотоос холгүй орших Томсиг хэмээх газарт эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт лагшин мэндэлж бага нас нь Далай багшийн Потала ордны ойролцоо өнгөрчээ.  Түүнийг дөрвөн настай ахуйд  XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн Ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын VIII Богд Жибзүндамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулж, тэр цагаас буян номын мөр улбаалан хөөжээ.

Есдүгээр Богд бээр найман настайдаа Радэн ринбүүчи Түвдэнжамбал-Ишээс гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэрийг авчээ. Долоон настайгаасаа 20 нас хүртэл Төвдийн Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтнийг Үндсэн багшид шүтэж буддын гүн ухаанд суралцсан байна. Хорин настайдаа Төвд дэх өөрийн хийд Жонанпунцаглиндаа буцан морилж, буяны мөрөө үргэлжлүүлжээ.

Жамбалнамдолчойжижанцан  нь 29 нас сүүдэр хүртлээ буюу Дээрхийн гэгээнтэн ХҮ Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин гэх дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалжээ.

Цаг цөвүүрэхийн эрхээр Төвдийн шашин номын тэргүүн зиндааныхан 1950-иад оны сүүлээр нутгаасаа дүрвэхэд Жамбалнамдолчойжижанцан ч 1961 онд Энэтхэг рүү гарч бурхны шашны орон хийд элбэгтэй Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад ээлжлэн оршин суужээ.  Хожим  1991 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын тааллаар Дармасала хотноо заларсан байна.

Түүний дараа жил буюу 1992 онд түүнийг Далай багш түүнийг Халхын наймдугаар Богд Жибзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан мөн болохыг баталгаажуулж, өөрийн мутрын үсэг бүхий батламж бичиг өргөжээ. Есдүгээр Богд түүнээс хойш Дармасала хотод заларсаар 2010 оны наймдугаар сард  Монгол Улсын харъяат болж,  Улаанбаатар хотноо шилжин, жанч халах хүртлээ Монгол газар идээшин суурьшсан юм.

Өнгөрсөн жил Монголын бурхан шашинтны тэргүүнээр залагдсан есдүгээр Богдтон амьд ахуйдаа Монгол нутагт эргэн төрнө хэмээн айлдсан байдаг. Тэр ёсоор түүний хойд дүр бурхны шашин дэлгэрсэн Монгол Улсын нутагт эргэн ирэх болтугай.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж