С.Баярын орон гарч мэдэх Сүхбаатар дүүрэг бол “Ерөнхий сайд”-ын тойрог. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр тус дүүргийнхэн Ерөнхий сайд С.Баярыг угтан авч, УИХ-ын гишүүнээр сонгосон. Тэгвэл тэд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгосон С.Батболдоо ирэх зун Ерөнхий сайд-нэр дэвшигчийн хувиар хүлээн авна. Сонин тохиолдол биш гэж үү. Гэвч сонгуулийн VIP тойрог болох Сүхбаатар дүүрэг өмнө нь гурван мандаттай байсан бол одоо хоёр мандаттай болсон. Улстөрчдийн нүүдэл ч удтал үргэлжлэх нь. УИХ-ын 2004 оны сонгуулиар Сүхбаатар дүүргийн сонгогчид Монголын улс төрийн шинэ дүр төрхийг тодорхойлсон билээ. Өрнө, дорнод боловсрол эзэмшсэн залуусыг тэд төрд илгээсэн нь С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Л.Гантөмөр нар байв. Мэдлэг боловсролтой, бизнесийн салбарт ч, спортын талбарт ч одтой тэдний өмнө төр үүдээ цэлийтэл нээж, хамаг л чухал ажлуудаа даалгах болсон юм. Гэвч УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүн С.Батболд, Ц.Мөнх-Оргил нарт хоёр өөр хувь тавиланг “бэлэглэсэн”. С.Батболдын тухайд намын дарга, Ерөнхий сайдын тамгыг С.Баяраас хүлээн авч, Монгол төрийн гурван өндөрлөгийн нэг болсон бол Ц.Мөнх-Оргил долоодугаар сарын 1-ний хэрэг явдлаас хойш томилгоо, тохиролцооны том тойргоос хасагдсан гэхэд болно. Харин одоо Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой хэн гэгч эрхэм нэг баг болон нэр дэвших нь таавар мэт байна. Зарим улстөрч “Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, “Урбанек”-ийн Б.Лхагважав хоёрын нэг нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвших байх” хэмээн таамаглаж байгаа ч үүнд эргэлзэх хүн олон.
Ардчилсан намаас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхмүүд бараг тодорхой болов. УИХ-ын 2008 оны сонгуулиар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү нар энэ тойрогт нэр дэвшсэн билээ. Том оврын жийпнүүдийг хязгаарлах тухай санаачилга гаргаж, тэр жилийн хавар олны анхаарлыг өөртөө татсан Л.Гантөмөрт сонгогчид дахин итгэл хүлээлгэсэн нь 2008 он. Харин нөгөө хоёрынх нь хувьд, С.Баяр, С.Батболд нарыг ялна гэдэг тийм ч амаргүй байсан нь тодорхой. Үнэхээр ч “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ” гэдэгчлэн Д.Нямхүү энэ удаад тойргоо сольж, Увс нутгийн зүг хүлгийн жолоо залахаар болжээ. Д.Баттулгад даагаа нэхэх хүсэл бий ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд “Нэр дэвшилгүй өнжчих. Миний дэргэд ажилла” гэж хэлсэн гэдэг. Тиймээс Ардчилсан намын удирдлагууд Сүхбаатар дүүрэгт дахин хуваарилалт хийж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр шийдсэн сурагтай. Эрхэм гишүүний хувьд, Ховд аймгаас 2008 онд сонгогдсон ч тойрогтоо нэр хүнд тааруухан байгаа аж. Гэхдээ МҮДН фракци дахин сэргэж буйг намын нөхдөдөө саяхан мэдэгдсэн Р.Амаржаргалд онцлох нэгэн тодотгол бий. Ардчилсан холбоо эвсэл УИХ-д олонхи байх үед тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэгэхээр Ерөнхий сайд С.Батболдтой Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж таарах нь ээ. Л.Гантөмөр бол тойрогтоо дархлагдсан нэгэн. “Ард түмний мөнгийг хэмнэе”, “Цаасан мэндчилгээг цахим мэндчилгээгээр сольё” хэмээн уриалж яваа түүний IQ-г Төрийн тэргүүн үнэлсэн удаатай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн тэргүүнд 41 эрх, хоёр үүрэг, УИХ-ын удирдлага, гишүүдэд 281 эрх, 14 үүрэг, Ерөнхий сайдад 67 эрх, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт 1721 эрх, 264 үүрэг ногджээ. Төрийн нэг эрх мэдэлтэн дунджаар долоон эрх эдэлж, нэг үүрэг хүлээж байхад иргэнийг нэг эрх дагаж долоон үүрэг дарж байна. Төрийн эрх долоодугаар сарын 1 шиг, иргэний эрх нэгдүгээр сарын 7 шиг харагдаж байна” хэмээн УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр тавьсан илтгэлдээ Л.Гантөмөрийн хийсэн гаргалгааг иш татсан нь том PR болсон. Ямартай ч нам өөр ч нэг тойргоос сонгогдсон С.Батболд, Л.Гантөмөр нар ирэх сонгуулиар “Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмний мөнгийг хэмнэхийн аль нь илүү үр дүнтэй вэ” хэмээн мэтгэлцэнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр С.Батболдын танхимын зарим гишүүн болон Ардын намынхны эсрэг хатуухан үгс чулуудах нь ч улам олшров. Аргагүй шүү дээ. Сонгууль эхлэх дөхлөө. Харин Э.Бат-Үүл гишүүн Сэлэнгийн тракторчдоо орхиод нийслэлийн аль тойрогт нэр дэвших бол. “Олны үг ортой” гэдэгчлэн дээрх яриа үнэн бол цөс ихт буриад эр маань С.Баярт ашигтай тохиролцоо хийчихэв үү, яав.
"Улс төрийн тойм" сонин