Тусгаар тогтнолын түүхийг амилуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын түүхийг амилуулав

Цэлийсэн том өрөөнд тааз шүргэм өндөр жаазтай, ганцхан ширхэг зураг. Сүрдмээр, гайхмаар… Зургаан метр урт, 2.3 метр өргөнтэй “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлд олны танил эрхмүүдийн хөрөг багтжээ.

Зураач Р.Батцэнгэлийн Монголын түүхийн сэдвээр бүтээж буй цуврал гурван зургийн хоёр дахь уран зураг нь энэ аж. Тусгаар тогтнолыг түүхийг 90 жил бүтээлцсэн төр нийгмийн удирдлага, энэ түүхийг бичилцсэн хүмүүсийн хөрөг дүрүүд үйл явдлын хамт нүдний өмнө жирийнэ. Зураач уг бүтээлийнхээ зохиомжийн эх өрнөлийг Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Бодоо Ардын намын анхны тамгыг сийлж буйгаар эхлүүлсэн хэмээн нээлтийн үеэр дуулгасан юм. Тэрбээр Их жанжин Сүхбаатарыг морин дэл дээр хувьсгалын төлөө илдээ сугалан, тэмцэж буйгаар, төр, нийгмийн эмэгтэй зүтгэлтний нэг Д.Мөнхөө гуайг эмчийн дүрээр гэхчлэн дүр бүрийг утга агуулга, дүрслэлтэйгээр бүтээжээ. “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлд анхны долоо Ардын намыг байгуулсанаас авахуулан эх орноо харийн дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарласан, НҮБ-д гишүүнээр элссэн, атрын аянууд, бүтээн байгуулалт, соёл шинжлэх ухааны хөгжил үйлдвэржүүлэлт, 1990 оны ардчилсан шинэчлэл, өнөөгийн хууль эрх зүйн болон эдийн засгийн шинэчлэл зэрэг олон үйл явдлыг нэгэн дор ийн амилуулжээ.

Энэ бүтээлээс ХХ зууны монгол төрийн зүтгэлтэн Жамбын Батмөнх,  Ю.Цэдэнбал дарга болон өдгөө төр барилцаж байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүдийг ч төөвггүйхэн олж харж болно. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг төрийн сэнтийд морилсон байдлаар нь энэхүү зургийн голд залсан бол УИХ-ын гишүүн С.Баярыг тариан түрүү тэврүүлэн зурсан байлаа. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гээд Ардын намын энэ цагийн гишүүд түүх тээсэн энэ зурагнаа бүгд бий.

Түүхийг ард түмэн бүтээдэг. Тэгвэл түүхэн үйл явдал, түүхийг тээгч, илэрхийлэгчид нь мөн л ард түмэн, хүмүүс байх учиртай. Өргөн цар хүрээт уран зургийн гол хэллэг, уран сайхны илэрхийлэл,  ялгаа нь ч үүнд оршдог байна. Түүхийн янз бүрийн үе шат, үйл явдлыг оролцогчид, бүтээгчид, гэрчүүдээр нь дамжуулан нэгэн хавтгай дээр дэлгэн харуулахад уран зургийн энэхүү “large scale painting” төрлийн онцлог оршдог ажээ. Энэхүү өргөн цар хүрээт уран зургийн төрөл нь дэлхийд алдартай бөгөөд Тайванийн  гурван зураачийн зурсан “Тэнгэрлэг коментын талаар Дантетай мэтгэлцсэн нь” хэмээх зураг нэлээд шуугиан тарьж байсан юм. Тэрхүү зурагт дэлхийд нэр, алдраа дуурсгасан олон орны алдартнууд багтсан байдаг бөгөөд Монголын Их Эзэн Чингис хаанаас авхуулаад А.Гетлер, Мао Зедун, Альберт Эйнштейн, В.И.Ленин, Чарли Чаплин, Бетховен, Садам Хусейн, Карл Маркс,  хатан хаан Элизавета, Мйкл Жордон, Буш гээд алдар, суутнуудын танил хөрөг зурайдаг. “Тусгаар тогтнолын төлөө-90” жил энэ л зургийг санагдуулж байлаа.

Өчигдөр болсон “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлийн нээлтийн ёслолд энэхүү бүтээлийн эзэн, зураач Р.Батцэнгэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Монгол улсын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар Ж,Гүррагчаа болон төр засгийн удирдлагууд болон уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.

Ерөнхий сайд С.Батболд энэхүү бүтээлийн ёслолын ажиллагааг нээн “МАН 91 жил, эх орончдын ойн баярын мэндийг монголын нийт ард түмэндээ хүргэе. Манай залуу уран бүтээлч намын баяр дээр маань баяр нэмж, уран бүтээлийнг сайхан дээж, уран зургийг толилуулж байгаад би болон манай намынхан түүнд талархал илэрхийлж байна. Манай намын 91 жилийн түүх бол Могнол Улсын хөгжил дэвшлийн түүх, Монгол Улсын тусгаар тогтнолын түүх. МАН ХХ зуунд улс орноо улс шиг улс болгосон түүхэн гавьяатай нам. Ард түмнээ эрүүлжүүлэн, боловсролтой болгож, үйлдвэржүүлж, хоршоожуулсан, хөдөө аж ахуйн орон болгосон гээд энэ улс орноо НҮБ-ын гишүүн болгосон, тусгаар тогтнолоо 1921, 1945, 1949 он гэж дахрлаажуулсан агуу түүхтэй нам. Манай нам, улс орны түүхэн хөгжлийн уялдуулж гаргасан уран зураг банйа гэж бид хүлээн авч баясаж байна. Намын маань үйл хэргийг бүтээлчсэн мянга мянган хүнийг төлөөлүүлэн илэрхийлсэн бүтээл байна. Тиймээс уран бүтээлч Р.Батцэнгэлд намынхаа мянга мянган гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн үг хэлсэн юм.

Нээлтэд хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд энэхүү зургийн талаар ам сайтай байлаа. Тэд өөрсдийгөө болон түүхэн дүрүүдийг уран зургаас шимтэн үзэж байгаа харагдсан шүү. “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлийн хувьд одоогоос хоёр жилийн өмнө МАН-ын 90 жилийн ойг угтуулан эхлүүлж, өчигдөр дуусган нийтэд дэлгэсэн нь энэ аж. Монгол Ардын намын үе үеийн удирдлага, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд гээд 69 түүхэн бодит хүнийг энэхүү бүтээлдээ дүрсэлсэн байна. Зураач Р.Батцэнгэл нь монголын түүхийн чухал гурван сэдвээр триптих-гурвалсан уран бүтээлийг туурвиж байгаагийн хоёр дахь нь ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, ялалт, энэ түүхийг бүтээлцсэн улс төрчид, цэргийн болон нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн авьяастанууд, спортын алдартнууд, эрдэмтэн мэргэдэд зориулагджээ. Тэрбээр эхний томоохон бүтээлээ 2010 онд Ардчилсан хувьсгалын ойд зориулан “Ардчилал-20” нэртэйгээр туурвисан бол гурав дахь бүтээл нь Монголын төрийн 2220 жилийн түүхийг үзүүлсэн том зураг байгаа гэнэ.
 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж