“Н.Энхбаяр, С.Баяр нарыг гэрчээр дуудах эрх бий”

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Н.Энхбаяр, С.Баяр нарыг гэрчээр дуудах эрх бий”

Улсын ерөнхий прокурорын газ­рын хяналтын прокурор Т.Сүх­баатар, Нийслэлийн орлогч проку­рор Ё.Сагсай, Сүхбаатар дүүр­гийн прокурор Г.Бат-Очир, ор­логч прокурор Ш.Одонсүрэн нар өчиг­дөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын­хан өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнав. Тус газраас өнгөр­сөн онд нийт 381 хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээр 341 хэрэг, давж заалдах шатны шүү­хээр 61 хэрэг хэлэлцэн шийтгэх тогтоол, магадлал гарсан байна. Мөн прокурор анхан шатны шүүх хурал­даанд 100 хувь, давж заалдах шат­ны шүүх хуралдаанд 88.5 хувьд нь оролцож санал, дүгнэлтээ гаргажээ. Харин анхан шатны шүүхээс 53, давж заалдах шатны шүүхээс гурав, хяналтын шатны шүүхээс нэг, нийт 57 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт нэг прокурор өдөрт 12 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материал, 15-20 хэрэг тогт­мол хянадаг аж. Энэхүү мэдээл­лийг танилцуулсны дараа нийслэлийн орлогч прокурор Ё.Сагсай, Сүхбаатар дүүргийн проку­рор Г.Бат-Очир нар сэтгүүлч­дийн асуултад хариуллаа.    

-TV9  телевизийн “Детектив” нэвтрүүлгийн чу­хам хэн гэдэг уран бүтээлчид эрүү­гийн хэрэг үүсгэсэн юм бэ. Сэтгүүлчдийг дуудаж байцаа­сан гэсэн. Үнэн үү?

-Бид хэн нэгнийг сэжигтнээр татахыг урьтал болгохгүй байгаа. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан  сэжигтэн, яллагдагчаар татсан явдал байхгүй. Харин зарим хүнээс асууж тодруулах зүйл бий.

-ТВ-9 телевизийн сэтгүүлчид хол­бог­дох хэргийг хэрэгсэхгүй бол­гох тухай гомдлыг өмгөөлөгч нь сар гаруйн өмнө тавьсан гэсэн. Өнөөд­рийг болтол яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ?

-Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Хуулиар ажлын 14 хоногийн дотор өмгөөлөгчийн гомдолд хариу өгдөг. Хэрэв шаард­лагатай бол хугацааг нь 21 хоног сунгаж болдог. Дүүргийн проку­рорын газар хууль зөрчиж хариу өгөхгүй удаасан зүйл байхгүй. Өмгөө­лөгч нь аваагүй бол бичиг хэргээр дамжиж байгаа байх. 

-“Детектив” нэвтрүүлгээс болж нэр төр нь сэвтсэн хэмээн гом­дол гаргасан мөрдөн байцаагч Р.Отгон­жаргал хошууч цолтой. Ийм байтал хошууч цолтой хүн шалгах нь буруу гэж үзэх хүн бий?

-Хошууч цолтой хүний гаргасан гомдлыг ижил цолтой хүн шалгаж болохгүй гэсэн хууль байхгүй. Төрийн өндөр албан тушаалтныг ч дэслэгч цолтой хүн шалгаад явдаг.

Нийслэлийн прокурорын газар 10 хоног тутам мэдээлэл өгдөг. Энэ хүрээнд олны анхаарлыг татаж буй долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой асуудлаар нийслэлийн орлогч прокурор Ё.Сагсай хэвлэлийнхний асуултад ийн хариуллаа.

    
-Цагдаагийн хурандаа нар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гэж үү?

-Өршөөл үзүүлэх тухай хууль гарсны дараа цагдаагийн удирдлагууд “Гэм буруугийн талаар бидэнд ямар нэгэн маргаан байхгүй. Бидэнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн хүсэлтийг гарга­сан. Тиймээс гэм буруугаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Одоо бол тухайн үед өршөөсөн зүйл анги нь хүчингүй болчихсон. Өөр зүйл ан­гиар ял сонсгочихсон байгаа шүү дээ. Тэр зүйл анги нь Өршөөл үзүү­лэх тухай хуульд хамрагдахгүй. Тэгэхээр цагдаагийн удирдлагуудын гэм буруутай эсэхийг шүүх шийд­вэрлэнэ.

-Хурандаа нарын ар гэрийнхэн  “Нэгэнт өршөөгдсөн байхад хэргийг сэргээсэн нь хууль бус” гэж буй. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хурандаа нарыг Эрүүгийн хуу­лийн тусгай ангийн 263 дугаар зүй­лийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллаг­дагчаар татаж, ял сонсгоод мөрдөн байцаалт явуулсан юм. Тэгээд 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөн. Хуульд хөнгөн, хүндэвтэр хэргийг анх удаа үйлдсэн бол өршөөх тухай заасан байдаг. Энэ заалтын дагуу тухайн үед яллагдагчаар татсан зүйл анги нь хүндэвтэр гэмт хэргийнх байсан учраас өршөөсөн. Хохирогчид гом­дол гаргасны дагуу хэргийг Ул­сын ерөнхий прокурорын газраас сэргээ­сэн. Улмаар дахин мөрдөн бай­цаах ажиллагаа явуулж, ялласан. Тэгэ­хээр яллагдагчаар татаж, ял сонсгосон зүйл ангийг хүчингүй болгосон гэсэн үг. Харин одоо Эрүү­гийн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.2 гэдэг өөр зүйл ан­гиар зүйлчилж гэм бурууг шүүхээр ший­дүүлэхээр шилжүүлсэн. 

-Өршөөсөн хэргийг дахин сэр­гээж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуу­лиар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж шалгах эрх Улсын ерөнхий прокурорт бий. Хүний амийг санаатай бүрэлгэсэн хэргийг өөр зүйл ангиар ялласны эцэст өршөөсөн байвал дахин сэргээж шалгахгүй байж болохгүй биз дээ. 

-Цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн “О.Магнай, Ж.Батзан­дан, Б.Жаргалсайхан нарт холбог­дох хэргийг ч дахин сэргээх ёстой” гэж шаардсан?

-Энэ бол тусдаа хэрэг. Тухайн үед зохих журмын дагуу хэрэгсэхгүй бол­госон. Хэрэгсэхгүй болсон нь хууль зүйн үндэслэлтэй учраас сэргээгээгүй гэж ойлгож байна. Харин холбогдох эрх бүхий хүмүүс гомдол гаргаад хянуулах эрх бол бий.
 
-Цагдаагийн удирдлагуудыг цэр­гийн гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв юм уу?

-Шүүх гэм бурууг хэлэлцээгүй бай­­на. Цэргийн гэмт хэргийн субъект болох эсэхийг шүүх шийднэ. Шийд­вэрээ гаргаагүй байхад хэн нэг проку­рор гарч ирээд ийм байх ёстой гэж ярьж болохгүй. Бид эцсийн шийдвэр гаргахгүй.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар хурандаа на­рыг яллаж болохгүй” гэсэн утгатай албан бичгийг Ерөнхий прокурор, Ул­сын ерөнхий прокурорын дэр­гэ­­дэх Мөрдөн байцаах албаны дар­га Б.Галдаа нарт хүргүүлсэн. Ц.Ням­дорж сайдын хэлж байгаа­гаар хуульд байхгүй зүйл анги гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

-Ийм зүйл байхгүй. Эрүүгийн хуу­лийн тусгай ангид 294 дүгээр зүйлийн 294.2 гэсэн зүйл анги хүчин төгөлдөр байгаа. Өмнө нь ч хүчин төгөлдөр байсан. Харин уг зүйл ангиар буруутай эсэхийг нь шүүх шийдвэрлэнэ.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Лүндээ­жанцан, Ц.Мөнх-Оргил нарыг хуран­даа нар гэрчээр дуудлаа. Тэгэ­хээр энэ хэрэгт тэд тодорхой хэмжээ­гээр холбоотой гэсэн үг үү?

-Шаардлагатай хүмүүсээс гэр­чийн мэдүүлэг авсан. Шүүхийн мэтгэлцээнд өмгөөлөх, яллах тал өөр өөрсдийнхөө гэрчийг дууддаг. Яллагдах тал гэр­чээ дуудсан. Шүүг­дэгч, тэдний өмгөө­лөгчид хэнийг ч болов гэрчээр татах эрхтэй.
 
-Долоодугаар сарын 1-ний үймээ­ний хавтаст хэргээс баримт алдагд­сан гэх мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Тийм зүйл байхгүй байх. Хэрэв эрүү­гийн хэргээс баримт материал алга болсон бол Эрүүгийн хуулийн тус­гай ангийн 253 дугаар зүйл ангиар шийт­гүүлэх ёстой. Гэхдээ минийхээр хавтаст хэргээс баримт алга болсон гэдэг нь ташаа мэдээлэл болов уу.

-Хурандаа нарт холбогдох хэр­гийн шүүх хурлыг яагаад хаалттай хийх санал гаргасан юм бол?

-Нээлттэй хийх бололцоогүй гэж ойлгож байгаа. Энэ талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж