-TV9 телевизийн “Детектив” нэвтрүүлгийн чухам хэн гэдэг уран бүтээлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ. Сэтгүүлчдийг дуудаж байцаасан гэсэн. Үнэн үү?
-Бид хэн нэгнийг сэжигтнээр татахыг урьтал болгохгүй байгаа. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татсан явдал байхгүй. Харин зарим хүнээс асууж тодруулах зүйл бий.
-ТВ-9 телевизийн сэтгүүлчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг өмгөөлөгч нь сар гаруйн өмнө тавьсан гэсэн. Өнөөдрийг болтол яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ?
-Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Хуулиар ажлын 14 хоногийн дотор өмгөөлөгчийн гомдолд хариу өгдөг. Хэрэв шаардлагатай бол хугацааг нь 21 хоног сунгаж болдог. Дүүргийн прокурорын газар хууль зөрчиж хариу өгөхгүй удаасан зүйл байхгүй. Өмгөөлөгч нь аваагүй бол бичиг хэргээр дамжиж байгаа байх.
-“Детектив” нэвтрүүлгээс болж нэр төр нь сэвтсэн хэмээн гомдол гаргасан мөрдөн байцаагч Р.Отгонжаргал хошууч цолтой. Ийм байтал хошууч цолтой хүн шалгах нь буруу гэж үзэх хүн бий?
-Хошууч цолтой хүний гаргасан гомдлыг ижил цолтой хүн шалгаж болохгүй гэсэн хууль байхгүй. Төрийн өндөр албан тушаалтныг ч дэслэгч цолтой хүн шалгаад явдаг.
Нийслэлийн прокурорын газар 10 хоног тутам мэдээлэл өгдөг. Энэ хүрээнд олны анхаарлыг татаж буй долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой асуудлаар нийслэлийн орлогч прокурор Ё.Сагсай хэвлэлийнхний асуултад ийн хариуллаа.
-Цагдаагийн хурандаа нар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гэж үү?
-Өршөөл үзүүлэх тухай хууль гарсны дараа цагдаагийн удирдлагууд “Гэм буруугийн талаар бидэнд ямар нэгэн маргаан байхгүй. Бидэнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн хүсэлтийг гаргасан. Тиймээс гэм буруугаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Одоо бол тухайн үед өршөөсөн зүйл анги нь хүчингүй болчихсон. Өөр зүйл ангиар ял сонсгочихсон байгаа шүү дээ. Тэр зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Тэгэхээр цагдаагийн удирдлагуудын гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
-Хурандаа нарын ар гэрийнхэн “Нэгэнт өршөөгдсөн байхад хэргийг сэргээсэн нь хууль бус” гэж буй. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хурандаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгоод мөрдөн байцаалт явуулсан юм. Тэгээд 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөн. Хуульд хөнгөн, хүндэвтэр хэргийг анх удаа үйлдсэн бол өршөөх тухай заасан байдаг. Энэ заалтын дагуу тухайн үед яллагдагчаар татсан зүйл анги нь хүндэвтэр гэмт хэргийнх байсан учраас өршөөсөн. Хохирогчид гомдол гаргасны дагуу хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас сэргээсэн. Улмаар дахин мөрдөн байцаах ажиллагаа явуулж, ялласан. Тэгэхээр яллагдагчаар татаж, ял сонсгосон зүйл ангийг хүчингүй болгосон гэсэн үг. Харин одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.2 гэдэг өөр зүйл ангиар зүйлчилж гэм бурууг шүүхээр шийдүүлэхээр шилжүүлсэн.
-Өршөөсөн хэргийг дахин сэргээж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж шалгах эрх Улсын ерөнхий прокурорт бий. Хүний амийг санаатай бүрэлгэсэн хэргийг өөр зүйл ангиар ялласны эцэст өршөөсөн байвал дахин сэргээж шалгахгүй байж болохгүй биз дээ.
-Цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн “О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг ч дахин сэргээх ёстой” гэж шаардсан?
-Энэ бол тусдаа хэрэг. Тухайн үед зохих журмын дагуу хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болсон нь хууль зүйн үндэслэлтэй учраас сэргээгээгүй гэж ойлгож байна. Харин холбогдох эрх бүхий хүмүүс гомдол гаргаад хянуулах эрх бол бий.
-Цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв юм уу?
-Шүүх гэм бурууг хэлэлцээгүй байна. Цэргийн гэмт хэргийн субъект болох эсэхийг шүүх шийднэ. Шийдвэрээ гаргаагүй байхад хэн нэг прокурор гарч ирээд ийм байх ёстой гэж ярьж болохгүй. Бид эцсийн шийдвэр гаргахгүй.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар хурандаа нарыг яллаж болохгүй” гэсэн утгатай албан бичгийг Ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа нарт хүргүүлсэн. Ц.Нямдорж сайдын хэлж байгаагаар хуульд байхгүй зүйл анги гэдэг нь юу гэсэн үг юм бэ?
-Ийм зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид 294 дүгээр зүйлийн 294.2 гэсэн зүйл анги хүчин төгөлдөр байгаа. Өмнө нь ч хүчин төгөлдөр байсан. Харин уг зүйл ангиар буруутай эсэхийг нь шүүх шийдвэрлэнэ.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг хурандаа нар гэрчээр дуудлаа. Тэгэхээр энэ хэрэгт тэд тодорхой хэмжээгээр холбоотой гэсэн үг үү?
-Шаардлагатай хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Шүүхийн мэтгэлцээнд өмгөөлөх, яллах тал өөр өөрсдийнхөө гэрчийг дууддаг. Яллагдах тал гэрчээ дуудсан. Шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид хэнийг ч болов гэрчээр татах эрхтэй.
-Долоодугаар сарын 1-ний үймээний хавтаст хэргээс баримт алдагдсан гэх мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Тийм зүйл байхгүй байх. Хэрэв эрүүгийн хэргээс баримт материал алга болсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйл ангиар шийтгүүлэх ёстой. Гэхдээ минийхээр хавтаст хэргээс баримт алга болсон гэдэг нь ташаа мэдээлэл болов уу.
-Хурандаа нарт холбогдох хэргийн шүүх хурлыг яагаад хаалттай хийх санал гаргасан юм бол?
-Нээлттэй хийх бололцоогүй гэж ойлгож байгаа. Энэ талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй.
"Улс төрийн тойм" сонин