Хоёрдугаарт, үр хойчоо хар тамхинаас хол байхыг эцэг, эхчүүд үе үеийн захиас болгохыг хүсч байна.
Гуравдугаарт, хар тамхины хэрэгт орооцолдсон бол төрийн өршөөл байхгүй, хууль улам чангарах болно гэдгийг анхаарууллаа.
Хар тамхи бол үндэсний аюулгүй байдал, иргэдийн амар тайван амьдрал, өрх гэрийн аз жаргалыг үгүй болгодог тул Монгол Улсын иргэн бүр энэ аюулаас сэрэмжтэй явах ёстой болж буй юм. Өнөөдрийн байдлаар Афганистан улс дэлхийн хар тамхины хэрэглээний 50 хувийг нийлүүлдэг гэсэн судалгаа байдаг аж. Тэр хэрээр тус улсад гэмт хэрэг газар авсны зэрэгцээ үр хүүхэд нь эцэг, эхээ үзэн ядсан өрх гэрийн аз жаргал үгүй болжээ. Энэ бол улс үндэстэн мөхөл рүүгээ явж байна гэж хэлж болно. Харин Монгол Улс ийм улс орон болохгүйн тулд монгол хүн бүр дор бүрнээ сэрэмжтэй байх ёстойг хэлэлцүүлэгт оролцогсод мөн тэмдэглэж байна. Эрүүгийн цагдаагийн газрын дарга хурандаа С.Ганбатын хэлснээр бол одоо хар тамхины хэрэглээний зах зээл бий болох үе шат эхэлжээ. Энэ бол асуудал хүндэрч байна гэж томъёолж болох аж. Мөн албаны хүмүүсийн тайлбараас харвал хар тамхины хэрэгт холбогдогсдын тоо сүүлийн жилүүдэд өсөх дүр зураг харагдах болсон. Зөвхөн энэ он гарсаар 22 холбогдогчтой дөрвөн хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгаж буй аж. Мөн хар тамхины хэргээр гадаад улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэд нэлээд байгаагийн дийлэнх хэсэг нь урд хөршид баривчлагдан саатуулагдаж ял эдэлж буй ажээ.
Дашрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ юм. Тус уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутан залуусын төлөөлөл оролцлоо. Харин энэхүү арга хэмжээг МҮОНТ, Ийгл, Шууд, SBN телевизүүд шууд дамжуулан үзүүллээ.