BBC Кларксонд хоолойгоо арилжихыг зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

BBC Кларксонд хоолойгоо арилжихыг зөвшөөрсөнгүй

    Фото hooniverse.com
BBC корпорацийг удирддаг BBC Trust компани алдарт Top Gear нэвтрүүлгийн хөтлөгч Жереми Кларксоны автомашины чиглүүлэгч (GPS навигатор) үйлдвэрлэгч TomTom компанитай байгуулсан сурталчилгааны гэрээг “редакцийн бодлого алдагдуулсан” хэмээн үзлээ.

2011 оны зун TomTom Кларксонд машины чиглүүлэгчид зориулж хоолойгоо бичүүлэхийг санал болгожээ. Сурталчилгааны хэлцлийг BBC-гийн арилжааны хэлтэс болох BBC Worldwide-ийн оролцоотойгоор хийсэн байна. Улмаар Кларксоны хоолойтой 50 000 чиглүүлэгч худалдаанд гарчээ.

BBC Trust энэ талаар өнгөрсөн 9 сард гарсан Кларксоны нийтлэлээс олж мэдсэн бөгөөд үүний дараа BBC-гийн ерөнхий захирал Марк Томпсон энэ төслийг зогсоожээ. TomTom чиглүүлэгчийг үргэлжлүүлэн борлуулсаар байсан ч BBC Worldwide өөрт ногдох орлогоо Children in Need хэмээх хүүхдэд туслах буяны санд шилжүүлэх болжээ. BBC Trust мөн сурталчилгааны хэлцлийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ шалгалтын дүгнэлт ёсоор, Кларксон болон BBC Worldwide, редакцийн бодлогыг зөрчсөн нь санаатай биш байсан ч энэ нь BBC-д нийгмийн зүгээс үзүүлдэг итгэлийг ганхуулж болзошгүй байсан хэмээн үзжээ. Top Gear автомашины шоуны хөтлөгч автын бүтээгдэхүүнийг сурталчилсан нь “сонирхлын зөрчил”-д хүргэсэн бөгөөд энэ нь Кларксоны BBC-тэй байгуулсан гэрээг ноцтой байдалд оруулсан гэж BBC Trust онцолсон байна.

Автомашины Top Gear шоу нь өнөөгийнхөө хэлбэрээр 2002 оноос эхлэн BBC-2 сувгаар нэвтэрч байгаа юм. Нэвтрүүлэг BBC-гийн хамгийн амжилттай олон улсын брэндийн нэгд тооцогддог бөгөөд дэлхийн 200 гаруй орны үзэгчид сонирхдог байна. BBC мөн Top Gear брэндийн ном, тоглоом, хувцас, шүдний сойз, тэр бүү хэл, хөнжил зэрэг өргөн хүрээтэй сурталчилгааны бүтээгдэхүүн гаргадаг билээ.


Эх сурвалж:
The Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж