Сүүлийн жилүүдэд атомын цахилгаан
станцын (АЦС) хэвийн ажиллагааны явцад ялгардаг цацраг идэвхийн талаар
олон янзын судалгаа хийгдэж, АЦС хортой, хоргүй гэж маргасаар ирсэн.
Тэгвэл сүүлд хийгдсэн Герман болон Францын эрдэмтдийн судалгаагаар АЦС
хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь баттай тогтоогджээ. Франц эрдэмтдийн International Journal of Cancer сэтгүүлд хэвлүүлсэн судалгааг англи хэл дээр уншихыг хүсвэл http://golomt.org дээр буй энэ линкээр орж үзнэ үү.
Ингээд
хэдхэн хоногийн өмнө The Ecologist сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлийг
орчуулснаа та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр Монголчууд хэдэн тэрбум
долларын зээл авч АЦС барихаар шамдаж байгаа. Бидэнд үр хүүхдийн маань эрүүл мэнд, амь наснаас илүү үнэтэй эрчим хүч хэрэгтэй гэж үү?
Атомын цахилгаан станцын цацраг цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ
2012 оны 2 сарын 15 Бичсэн: Матильда Ли
Их Британий засгийн газрын дэргэдэх
эрдмийн зөвлөлийн судлаачид илрүүлж чадаагүй ч Герман болон Францын
эрдэмтэд АЦС-аас ялгарах цацраг туяаны улмаас бага насны хүүхдийн цусны
хорт хавдрын өвчлөл хоёр дахин ихэсдэгийг судалгааны баримтаар нотолжээ.
Эх сурвалж:
АЦС-ын үйл ажиллагаа болон бага насны
хүүхдийн цусны хорт хавдарын өвчлөлийн талаар судалсан Францын эрдэмтэд
АЦС-аас 5 км-ын радиусын зайд амьдарч буй 5 хүртэлх насны хүүхдүүдийн
дунд хорт хавдрын өвчлөл даруй хоёр дахин их байдгийг олж тогтоожээ.
2012 оны 1-р сард International Journal on Cancer гэх
олон улсын xавдар судлалын сэтгүүлд Францын Institut de
Radioprotection et de Surete Nucleaire (INSERM) гэгч цацраг идэвхи,
цөмийн аюулгүй байдлын асуудал судалдаг хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаа
нийтлэгджээ. Мэдээллээс үзвэл судлаачид 2002–2007 онуудад цусны хорт
хавдраар өвчилсөн Францын нийт хүүхдийн тоо баримтыг авч үзэхдээ тус
улсын 19 АЦС-ын ойролцоо амьдардаг хүүхдүүдийг хаягаар нь кодолж
тусгайлан судалсан байна. Ингэхдээ АЦС-ын ойролцоо амьдардаг хүүхдүүд
цусны хорт хавдраар хоёр дахин их өвчилдөг нь АЦС-аас бодитой
хамааралтай гэдгийг статистик үзүүлэлтүүдээр нотолж чаджээ.
Франц эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа
өмнө нь Германд явагдсан KiKK гэж нэршсэн судалгааны үр дүнг
баталгаажуулж байна. Тэдний нэгэн ижлээр, Германы эрдэмтэд бага насны
хүүхдийн дунд тохиолдох цусны хорт хавдрын өвчлөл нь АЦС-ын ойр хавьд
хоёр дахин өндөр байгааг олж илрүүлсэн бөгөөд АЦС-ын ойролцоо амьдарч
буй хүүхдүүдийн дунд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл 60 хувиар
нэмэгддэг гэсэн нээлт хийжээ. KiKK судалгааны дүгнэлтийг Герман улсын
Цацраг туяанаас хамгаалах төрийн албанаас үнэн зөв хэмээн баталсан юм
байна.
Харин Их Британийн Засгийн газрын дэргэдэх
Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй цацраг идэвхийн
нөлөөллийн асуудлаар зөвлөх Эрдмийн Зөвлөлөөс өнгөрсөн жил гаргасан
тайланд АЦС-аас ялгарах цацраг нь бага насны хүүхдийн цусны хорт хавдар
болон бусад төрлийн хорт хавдаар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлсэн тухай
баттай нотолгоо алга гэж мэдэгджээ. Тус тайланг бэлтгэхдээ 1969-2004
онуудад бүртгэгдсэн Их Британий хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүртгэл
мэдээг ашиглаж, мөн тус улсын 13 АЦС-ын ойролцоо амьдарч буй 5 хүртэлх
насны хүүхдүүдийн өвчлөлийн тухай тоо баримтыг судалсан байна.
Өмнө нь The Ecologist сэтгүүлд ярилцлага
өгөхдөө “АЦС нь бага насны хүүхэд цусны хорт хавдраар өвчлөхтэй
холбоотой” хэмээн дурьдаж байсан Ворвикийн Их Сургуулийн доктор Пол
Дорфман “Герман улсын хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүртгэл мэдээллийн
сангаас зохион байгуулсан статистикийн аргачлал, боловсруулалтын өндөр
чанартай KiKK судалгааны дүгнэлтийг Францын судалгаа дахин нотоллоо” гэж
мэдэгджээ.
Их Британий Эрдмийн зөвлөл KiKK
судалгааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ хорт хавдарыг
цацраг туяанаас бус харин хүн ам холигдсоны улмаас тархсан вирусын
халдвараас үүдсэн гэдэг онол дэвшүүлжээ. Харин доктор Дорфманы хэлж
буйгаар Их Британий Эрдмийн зөвлөлийнхөн ямар нэг вирус илрүүлж чадаагүй
бөгөөд хорт хавдар үүсгэж буй учир шалтгааныг тайлбарлаж чадахгүй
байгаа аж. “Тэд бага насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлд олон янзын
хүчин зүйл нөлөөтэй гэж үзэж байгаа тул одоохондоо зөвхөн онол
дэвшүүлсэн. Ямар ч байлаа гэсэн Эрдмийн Зөвлөлийнхний өгсөн тайлбар нь
хорт хавдар үүсгэгч нь цацраг идэвх байхыг огт үгүйсгээгүй” гэж тэрбээр
ярьжээ.
Доктор Дорфман нь урьд нь тус Зөвлөлийн
нарийн бичгийн албыг хашиж байсан юм. Тэрбээр цааш нь Герман, Английн
Селлафилд хавьд, бас Францын АЦС-ууд орчин тойронд ямар нэг гаж нөлөө
байгаа нь тодорхой. Их Британий Эрдмийн Зөвлөл юу ч гэж мэдэгдсэн АЦС нь
өвчлөлийг шууд үүсгэдэггүй юмаа гэхэд ямар нэг байдлаар холбоотой нь
улам бүр илэрхий болж байна гэж хэлсэн байна.
Их Британий Эрдмийн зөвлөлийн
гишүүн доктор Керри Брумаас энэ талаар тайлбар хүсэхэд 2012 оны 3-р сард
болох ээлжит хуралдаанаараа Францын эрдэмтдийн судалгааг авч хэлэлцэнэ
гэж хариулсан байна.
….
Орчуулсан Амарлин