Жил бүрийн гуравдугаар сарын эхэнд уламжлал болон тогтоод буй Мөсний баяр Хөвсгөл нуур дээр өнөөдөр эхэлж байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Далайн булангийн мөсөн дээр тахтай морьдын уралдаан, чаргатай морьдын уралдаан, мөсний шагай, мөсний сумо, тэшүүрчдийн уралдаан зэрэг олон төрлийн сонирхолтой тэмцээн болох юм.
Мөсөн дээр төмөр тахтай морь уралдуулдаг наадаан Хөвсгөл далайгаас өөр Монголын хаана ч байхгүйг тэндээс үзэж болно. Далайн захад төрсөн унага, далайн эргийн хүүхдүүд толь шиг тунгалаг мөсийг онгилон цацруулж тачигнатал давхидаг эл уралдаан сүүлийн үед гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татдаг болоод буй. Мөн цаатан иргэдийн ахуй, ёс заншилтай танилцах, жинхэнэ дархад бөөгийн буулт зэргийг сонирхож болох юм байна. Мөсний баяр энэ сарын 3 хүртэл үргэлжлэх аж.
Д.ОЮУН