Тавтай сайхан хооллоорой, ”хиймэл хүнс”-ээр

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Тавтай сайхан хооллоорой, ”хиймэл хүнс”-ээр

Чанартай хүнсийг манайхаас, эрүүл хүнс эрүүл хэрэглээ гэх бичиг хүнсний дэлгүүрүүд болон томоохон супер маркетуудын үүдэнд бичээстэй харагдах нь элбэг. Үүнийг уншсан хэн ч уг дэлгүүрээс эрүүл, чанартай хүнс авч хэрэглэж болох нь гэсэн ойлголттой болох нь дамжиггүй. Байгалийн гаралтай цэвэр хүнсээ хэрэглээд  өөр хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авч эрүүл амьдрахыг хэн ч хүсэх нь мэдээж. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр дэлгүүр, зах, бөөний төвүүд 100 хувь баталгаатай цэвэр экологийн хүнсний бүтээгдхүүнүүд зарж байгаа эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Гэхдээ энд элдэв химийн бордоогоор бордсон хүнсийн ногоо төдийхнийг хэлж байгаа хэрэг биш шүү. Болхи хэллэгээр хэлэхэд бүр хиймэл хүнс ч дэлхийгээр дшшрэн байна. Учир нь сүүлийн 10 гаруй жилд биотехнологи эрчимтэй хөгжиж үүнийхээ үр дүнд хувиргасан амьд организм буюу нэгээс нөгөөд ген шилжүүлэн суулгах, генийн инженерчлэлийн аргаар хүнсний бүтээгдэхүүн гаргаж авах нь ихэссэн.  Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүмүүсийн хүнсний хэрэглээ ч ихэсч, түүнийгээ дагаад хоол тэжээлийн хомсдолд орох болсон өнөө үед эдийн засгийн хувьд  өндөр ач тустай энэ бүтээгдэхүүний хэрэглээ нэлээд ихэссэн гэхэд болно.

Тэгвэл “хиймэл хүнс” гэж юуг хэлээд байна вэ? Ерөнхийдөө нэгээс нөгөөд генийг нь шилжүүлэн суулгаад, хурдан хугацаанд боловсруулан гаргаж авсан хүнс гэж хэлэхэд болно. Гэхдээ ийм төрлийн хүнсний бүтээгдхүүний хэрэглээ үнэхээр 100 хувь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гээд батлаад гаргачихсан юм байхгүй гэдгийг эрдэмтэд нотолдог. Тиймдээ ч хувиргасан амьд организмийг аливаа улс орны хилээр тээвэрлэх, оруулж ирэхэд онцгой анхаарч, шаардлагатай шинжилгээ судалгааг хийх ёстой гэдгийг олон улсад ч хүлээн зөшшөөрч, тийм байхыг шаарддаг, бас болгоомжидог.  Харин манай улсын хувьд хувиргасан амьд организмыг судалдаг, шинжилдэг техник тоног төхөөрөмж ч байхгүй, ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүний талаар мэдлэг муу байдгаас энэ төрлийн хүнсийг манайхан хилээрээ ямар нэгэн шинжилгээ хийхгүй оруулдаг гэхэд болно.

Бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд, тэр дундаа өргөн хэрэглээний хүнсний ногоонуудад хувиргасан амьд организм агуулагдаж байгаа эсэхийг хил гаалийн лаборатаори ч тэр, мэргэжлийн хяналтын лаборатори ч тэр аль аль нь шинжлэн тогтоох боломжгүй, теникийн чадамжгүй. Аливаа улс орны хүнсний аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой. Гэвч манай төр засгийн удирлагууд үүнийг хараахан чухалчилж үзэхгүй байгаа мэт. Уг нь манай улсад 2007 онд “Био аюулгүй байдлын үндэсний хороо” гэж байгуулагдсан. Харамсалтай нь, энэхүү сүржин нэртэй хороонд төрөөс ямар нэгэн төсөв мөнгө олгодоггүй, орон тооны ажилтан ч үгүй юм байна.  БНХАУ, АНУ, БНСУ, Канад зэрэг орнуудад хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэж гадны улс орнуудад экспортлодог. Тэгэхээр манайх шиг хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг гадаадын улс орнуудаас экспортлодог улсад уг генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүн багагүй нийлүүлэгддэг гэсэн үг.  Ялангуяа БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас манайд нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд тэр дундаа бэлэн гоймон, чипс, төрөл бүрийн амтлагч, салатуудад хувиргасан амьд организм агуулсан байдаг гэх судалгаа ч байдаг аж. Энэ талаар “Био аюулгүй байдыг хангах үндэсний хороо”-ны мэргэжилтэн, биохимич Ж.Сонормаагаас тодруулахад. “Ер нь манай улсад хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдхүүнүүд бусад улс орнуудын адил багагүй байгаа. Гэхдээ үүнийг шалгадаг, шинжилдэг техник тоног төхөөрөмж байхгүй болохоор судалгаа шинжилгээний ажил явуулахад нэлээд хүндрэлтэй байна. Хувиргасан амьд организмыг судалдаг шинжилж тогтоодог багаж тоног төхөөрөмж нь нэлээд үнэтэй байдаг учраас нэвтрүүлж чадахгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Бид эхний ээлжинд өөрсдийн боломж бололцооныхоо хүрээнд хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн хаяг шошгон дээр хяналт шалгалт хийсэн байгаа. “Номин”, “Скай”, “Миний дэлгүүр”-үүдийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдийн хаяг шошгонд хувиргасан амьд организм агуулсан болон, агуулаагүй эсэхээ хаяг шошгондоо тэмдэглэсэн эсэхийг судалсан. Нийт 162 нэрийн хүнсний бүтээгдхүүний аравт нь хувиргасан амьд организм түүний гаралтай түүхий эд орсон, гуравт нь ороогүй гэсэн дүн гарсан бөгөөд үлдсэн 149 бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь хувиргасан амьд организм, түүний гаралтай байж болзошгүй гэсэн дүн гарсан. Хувиргасан амьд организм, түүний гаралтай хүнсний бүтээгдхүүнүүний шошгон дээр “GMO” гэсэн тэмдэглэгээ байдаг. Харин огт агуулаагүй байгалийн гаралтай бүтээгдхүүний шошгонд “Без GMO” гэсэн тэмдэглэгээ байдаг. Мөн БНХАУ болон Азийн орнуудаас манай улсад орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгийн ихэнх нь тухайн үйлдвэрлэсэн орны хэл дээр, янз бүрийн ханз үсгээр бичигдсэн байдаг. Эдгээрээс харахад манай улсад яг ийм бүтээгдэхүүнд хувиргасан амьд организм орсон, үүнд ороогүй гээд  хэлчихэд их хэцүү байгаа. Гэхдээ цаашид энэ тал дээр нэлээд ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Эхний ээлжинд эдгээр хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгийг нэг стандартад оруулах талаар дэлхий нийтээрээ ярьж байна. Хэрвээ энэ хэрэгжээд ирэх юм бол хил гаалиар оруулж гаргах, иргэд сонголтоо хийхэд ч гэсэн сайнаар нөлөөлөх нь дамжиггүй” гэсэн юм.

Ер нь бол та лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй, таны сонголтын асуудал гэх зарчим үйлчилдэг ч үнэн хэрэгтээ өнөөдөр иргэд мэдээлэл муугаас ямар хүнс хэрэглэж байгаагаа мэдэхгүй, сонголт хийх боломжгүй болж байгаа гэсэн үг. Ер нь олон улсын жишигт ч тэр хувиргасан амьд организм агуулсан, түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг экспортлохдоо тухайн улс орны био аюулгүй байдлыг хангах хороонд мэдэгддэг, тэр газар нь зөвшөөрсөн тохиолдолд л оруулж ирдэг. Харин манай “Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо”-нд өдийг хүртэл ийм хүсэлт ганц ч ирээгүй нь хачирхалтай. Үнэхээр бид бүгдээрээ экологийн цэвэр хүнс хэрэглээд байна уу, гений инженерчлэлийн агаар гаргаж авсан хүнс идээд байна уу. Манай улс 2007 онд “Хувиргасан амьд организмын тухай хууль” гарган баталсан. Тэр хуулинд зааснаар бол  “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гарган авсан, үйлдвэрлэсэн болон ашиглаж буй хувиргасан амьд организм, түүнээс гарган авсан бүтээгдэхүүндээ гарал үүслийн тодорхойлолт, гарал үүслийг тодорхойлсон шошго тэмдэг бүхий тусгай сав, баглаа, боодол хэрэглэнэ” гээд заачихсан байдаг.  Хуулиндаа  тусгайлан заагаад өгчихсөн ч өнөөдөр байдал урьдын адил хэвээр. Хуулинд заасан ч хэрэгждэггүй жишээний нэг нь энэ. Хэн энэ хуулийн хэрэгжилтийг хянах ёстой вэ гэдэг нь ч тодорхойгүй. Гэхдээ иргэн та өөрөө ядахдаа хувиргасан амьд организм хэмээх зүйлийг хэрэглэх эсэх сонголтоо хийж, ядахдаа шошго тэмдэглэгээг нь шалгаж, хэрвээ шошго тэмдэглэгээ хийгээгүй байх юм бол наад зах нь л худалдаалж байгаа дэлгүүр, компаниудынх нь чихнээс хонх уяарай даа. Эсвэл та ”хиймэл хүнс”-ээ, байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж мухар сохроор итгээд, тавтай сайхан хооллоно биз. 

    Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж