Азийн шилдэг эмэгтэй боксчид Монголд цуглана

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Азийн шилдэг эмэгтэй боксчид Монголд цуглана

Зургаа дахь удаагийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 16-26-нд манай улсад зохиогдохоор бэлтгэл ажлаа базааж байна. Ердөө 16 хоногийн дараа болох уг тэмцээнд 17 орны 200 орчим эмэгтэй боксчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ. Тэдний дотроос Хятад, Энэтхэг, Япон, Казахстаны багууд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багийг манай улсруу илгээж байна. Харин манай улсын хувьд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг “Олимп” баазад бэлтгэлээ хийж байгаа юм. Тэмцээнд оролцох эмэгтэйчүүдээс олимпийн жинд өрсөлдөх Б.Нандинцэцэг /51 кг/, Б.Сувд-Эрдэнэ /60 кг/, Э.Ундрам /75 кг/ нар Германд хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх сарын 11-нд эх орондоо ирээд бусад тамирчидтайгаа нэгдэх аж. 10 жинд болох тэмцээнд манай улсын тамирчдаас сорил авч тэндээс шалгарсан боксчидод Азийн аваргад оролцох эрх өгөх юм. Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар AIBA-гаас томилогдсон ерөнхий зохион байгуулагч хатагтай Нийви Имбулденья, Азийн боксын холбооны гүйцэтгэх захирал Азиз нар манай улсад ирсэн байна. Тэмцээний бэлтгэл ажлын талаар Нийви Имбулденьятай цөөн хором ярилцлаа.

-Тэмцээний бэлтгэл ажил хэр байна вэ?

-Буянт-Ухаа дахь Спортын цогцолборт очиж үзлээ. Олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулж болохуйц маш том ордон байна. Миний зүгээс AIBA-гийн дүрэм журамд нийцсэн тэмцээн зохион байгуулаасай гэж хүсэх байна. Түүнээс биш бусдаар бол хэлэх үг алга. Монголын олимпийн боксын холбоо энэ тэмцээнд маш их сэтгэл гаргаж байгаад баяртай байна. Тэмцээнийг Азийн орнуудад цацахаар төлөвлөж байгаа юм билээ.

-Манай улсад болох тэмцээний бэлтгэл ажлыг бусадтай харьцуулахад ямар байна вэ?

-Хэцүү асуулт асуулаа. Юугаараа ялгаатай, онцлогтой гэдгийг хэлэхэд хэцүү байна. Үндэстэн, улс орнууд өөрийн гэсэн ёс заншилтай. Түүндээ тулгуурлаж хийх болов уу гэж бодож байна. Миний зүгээс тэмцээнээ дүрмийн дагуу явуулахыг хүснэ. Тэгвэл бүх зүйл боллоо гэсэн үг. Би үүнд л санаа тавих болно. Мөн Монголын олимпийн боксын холбоо тамирчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Би дүрмийн дагуу л шаардлага тавина. Илүү, дутуу зүйл хэлэхгүй ээ.

-Шилдэг боксчид ирэх үү?

-Багуудын мэдүүлгээс харахад Энэтхэг улсаас нэлээд хүчтэй бүрэлдэхүүн ирэх төлөвтэй байна. Ер нь бол дэлхийн аваргаас медаль хүртэж байсан олон боксчин Азийн аваргад оролцох бололтой. 2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаа учраас Азийн орнууд энэ тэмцээнд их ач холбогдол өгч байна.

-Тэмцээний албан ёсны нээлт хэзээ вэ?

-Хуваарийг харахад 16-наас эхний тамирчид ирэх юм билээ. Тэгээд 19-нд тэмцээн албан ёсны нээлтээ хийгээд эхэлнэ.

Б.Зул

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж