Цахим үнэмлэхийг 6 сарын 21-нд тарааж дуусна

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг 6 сарын 21-нд тарааж дуусна

УИХ-ын
2012 оны ээлжит сонгуу­лиас өмнө иргэний цахим үнэмлэх олгохоор
төлөвлөөд байгаа билээ. Иргэний цахим үнэмлэхний талаархи сүүлийн үеийн
мэдээллийг өчигдөр Улсын бүртгэлийн газрын дэд дарга, даргын үүрэг
гүйцэтгэгч Л.Амарсанаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн
бичгийн дарга Г.Баясгалан нарын хүмүүс өгсөн юм.

Анх 2008 онд
цахим үнэмлэхжүүлэх ажил яригдсан ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй явсаар
2009 онд иргэдийг цахим үнэмлэхтэй болох асуудал шийдэгдсэн. Үүний дагуу
2010 онд иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, гадаад, дотоодод амьдарч
байгаа иргэдээ ч мөн тоолоод амжсан. Энэ тооллогын дүнд Монгол Улс хоёр
сая 700 мянга гаруй иргэнтэй гэсэн дүн гарсан билээ. Монгол Улсын 16 нас
хүрсэн иргэн бүр иргэний үнэмлэхтэй байна гэсэн хуулийн дагуу иргэний
үнэмлэх олгох ажиллагаа үргэлжилж байгаа. Засгийн газрын шийдвэрээр 2011
оны хоёрдугаар улирал буюу долдугаар сарын 1-ний дотор цахим үнэмлэхний
загвар, нууцлал, тодорхойлолтыг хийхээр шийдвэрлэсэн аж. Тодорхой
шалтгааны улмаас энэ хугацаанаас хэдэн сараар хоцорч, 2011 оны
арваннэгдүгээр сард шийдвэрлэсэн байна.

Цахим үнэмлэх олгох
хугацаа таван сарын хугацаагаар хойшилсон шалтгаан нь бэлдэц худалдаж
авах төсвийг 2011 оны төсөвт суулгаагүй байсан гэнэ. Харин дараа нь 2011
оны аравдугаар сарын 28-ний өдөр улсын төсөвт тодотгол хийж 6,5 тэрбум
төгрөг суулгаж өгснөөр бэлдэц үйлдвэрлэх ажиллагаа эхэлсэн байна.
Финлянд улсын бэлдэцийн үйлдвэр нь тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэний
дараа бэлдэцээ хэвлэж эхлэх санал тавьсан учраас төвийн тодотголоор
мөнгө баталж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр төлбөрөө
шилжүүлж, хэвлэх ажил эхэлсэн аж. Мөн бэлдэцүүдийн баталгааг хийгээгүй
байснаас бэлдэц цаг хугацаандаа хэвлэгдэлгүй хойшилсон гэдгийг албаныхан
хэлж байлаа.

Иргэдийг цахим үнэмлэхжүүлэхийн тулд шат
дараатайгаар гурван ажлыг хийх ётой байсан бөгөөд эхний ээлжинд үнэмлэх
хэвлэх тоног төхөөрөмжийг бэлэн болгох ёстой болж, “Бодь электронис”
ХХК-ийн захиалгаар нийлүүлжээ. Дараагийн ажил нь бэлдэц бэлтгэх ажил
байв. Одоогоор бэлдэц татах ажил хийгдэж байгаа юм байна. Иргэний цахим
үнэмлэхний бэлдэцийг Франц улсын “Жамельто” компанийн Финлянд улс дахь
салбарт үйлдвэрлэж байгаа аж. Эхний ээлжний дөрөвдүгээр сарын 3-нд 60
мянган ширхэг бэлдэцийг нийлүүлж, хэвлэлтэд оруулах гэнэ. Улмаар долоо
хоног бүр 100, 200-гаар нийлүүлж, хамгийн сүүлчийн хэсэг болох 439 мянга
495 ширхэг бэлдэж ирснээр хэвлэлт дуусах юм. ирэх дөрөвдүгээр сарын
6-нд анхны 60 мянган бэлдэц, улмаар долоо хоног бүр нэмэгдсэн тоогоор
авахаар тохирчээ. Хоёр талын тохирсноор хамгийн сүүлчийн хэсэг болох 439
495 ширхэг бэлдэцийг зургадугаар сарын 1-нд хүлээн авснаар нөгөө тал
гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх аж. Тэгэхээр ирэх зургадугаар
сарын 11-нд хэвлэж дуусаад мөн сарын 21-н гэхэд хамгийн сүүлчийн цахим
үнэмлэхийг иргэнд олгоно.  Цахим үнэмлэхийг хэвлэсэн өдрөөсөө эхлэн
тараах бөгөөд долоо хоног бүр бэлдэцийг нийлүүлэхээр тус компанитай
гэрээ хийжээ. Бэлдэц ирсэн өдрөөс эхлэн цахим үнэмлэхийг хэвлэж нэг сая
999 мянга 995 ширхэг бэлдэцийг зургаан сарын 11-нд сүүлчийн нийлүүлэлт
хийгдэх аж. Цахим үнэмлэх хэвлэх үйлдвэр нь өдөрт 20 цагаар ажиллаж,
гурван секунд тутамд нэг үнэмлэх буюу өдөрт 48 мянган ширхэг үнэмлэх
хэвлэж гаргах хүчин чадалтай.

Үнэмлэх үйлдвэрлэхээс гадна тараах
ажил байгаа бөгөөд  хэвлэж эхэлсэн өдрөөс эхлэн дүүрэг, хороодод
тараахаар болжээ. Ямартай ч 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө иргэдийн
цахим үнэмлэхийг тарааж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Хэрэв тоног
төхөөрөмж, зарим нэг зүйлд алдаа гарахгүй бол товлосон хугацаандаа цахим
үнэмлэхээ тарааж дуусна гэлээ.

Цахим үнэмлэхний бэлтгэл
ажлын талаар зарим зүйлийг Улсын бүртгэлийн газрын дэд дарга, даргын
үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Цахим үнэмлэх УИХ-ын сонгуулиас өмнө тарааж дуусахгүй, тоног төхөөрөмжид асуудал үүсвэл хариуцлагыг нь хэн хүлээх бэ?

-Бид
аль болох цаг хугацаанд нь хэвлэж дуусгахыг хичээж, ажиллана. Бэлдэц
ирэх сараас ирэхээр шууд хэвлэлтдээ орж эхэлнэ. Ямар нэг асуудал
үүсгэхгүйг хичээж ажиллана. Цахим үнэмлэх хэвлэсэн даруйдаа дүүрэг,
хороогоор нь тараачих учраас иргэд ч гэсэн санаачлагатай байж харьяа
хороо дүүргээсээ очоод цахим үнэмлэхээ авах хэрэгтэй. Бид тараах ажлыг ч
гэсэн эрчимтэй хийхээр төлөвлөсөн.

-Хаягийн зөрчилтэй олон хүн байгаа гэж байсан. Эдгээр хүмүүсийн асуудлыг цахим үнэмлэх хэвлэж дуусахаас өмнө шийдэж амжих уу?

-Хаягийн
зөрчилтөй 40 гаруй мянган хүн бий гэсэн мэдээлэл гараад байгаа. Яг
одоогоор хаягийн зөрчилтэй 17 мянга гаруй иргэн байгаа. Эдгээр иргэд
регистрийн дугаар нь буруу, нэрнийх нь нэг үсэг буруу ч гэдэг юм уу,
үсэг хаягдсан гэх мэт зөрчил байгаа. Дээрээс нь шүүхийн шийдвэр гараад
ял эдэлж буй 2300 орчим хүн байгаа. Эдгээр иргэд нь 2010 оны шинэчилсэн
бүртгэлд хамрагдаж чадаагүй байгаа юм. Энэ асуудлыг хэвлэж дуусахаас
өмнө шийдвэрлэхээр бүх л хүчээ дайчлан ажиллаж байна. Эхний ээлжинд 17
мянган иргэдийн зөрчлийг арилгахаар ажиллаж байна.

-Цахим үнэмлэхийн загварыг өөрчилсөн гэж ярьсан. Одоогийн загвар өмнөх загвар хоёрын ялгаа нь юу вэ?

-Дэлхийн
стандартад нийцсэн элемэнт гэж байдаг. Түүнийг нь бага зэрэг өөрчлөлт
оруулах, мөн загварыг нь өөрчлөх зэрэг өөрчлөлт орсон. Тухайн
үйлдвэрлэгч компани нь туршилтаар хэвлэхэд зарим зүйлийг өөрчлөх хүсэлт
тавьсан байсынг шийдвэрлэх гэж бага зэрэг хугацаа алдсан байгаа. 

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж