“Санхүүгийн эрх чөлөө”-г хэнд зориулав

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Санхүүгийн эрх чөлөө”-г хэнд зориулав

Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл эрхлэгчиддээ боломж олгох үүднээс санхүүгийн эрх чөлөөг дахин нэг удаа олгохоор амлаад буй. Харин үүнийг зарим хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм. Санхүүгийн эрх чөлөө гэж яг юу юм, хэнд ашигтай юм гэдгийг эдийн засагчдаас бусад нь сайн мэдэхгүй байх шиг. Засгийн газраас амалсан энэхүү амлалтыг биелүүлэхэд УИХ-ын зөвшөөрөл хэрэгтэй.  Нягтлан бодох бүртгэлийн  тухай хууль болон зарим нэг татварын хуулиудад өөрчлөлт оруулж, Монголын эдийн засагт далд байгаа мөнгийг ил гаргахыг Засгийн газар хүсч буй. Ингэснээр Монголын эдийн засагт том тэсрэлт болох юм гэсэн.

Эдийн засагчид болоод мэргэжилтнүүдийн томьёолж байгаа “санхүүгийн эрх чөлөө” гэдэг маань энгийн ухагдахуунаар бол улсад тушаах ёстой татвараа төлөөгүй нөхдүүдийн өрийг цайруулах явдал юм билээ. Тиймээс нь  улсад өртэй, татварын асуудалтай нөхдүүд энэ эрх чөлөөг юу юунаас илүү эдлэхийг хүсч байгаа биз. Харин улсад үнэнч шударгаар татвараа төлөөд явж байсан нөхдүүдэд тэгвэл ямар эрх чөлөөг эдлүүлэх юм бэ. Тэд яагаад шударга ажилласныхаа төлөөсөнд хохирох ёстой гэж. Тиймээс улсад өч төчнөөн өртэй байсан нөхдүүдийн толгойг нь илээд ч байгаа юм шиг энэ асуудалд өр ширгүй, татвараа төлөөд явдаг хэсэг нь бол сэтгэл дундуур л байгаа юм билээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн сангаар  сургалтынхаа төлбөрийг даалгуулж, улсад өртэй үлдсэн нөхдүүдийн өрийг цайруулаад тус санд хураагдаад байсан хэдэн мянган дипломыг нь үнэгүй тараагаад өгчихөж билээ. Түүний дараахан нэгэн анд маань ингэх байсан юм бол мөнгөө шударгаар төлөөд суралцсан оюутнууд хохироод үлдэх гэж үү. Энэ ариун ёс мөн үү хэмээн шогшорч суусныг нь санаж байна.

Засгийн газрын түшмэдийн болон эдийн засагчдын ярьж буйгаар санхүүгийн эрх чөлөөг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, татварын өртөнгүүдэд олгохын тулд  Нягтлан бодох бүртгэлийн хуулийг шинэчлэхээс гадна Татварын ерөнхий хууль болон  дагалдах Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль, Онцгой албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд өөрчлөлт оруулах гэсэн. Ингэснээр татварын өрөнд унасан нөхдүүд дарамтнаасаа салж, шинээр төрсөн мэт болох  юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, санхүү, нягтлангийн бүх бүртгэл нь шинээр эхэлж, ингэснээр ил далд орлого нь илэрч, хоёр тайлан гаргадаг үзэгдэл хумигдах юм байх. 

Гэхдээ энэхүү санхүүгийн эрх чөлөөг хэн нэгний буруугаас болоод Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж чадаагүй хохирч үлдсэн түүнээс болоод тэтгэвэртээ гарч чадахгүй байгаа энгийн иргэп хамрагдахгүй нь бололтой. Учир нь Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль нь Татварын ерөнхий хуулиас тусдаа болохоор тэр. Захын наймаачин, цайны газрын тогооч, үсчний хувьд Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан хойно л санхүүгийн эрх чөлөөг гэгчийг эдэлж магадгүй гэсэн. Өмнө нь 2008 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл “Татварын зарим хууль ба Нийгмийн даатгалын шимтгэлийг хэрэгжүүлэх хууль”-д өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалаа төлүүлээгүй байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр болж, үүнд 2700 орчим хүн хамрагдсан. Гэхдээ энэ асуудал өнөөг хүртэл нэг мөр болтол шийдэгдээгүй байгаа гэнэ лээ.Компаниудын төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг цайруулахыг  Үндсэн хуулийн Цэц эсэргүүцсэн шийдвэрийг өнгөрсөн өвөл гаргасан. Тиймээс өмнөх асуудал нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй болохоор ахиад Нийгмийн даатгалын шимтгэлийн хуульд гар дүрэх боломжгүй болчихсон бололтой.

Татварын ерөнхий газраас гаргасан мэдээлэл татвараа төлөөгүй байгаа цөөнгүй компаниуд байгаа юм билээ. Тэдгээр компаниудын жагсаал­тад  уул уурхайн томоохон компанийн нэрс хүр­тэл байгаа гэсэн. Тухайлбал, “Монгол газар” компани  улсад  хоёр тэрбум,”Жамп” компани 8,2 тэрбум төгрөгийн өртэй гэсэн.  Тэд Засгийн газраас амлаад байгаа санхүүгийн эрх чөлөөг  хэзээ олгохыг харин тэсч ядан хүлээж байгаа байх. Хэрвээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон татварын зарим хуульд өөрчлөлт оруулбал, дээрх уул уурхайн компаниудын татварын өр тэглэгдэх  нь тодорхой.

Татварын ерөнхий хууль болон  дагалдах Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль, Онцгой албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар татвараас зугатдаг, бохир тайлан гаргадаг жижиг дунд үйлдвэрүүдийг санхүүгийн зөв бүртгэлтэй, далд орлогыг ил болгосноор эдийн засагт тодорхой ахиц, дэвшил гарна хэмээн ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм. Учир нь нэгдүгээрт, аж ахуйн нэгж санхүүгийн зөв тайлантай болсноор зээл тусламж, хөнгөлөлтөд хамрагдах бүрэн боломжтой болох аж.  Хоёрдугаарт санхүүгийн зөв тайлантай аж ахуйн нэгжүүд төрөөс хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах гарц нээгдэх гэнэ. Гуравдугаарт, улсад төлсөн НӨАТ-ынхаа 50 хувийг буцааж олгосноор аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн  томоохон дэмжлэг болох гэсэн.

Гэхдээ  санхүүгийн эрх чөлөө гээд гоёмсгоор нэрлээд байгаа өр цайруулах энэ явдал үнэндээ хулгайчдад л зориулсан, хулгайчдыг өөгшүүлсэн бэлэг төдийхөн бэлэг битгий байгаасай. Татварын өргүй, шударга ажилласан компаниудад тэгээд ямар нэгэн эрх чөлөөг эдлэх ёсгүй гэж үү. Тэдэнд төр засаг ямар эрх чөлөөг олгохсон бол.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж