Луу жилийн шарвалт ба лидерүүд

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Луу жилийн шарвалт ба лидерүүд

Билгийн тооллоор Баясгалан хэмээгч Луу жил тохиож байгаа нь дорныхны зурхайгаар олон түмэнд ээлтэй хэмээн яригдаж байгаа билээ. Харин дэлхий нийтийн улс төрийн дээд хүрээнийхэнд тэгж их баясаад байхаар цаг хугацаа биш гэхэд болно. Учир нь энэ жил дэлхийн улстөрийн амьдралд багагүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн болон гүйцэтгэхэд хүрч байгаа олон ч улс орны тэргүүн нарын өмнө сонгууль хэмээх сорилт тулж ирчихээд байгаа юм. Бидний хойд хөршийн ерөнхийлөгчийн сонгуулиар В.Путины байр суурь хэрхэн тодорхойлогдохыг магадгүй монголчууд илүү сонирхож байж болох юм.Тэгвэл түүний араас олон улсын харилцаан дахь гол асуудлуудад шийдвэрлэх үүрэгтэй оролцсоор ирсэн Николя Саркози, Махмуд Ахмадинежад, Барак Обама болон Уго Чавес нарын суудалдаа үлдэх эсэхийг ч бас шийдэх цаг мөч энэ онд тохионо. Тэдний хэн нь ч халуухан болж мэдэх улстөрийн сонгуулийн өмнө ямархан хувь заяа хүлээж байгааг урьдчилж таамаглаж тэр бүр зүрхлэхгүй л байгаа гэнэ.

Хамгийн эхний сорилт гэж болох сонгууль бол гурав хоно­гийн дараа Иранд эхлэх тус улсын парламентийн сонгууль юм. Хэдийгээр Ираны одоогийн ерөнхийлөгч Ахмадинежад хүчирхэг засаглалтай, ихээхэн эрх мэдэлтэй гэж байгаа ч энэ сонгуульд нөлөөлөх түү­ний нөлөөлөл бага хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Харин үр дүн нь Ираны ерөн­хий­лөгчийн байр суурийг ган­хуулж мэдэхээр байна. Нөгөө талаар Ахмадинежадийн энэ удаагийн улстөрийн сорилтод ширүүн шүүмжлэгч нь болно гэж үзээд байгаа нууцлаг эрхэм болох тус улсын шашны тэргүүн Аятолла аль-Хомейнийн байр суурь ч бас давхар анхаарал татах болж иржээ. Хэдийгээр Ахмадинежадтай харьцуулахад харьцангуй ардчилсан байр суурьтай гэдэг ч тэрээр Иран болон Сирийн эсрэг барууныхны авч байгаа хориг арга хэмжээг шүүмжилсэн хэвээр байгаа юм. Энэ байдлаас ухаж харвал явж явж Ираны цөмийн байгууламжийг бөмбөгдөхдөө хүрвэл Сири улс ч мөн хамтдаа өртөхөөр байгаа аж. Эцэст нь нефтийн үнэ дэлхийн хэмжээнд хөөрөгдөх тийм үр дүн ч гарч мэдэхээр байна.

Ираны сонгуулийн дараа хоёр хоноод л Оросын Оросын ерөнхийлөгчийн сонгууль эхлэх юм. Гадаадын мэдээллийн хэрэгсэлд тоймлож байгаагаар бол ирэх ням гарагт болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялах нь үндсэндээ тодорхой болжээ. Гэхдээ энэ сонгуулийн үр дүнгийн дараа  Орост урьд өмнө нь тэр бүр гарч байгаагүй эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаал бий болно гэсэн таамаг байна. Иймд өөрийн орны иргэдээ сонгуулийн хөөрлөөс холдуулахын тулд дэлхий нийтийн томоохон асуудалд хандсан чанга дуутай мэдэгдэл хийх аргад В.Путиныг шилжээд байгаа гэж өрнөдийн орнууд хардаж байгаа бололтой. Тухайлбал Сирийн асуудал зэрэг түлхүүр сэдвээр анхаарал татсан байр суурь илэрхийлнэ гэж тэд үзэж байгаа гэнэ. Нөгөө талаар ийм арга нь өөрсдийгөө их гүрний иргэд гэж үзсээр ирсэн оросуудад таалагдах тул магад­гүй хамгийн боломжит “пи-ар” нь ч болох магадлалтай аж.

Мөн Николя Саркози ирэх дөрөвдүгээр сарын 22-д Европын хүчирхэг энэ орны төрийн тэргүүнд дахин суух эсэхээ “шалгуулах” болж бай­на. Энэ удаа түүний гол өр­сөл­­­­дөгчөөр Францын Социа­лист нам болон Зүүний Радикал намын төлөөлөгч болох Франсуа Олланд байх нь нэгэнт тодорхой болоод бай­гаа билээ. Францын төрийн “толгойд” байх хугацаандаа араб эмэг­тэйчүүдийг гивлүүрээ авахыг нь шаардаж, цыган иргэд­ийг албадан гаргах зэргээр “ялгаварлах” үзэгдэл гаргаж байсан одоогийн ерөнхийлөгч Николя Саркозигийн эсрэг Франсуа Олланд багагүй бэлджээ. Түүний гол уриа нь тэгш эрх болон эдийн засгийн шинэчлэл гэж тодорхойлж байгаа юм. Гэвч түүнд бас сул тал гарч ирсэн нь Саркозигийн кампанит ажилд өгөөш бэлдэж өгсөн хэрэг болсон байна. Франсуа Олланд томоохон компаниуд болон банк санхүү­гийн байгууллагууд, ихээхэн баялаг эзэмшигчдээс авах татварыг нэмж, улмаар олон тооны ажлын байр гаргахаар амлаж байгаа аж. Энэ нь Францын санхүү, бизнесийн орчны­хонд тэр бүр таалагдахгүй байгаа бололтой. Мөн үүний зэрэгцээ францчуудын тэтгэвэрт гарах насыг наашлуулан одоо байгаа 62 насыг 60 болгон өөрчлөх зорилготой байгаагаа хэлсэн нь эсэргүүцэлтэй тулгараад байгаа ажээ. Тэгэхдээ Франц улсад ихээхэн нэмэгдээд байгаа ажилгүй залуусын тоог бууруулахын тулд энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй гэж тэрээр хэлж байгаа юм.

Мөн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама ч бас хатуухан өрсөлдөөнтэй учра­хаар төлөвлөж байна. Түүний өрсөл­дөгчөөр Бүгд найрамдах намын­хаа сунгаанд ээлж дараалсан ялалт байгуулсаар байгаа Митт Ромни байх нь бараг тодорхой болжээ. Түүнээс дутуугүй нэгэн төрийн “шилжэлт” бол Хятадын төрийн тэргүүн Ху Жинтао энэ жил халаагаа өгөх явдал юм. Түүний орыг залгамжлах Си Зинпинь саяхан АНУ-д айлчлал хийхдээ өрнөдийнхөнд муугүй “пи-ар”-чин гэдгээ харуулаад авсан билээ. Хэдийгээр Хятадын төрийн тэргүүний энэ өөрчлөлт улстөрийн тайван байдалд болж өнгөрөх нь ойлгомжтой ч дэлхийн тэргүүлэх эдийн засгийн цаашдын бодлого ямар байх нь амин чухал тул хэн бүхний анхаарлыг татаж байгаа хэрэг. Тиймээс Хятадын ирээдүйн “нэгдүгээр хүн” ямар бодлого баримтлах вэ гэдгийг америкчууд тандахыг оролдсон ч амжилтад хүрээгүй бололтой.

Дашрамд хэлэхэд төрийн дээд хэмжээний өөрчлөлт хувирал зөвхөн том гүрнүүдэд ч болоод өнгөрөхгүй бас бусад улс орнуудад ч болох бөгөөд тэдний улстөрийн нөхцөл байдал ч бас дэлхийн хэмжээний тогтвортой байдалд нөлөөлөх тул тоохгүй орхиж болохооргүй байгаа ажээ. Тухайлбал энэ оны тавдугаар сараас Арабын хувьсгалын өлгий болоод байсан Египет улсад, түүний дараахан нь Мексикт, мөн залгаад арав­ду­гаар сард нь Венесуэлд тус улсын төрийн тэргүүн нарыг сонгох болж байгаа юм. Эдгээр орнуудын ерөнхийлөгчийн сон­гууль яагаад сонирхолтой байх учиртай вэ?

Эхлээд Египет. Тахририйн хувьсгалаар Араб даяарыг хувьс­галд уриалан дагуулсан энэ улсын улстөрийн тогтвортой байдал арабчуудад төдийгүй Ойрхи Дорнодод нэн чухал болоод байгаа билээ. Хамгийн гол нь тус улсын улстөрийн ерөнхий хандлага Ойрхи Дорнодын улс төрд тулгуур шүншиг нь болсон исламын шашны урсгалуудын эсрэгцэлд багагүй нөлөөлөхөөр байгаа юм. Дараагийн улсын хувьд Мексик нь хар тамхины наймааны асар их нөлөөлөл доор байсаар байгаа бөгөөд дотоодын засаг­лал нь хүчтэй анхаарал тавихгүй байгаад ялангуяа АНУ болон бусад Америк тивийн орнууд санаа зовсоор байгаа юм. Тиймээс тэд хар тамхины картелуудийн эсрэг хүчтэй тэмцэл явуулж чадах засаглалыг мексикчуудээс хүсч байгаа ажээ.

Харин Венесуэлийн хувьд хөрш Өмнөд Америкийн буурай орнууддаа нөлөө ихтэй байдаг тул төрийн тэргүүн солигдох эсэх нь мөн л анхаарал татаж байгаа билээ. Дээр нь тус улсын одоогийн ерөнхийлөгч Уго Чавес дэлхийн хэмжээнд өөрийн өвөрмөц бодлого, онц­гой “харизмаар”-аа тодорхой байр сууриа эзэлж чадсан нэгэн. Нэгдсэн улсыг шүүмжилж, үндсэндээ бол “Occupy Wall street”-ийн үзэл санааг бараг л анхлан гаргаж ирсэн тэрээр суудалдаа үлдэнэ гэж бат итгэж байгаагаа илэрхийлж бай­сан удаатай. Харин түүнийг туйлширсан үзэлтэйгээ Вене­суэлийн төрөөс холдохыг хүсэгчид ч бас цөөнгүй билээ. Дашрамд дурдахад тийм хүсэл­тэй талынхны зарим хэвлэл дээр гарснаар бол Чавесийн эрүүл мэнд маш муу байгаа аж. Ойрмогхон интернетэд тарсан мэдээллийг үндэслэн мэдээлж байгаагаар бол түүнд нэг жилийн л нас үлдсэн гэнэ. Түүний түрүү булчирхайн хавдар нь шулуун гэдэс болон нугасанд нь тархаж хүнд байдалд оруулж байгаа гэжээ. Түүнийг Куба болон Оросын эмч нар эмчилж байгаа бөгөөд өнгөрөгч ням гарагт Куба улсад очиж бүсэлхийний доод хэсэг дэх хавдраа авахуулахаар хоёр дахь хагалгаандаа орохоор очсон гэж мэдээлж байгаа юм.

Хэдийгээр Уго Чавес өө­рийн эрүүл мэндийн байдлыг тун сайн байгаа гэж байгаа ч түүнийг эмчилж байсан орос эмч нарын куба эмч нартай солилцож байсан цахим захид­лын утгаас харвал туйлын муу байгаа гэнэ. Тиймээс Уго Чавесийн оронд ямар хүнийг байлгах сонирхолтой байгаа талаа­раа Венесуэлийн одоогийн засаглалыг дэмжигч гүрнүүд болох Орос, Хятад болон Иран, Куба улсууд санал хуваагдаад байгаа гэсэн мэдээлэл алдартай Викиликс (Wikileaks) сайтын шинэ “сенсааци”-д дурдагдсан байна. Тэнд мэдээлснээр бол Орос болон Хятадын зүгээс хэрэв Уго Чавез улс орныхоо тэргүүний суудлыг орхивол тус улсын гадаад хэргийн сайд Николаса Мадурог сонгуулах сонирхолтой байгаа хэмээн мэдээлэгджээ. 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж