Энэ томилгоог Ардчилсан намын зүгээс хэт улстөржсөн, улс төрийн томилгоо байсан учраас Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал хүргүүлсэн байна. Мөн хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө улстөржсөн томилгоо хийсэн нь сонгууль будилаантуулах гэсэн санаа гэдгийг Ардчилсан намынхан далд утгаар илэрхийлсэн. Ингэхдээ “Сонгууль будилаантдаг газар бол Иргэний бүртгэлийн газар. Тэгэхэд аливаа агентлагийн даргыг томилохдоо улс төрөөс ангид мэргэшсэн хүнийг томилох ёстой байдаг. Тийм учраас МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг агентлагийн даргаар томилох ёсгүй” гэсэн. Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр хэлэхдээ “Хууль бус томилгоогоо ойрын хугацаанд шийдэж өгөх хэрэгтэй гэдэг саналыг Хууль зүй дотоод хэргийн сайдад хүргүүлсэн. Сонгууль дөхөж байгаа энэ үед Улсын бүртгэлийн газар цахим үнэмлэх хэвлэх, тараах гээд ажил ихтэй байгаа. Тиймээс энэ асуудалд тодорхой хариулт өгөхыг хүсч байна” гэсэн мэдэллийг өгсөн. Харин Хууль зүй дотоод хэргийн яам энэ томилгоог хуулийн дагуу хийгдсэн томилгоо гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас зарим зүйлийг тодруулаа.
-Ардчилсан намын бүлэг УБЕГ-ын даргын томилгоог хууль бус гэж үзэж огцруулах шаардлагыг танай яам, Засгийн газарт тавиад байгаа. Дэд дарга нь байж байхад яагаад томилоогүй юм бэ?
-УБЕГ-ын даргыг томилох ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хууль зөрчсөн, улстөржсөн томилгоо байхгүй. Томилгоог хийхийн тулд Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт авдаг. УБЕГ-ын дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа өмнө нь яам, агентлагуудад ажиллаж байсан туршлагатай, дээрээс нь Төрийн албаны зөвлөлийн нөөцөд байсан хүн. Төрийн албаны зөвлөлийн нөөц гэдэг маань тухайн байгууллагад бүртгэлтэй, ажиллаж байсан туршлагатай хүмүүс байдаг. Төрийн албаны зөвлөл нөөцөд хүн байгаа учраас сонгон шалгаруулалт хийх шаардлагагүй гэж үзсэн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч даргаар ажиллаж байсан н.Эрдэнэбаатар 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Энэ хүн нь УБЕГ-ын дэд дарга байсан Б.Мөнхбаатарыг ажлаа өгснөөс нь хойш түүний үүрэгт ажлыг түр хугацаагаар орлож байсан юм. Тэгээд судалгаа хийж байгаад Л.Амарсанааг дэд даргаар хоёрдугаар сарын 2-нд томилсон.
-Улсын бүртгэлийн газар хоёр дэд даргатай байсан юм уу?
-Тийм ээ. Нэг дэд дарга нь Л.Амарсанаа, Н.Пүрэвдорж гэж хүн байгаа. Энэ хоёр дэд даргаас Хууль зүй дотоод хэргийн сайдын саналаар Засгийн газрын хуралдааны 31-р тогтоолоор томилохыг шийдвэрлэн Л.Амарсанааг даргын түр орлон гүйцэтгэгч, Улсын ерөнхий байцаагчаар хоёрдугаар сарын 8-ны өдрөөс ажиллуулаж байгаа. Улсын ерөнхий байцаагч гэдэг нь энэ албан тушаал эзэнгүй байхаар олон хүмүүст зөвшөөрөл өгдөг, төрсний гэрчилгээ олгодог ажил нь зогсдог юм байна. Тиймээс даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох ажиллагааг яаравчлах шаардлагатай байсан юм. Зөвшөөрөл өгөх, зарим ажил саатах байсан учраас хоёр дэд даргаас нь байгууллагын дүрмийн дагуу томилгоог хийсэн. Түүнээс улстөрийн зорилготой, улстөржсөн ойлголт байхгүй.