Ээлжит бус чуулганд бэлэн үү? | News.MN

Ээлжит бус чуулганд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганд бэлэн үү?

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 1. Билгийн тооллын шинийн 8, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Энэ өдөр хууль цааз батлах, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх болон гэр бүрэхэд сайн өдөр гэж зурхайд буусан байна. Үүнээс гадна энэ өдөр эрх баригч, яруу алдарт МАН 91 насыг зооглож буй юм байна. Тиймээс эхлээд эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсье. Хүмүүний амьдралаар бол энэ нас хөгширч зөнөөд жаахан тиймхэн болчихдог үе. Харин МАН-ын дарга нар үүнийг үл хэрэгсэн төрсөн өдрөө нижгэр тэмдэглэх нь лав. Хэрвээ тус намаас өрх тусгаарлаж, экс дарга Н.Энхбаяраар удирдуулсан МАХН гэж “шавар” гарч ирээд эрх баригч намын “Эх орончдын өдөр”-ийг хөмөрчихгүй л бол шүү дээ. Заримдаа ч эрх барьж байгаа намын гаргаж байгаа бодлого, улс төрийн шийдлүүдийг хараад байхад жаахан зөнөсөн ч юм шиг, марзан ч гэмээр ааш араншин харагдаад байгаа.

Ирэх даваа гаригт буюу дөрөв хоногийн дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Намрын чуулганы төгсгөлд Ардчилсан намын бүлгээс гаргасан саналын дагуу ээлжит бус чуулганыг хуралдуулж, ээлжит чуулганаар хэлэлцэж амжаагүй зарим асуудлаа эцэслэн шийдэхээр болсон билээ. Хэдийгээр чуулган завсарласнаас хойш Төрийн ордон хавиар хүний хөл татарч, эрхэм гишүүд гадаад, дотоодод айлчлаад алга болсон боловч УИХ-ын дарга “Ээлжит бус чуулганыг энэ сарын 5-нд хуралдуулсугай” хэмээн захирамж гаргасан болохоор эрх биш болзсон цагтаа цуглах биз.

Хэлэлцүүлэгт байгаа ч шийдэж амжаагүй олон асуудлын нэг нь Орон нутгийн сонгуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төсөл. Хэрвээ уг хуулийн өөрчлөлтийг баталж чадахгүй бол монголчууд ирэх зургадугаар сард сонгуулиа хийж чадахаа болино. Учир нь, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулахаар заасан боловч хоёр хуульд заасан санал өгөх цагнаас авахуулаад нэр дэвшигчдийг зарлах хугацаа энэ тэр баахан зөрүүтэй байгаа. Уг нь өнгөрөгч арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын сонгуулийн хуультай хамт Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан хэдий ч тухайн үед УИХ дахь МАН-ын бүлэг “Орон нутгийн сонгуулийн хуульд гар хүрэхгүй” гэдэг байр суурьтай байсан тул хуулийн өөрчлөлт хийгдэлгүй үлджээ.

Харин одоо сонгууль хаяанд тулчихаад байгаа энэ үед хоёр нам зөвшилцөлд хүрч Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол ирэх зургадугаар сард хоёр өөр хуулиар нэг өдөр сонгууль явуулах болчихоод байгаа юм. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн хуульд сонгогчдын санал авч дуусах хугацааг 22.00 цагаар тогтоосон бол УИХ-ын сонгуулийн хуулиар 20.00 цагаар хязгаарласан байгаа. Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн авсан саналыг гараар тоолохоор хуульд заасан байхад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн авсан саналыг машинаар тоолно. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа ч гэсэн зөрүүтэй байгаа билээ.

Тиймээс хэрвээ УИХ дахь МАН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийн хууль дээр барьж байгаа байр сууриа өөрчлөхгүй гэвэл ирэх зургадугаар сард болох сонгуулиар орон нутгийн сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг УИХ-ын сонгуулийн тойргийн хэсэг хороодоос тусад нь байгуулж /юун нөгөө төсөв мөнгө хэмнэх байтугай/, сонгогчид хоёр өөр хэсгийн хороон дээр хоёр өөр цагт саналаа өгөх, мөн тэдний өгсөн саналыг нэгийг нь гараар, нөгөөг нь машинаар тоолох болж байгаа юм. Нөгөө нэр дэвшигчдийг бүртгэх цаг хугацаа зөрүүтэй байгаа энэ тэр бол ёстой “яршиг гуай” болж байгаа юм.

Ерөнхийдөө орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг явуулахад нэг удаад 5-10 тэрбум төгрөгийн зардал гаргаж ирсэн юм билээ. Хоёр сонгуулий зэрэг явуулж чадвал энэ хэмжээний мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг. Тэгээд ч хаврыг хаваржин, зуныг зусан УИХ-ын сонгуулиар хийрхэцгээчихээд үргэлжлүүлээд аравдугаар сар хүртэл орон нутгийн сонгуулиар амьс­гална, ажил албаа алдан таваргана гэдэг хаа хаанаа харуусалтай л зүйл. Энэ тохиолдолд сонгуулийн мөчлөгийн дөрвөн жилийн бараг нэг бүтэн жилийг нь монголчууд улс төрийн сонгуульд зориулчихаж байгаа хэрэг. Тиймээс ирэх даваа гаригт хуралдах ёстой ээлжит бус чуулган дээр УИХ дахь МАН-ын бүлэг ямар байр суурь гаргахаас хоёр сонгуулийн хувь заяа, сонгогчдын эрх ашиг шалтгаалах болж байна.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэж шийдэх ёстой дараачийн асуудал нь Шүүхийн тухай багц хуулийн төсөл. Өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа хоёр нам хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан бас нэг асуудал нь хуулийн байгууллагууд буюу шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын шинэчлэлийн асуудал. Энэ чиглэлээр өнгөрсөн гурван жил гаруй хийгдсэн ажлын үр дүн одоо УИХ дээр гацчихаад байгаа билээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай гурван хуулийн төсөл одоо УИХ дээр эхний хэлэлцүүлэг нь хийгдчихээд хүлээгдэж байгаа. Дээрх хуулиудын төслийн хэлэлцүүлгийг явуулахын тулд УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлгийн шахалтад орж, Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай /долдугаар сарын 1-ний хэргээс үүдэлтэй/ УИХ-ын тогтоолын төслийг татаж аван хаврын чуулганд оруулахаар хойшлуулсан боловч Шүүхийн тухай багц хуулийн хэлэлцүүлэг бас л хугацаа хоцроод байгаа билээ. Үүнээс гадна дахиад гурван асуудал ээлжит бус чуулганд тохогдоод байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газрын дарга тоолоод байгаа.

Энэ мэтчилэн ирэх долоо хоногт хуралдах ээлжит бус чуулганаас хүлээх хүлээлт бол маш их байна. Харин тэр хүлээлтийг юугаар хариулах нь УИХ дахь хоёр намын бүлэг, тэр дундаа МАН-ын намын бүлэг, Удирдах зөвлөлийн байр сууриас шалтгаалах болчихоод байна. Яг одоогийн байдлаар УИХ дахь намын бүлгүүд ч, УИХ-ын Тамгын газрынхан ч ээлжит бус чуулганыг хуралдуулах ирцийн асуудалд санаа тавьж эхлээгүй байна. Ямартай ч УИХ-ын дарга урьдчилаад захирамж гаргасан болохоор гишүүд чуулгандаа ирэх байлгүй гэсэн хүлээлттэй. Гэвч цагаа тулахад чуулган байтугай байнгын хорооны 20 гишүүний ирцийг бүрдүүлж чаддаггүй нь манайхны гэм биш зан.

“Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэгчлэн ээлжит бус чуулган зарлуулснаараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч даваа гаригт хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаа ярилцсан, иргэний цахим үнэмлэхийн хэвлэлтийн ажилтай танилцахаар Хууль зүй дотоод хэргийн сайдыг хуралдаандаа оролцуулсан байсан. Харин МАН-ын бүлгийн хувьд ажин түжин, ихэнх гишүүд хөдөө тойрог руугаа явсан мэдээтэй байгаа. Эрхбиш энэ баасан гаригт амжиж Тамгын газар, намын бүлгүүд гишүүдийнхээ ирцийн асуудалд санаа тавих байлгүй гэж найдья.

Б.СЭМҮҮН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2012-03-01 202.72.245.252

Сод монголын луйварчин Анандбазар Дорноговьд сурталчилгаагаа хийгээд луйвраа эхэлчихэж тэр сонгогчдод суурь нь ч баригдаагүй байрны түлхүүр гардуулсан батламж өгч тархийг нь эргүүлээд эхэлсэн байна шүү бусад нам, хөдөлгөөнүүд анхаарлаа хандуулаасай наадах чинь нийслэлийн СХ дүүргээс иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохдоо Баянхушуунаас хотын төв хүртэл хурдан галт тэрэгний зам тавина гэж хуурч байж гарсан луйварчин шүү Монголчууд минь яасан ч хууртаж дуусдаггүй юм бэ тэр байрны батламж авсан хүмүүс минь сонгуулийн өмнө байр авах гэрээгээ хийж нотариатаар батлуулая гэж шахаад үзээрэй яг хийж харагдаач Дорноговьчууд нутгийнхан минь бүү хууртаарай

Avatar

Зочин 2012-03-01 202.72.245.252

МАН муу муухай болгоноо аваад луу жилд Монголын улс төрөөс зайлах болтугай ТАЗ сонгон шалгаруулалт гэж жүжиг тавихаа больцгоо хэнийг хуурах гээд байгаа юм

Avatar

Зочин 2012-03-01 180.149.65.162

Ene tsahim unemlehiig bol albaar budliantuulj bnaa, Anh Terguun shadariin buren erhiin ajil baisan bolovch UBEG-iin darga bsan Monkhbaatar n devshiheer ajlaa ogood daraa AN zasgaas garsnii daraa orlogchoor n ajillaj bsan Enkhbaatar geed zaluug zugeer l ajlaa hiij baihad MAN-ii Udirdlagaas ajlaa og gej utasdaad l orond n darga ded dargiin uureg guitsetgegcheer Man-ii nariin bichgiin darga baisan nohriig hucheer tavichij bh ymaa!

Avatar

irgen 2012-03-01 203.160.55.44

MAHN 32 myangan irgenee buudaj alchihaad youn eh oronchdyn bayar temdeglehgeed baigaa yom be? ard tumneesee uuchlal guigaachee?

Avatar

irgen 2012-03-01 203.160.55.44

MAHN 32 myangan irgenee buudaj alchihaad youn eh oronchdyn bayar temdeglehgeed baigaa yom be? ard tumneesee uuchlal guigaachee?

Avatar

иргэн 2012-03-01 202.179.10.150

УИХ-ын сонгуулийн хуультай цуг хэлцчих ёстой байсан орон нутгийн сонгуулийн хуулийг МАН зориуд үлдээсэн,ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэдэн жилээр уяж байгаа энэ нам ёстой сөнөхдөө таарсан нам,байнга асуудлыг ужигруулж зөв зүйтэй юмыг болохгүй талруу нь ярьдаг ёстой газрын хөрснөөс арчвал таарах нам мөн болждээ,суурин дээр нь өөдрөг зөв үзэл бодолтой гэгээлэг хүмүүсээр бүрдсэн шинэ нам байгуулвал би ч элсэхэд бэлэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж