Ж.Баярбаатар: Чанартай кино хийх амаргүй

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Ж.Баярбаатар: Чанартай кино хийх амаргүй

“National Film” продакшны бүтээсэн “Миний ахын эхнэр” уянгын, инээдмийн кино нээлтээ хийгээд удаагүй байна. Өдгөө “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт гарч байгаа тус кино үзэгчдэд ихэд таалагдаж буй. Сүүлийн үед гарсан чанаргүй олон монгол кино дундаас “Миний ахын эхнэр” ялгарч чадсан. Ингээд тус киноны зохиолыг бичсэн, “National Film” продакшны найруулагч Ж.Баярбаатартай ярилцсанаа хүргэе.

-“Миний ахын эхнэр” кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна. Зохиолыг нь бичих санаа хэзээ төрсөн бэ?

-Манай “National Film” продакшны уран бүтээлчид 2010 оны намар залуучуудад зориулсан, тэдний хайр дурлалын тухай кино хийхээр ярилцаж, сэдвээ хайсан. Залуучууд бүрэг ичимхий зангаасаа болоод ч тэр үү амьдралын ханьтайгаа хожуу учирч байгаа. Бид ярилцаад үүнийг киноныхоо сэдэв болгосон. Найруулагч Д.Амараа бид хоёр энэ санаан дээрээ тулгуурлаж киноны зохиолыг бичсэн дээ. Зохиолоо 2010 оны намар эхэлж, дараа жилийнх нь хавар дуусгасан. Бид яаран сандран дутуу юм хийхийг хүсээгүй.

-Зургаа хэзээ авсан бэ?

-Зохиолоо хамт олондоо танилцуулахад сайхан хүлээж авсан. Тэгээд зургаа 2011 оны зун авсан. Кино маань театруудаар гараад эхэллээ. Уран бүтээлчид бүтээлээ үзэгчдийн дунд суугаад үзэх их хэцүү байдаг юм. Харин үзэгчид их сайхан хүлээн авсанд их баярлаж байна. Гэр бүлийнхэн, найз нөхөд, танихгүй хүмүүс ч баяр хүргэж байгаад их урам орж байна.

-Киногоороо дамжуулж юу өгүүлэхийг зорьсон бэ?

-Италийн нэг онигоо байдаг юм. Талбай дээр байрлах гэгээнтний хөшөөн дээр нэг гуйлгачин өдөр бүр ирж, “Намайг саятан болгоод өгөөч” гэж залбирдаг. Энэ явдал олон жил үргэлжилжээ. Тэр гуйлгачныг нэг өдөр мөргөж мөргөж явсны дараа хөшөө “Ёооё. Чи ядаж сугалаагаа авчих л даа” гэж хэлсэн гэдэг. Яг түүн шиг гэр, ажил дээрээ ширээний ард сууж байгаа хүн хайраа, амьдралын ханиа олно гэдэг хэцүү. Хүн өөрөө хайж, хайрынхаа төлөө зүтгэх хэрэгтэй. Хэн ч гэсэн амьдралын төлөө тэмцэх ёстой. Бид залуучууддаа энэ санааг киногоороо дамжуулж хүргэхийг зорьсон юм.

-Энэ таны хэд дэх бүтээл вэ?

-Бүрэн хэмжээний уран сайхны дөрөв дэх кино. “Зах хязгааргүй ээдрээ”, “Нэгэн нарны дор” гэсэн тус бүр 26 ангитай хоёр кинонд найруулагчаар ажилласан. Миний үндсэн мэргэжил найруулагч.

-Нууц биш бол “Миний ахын эхнэр” кино ямархуу зардлаар бүтсэн бэ?

-Үүнийг манай продюсер сайн мэдэж байгаа. Киноны зардал дуусаагүй байна. Одоо ч маркетинг, сур­талчилгаанд зарцуулж л бай­гаа. Продюсер маань бидэнд ямар нэгэн цаг хугацаа, санхүүд хавчигдалгүй чанартай уран бүтээл хийх боломж бүрдүүлж өгсөн. Тийм ч учраас киногоо харьцангуй урт хугацаанд бүтээлээ.

-Хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?

-Бид жүжигчдийн сонголт дээр их ажилласан. Гурван өөр зан ааштай хэрнээ нэгдсэн нэг сэтгэлзүйтэй дүрд тоглох жүжигчин сонгох амар байгаагүй. Гол дүрийн бүсгүй Золзаяад тоглосон Болорбайгалийг нэлээн хайж байж олсон. Нэгдүгээрт зохио­лын дүрд гадна талаасаа тохирох, хоёр­дугаарт өөрөөрөө амьдарч чадах хүнийг сонгохыг хичээсэн.

Бид аавын дүрд ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайг яг тохирно гэж үзсэн. Г.Мягмарнаран гуай ч бидний урилгыг дуртай хүлээн авсан. Зохиолоо өгчихөөд хэд хоногийн дараа очиход жинхэнэ асчихсан бай­сан даа (инээв). Уран бүтээлч хүний санаанд энэ хэсэгт ингэж тоглоно гэсэн бодол төрж, мэд­рэмжүүд нь бий болдог шүү дээ. Г.Мягмарнаран гуай яг л тийм болчихоод хүлээж байсан. Бид хүссэн жүжигчдээ олж чадсан, сонголтдоо сэтгэл хангалуун байгаа.

-Кино үзэж байхад надад ийм бодол төрсөн. Залуу жүжигчдэд боломж олгож, улиг болсон хэдээс татгалзсан юм шиг санагдсан?

-Ер нь бол зохиолч, найруулагчид ийм зүйл дээр их болгоомжтой хандах хэрэгтэй. Жишээлбэл, монголчууд бид “Кавказад болсон явдал”, “Ы ажиллагаа”, “Шурикт тохиолдсон явдал” киноны Шурикт тоглосон Александр Демьяненко гэж жүжигчнийг сайн мэднэ. Түүнийг өөр кионод тоглосон ч үзэгчид зөвхөн Шурикээр нь хүлээж авдаг. Бид өмнөх дүрээ хэтэрхий сайн гаргасан жүжигчдээс тат­галзсан. Түүнээс нь давж гарна гэдэг амаргүй шүү дээ.

Жүжигчин тухайн дүрдээ тохирдог байж болох ч өөрийгөө өөрчилж байх хэрэгтэй. Найруу­лагчид жүжигчдийн гад­на талтай нь их ажиллаад, зөвхөн нэг хэвийн дүр сонгоод байдаг. Үүнийг амарчилж байна гэж хэлдэг. Зарим жүжигчин хүмүүст зөвхөн аальгүй хүүхэн, ааштай авгай, хадам ээж, эсвэл архичин мэтээр төсөөлөгддөг. Тэд энэ дүрдээ тоглосоор байгаад нэг хэв загварт ордог. Түүнээсээ өөр дүрд тоглож чадахгүй, хэл үг нь ч тийм болчихдог шүү дээ. Бид иймэрхүү зүйлээс зугтаахыг хичээснээс гадна шинэ залуу жүжигчдийг нээж гаргахыг зорьсон.

-Ардын жүжигчин Г.Мяг­мар­наран, гавьяат жүжиг­чин Г.Урнаа, соёлын тэргүүний ажилтан С.Эрдэнэчимэг нарын туршлагатай жүжиг­чид гол дүрд тоглоогүй ч киног амилуулахад их үүрэг гүйцэтгэсэн шиг санагдсан?

-Тэгэлгүй яах вэ. Турш­лагатай, чадвартай жүжиг­чид залуу­чуудад маш их түшиг болдог. Гэр бүлээрээ явж бэр гуйх гэсэн ч бүтэлгүйтдэг шүү дээ. Тэр үед Г.Мягмарнаран гуай нэг санаа алдаад гурван хүүгээ гуниг­тайгаар тойруулж хардаг. Тэгэхэд хүүхдүүдийн авалт хүртэл шал өөр болж, тэр гурваас гадна зураг авч байгаа бидний сэтгэл хүртэл эвгүй болсон. Туршлагатай жүжигчид нүдний харц, санаа алдалт, үйл хөдлөл, хөдөлгөөнөөрөө өгөлтийг хийдэг. Үүнийг нь манай залуучууд маш сайн авч чадсан. Киноны багийнхан энэ айлын гэр бүл дэх зургийг түрүүлж авсан юм. Ингэснээр гэр бүлийн уур амьсгалыг хамгийн түрүүнд бий болгож чадсан.

-“National Film” продакшн хэзээ байгуулагдсан юм бэ?

-“GS Film” продакшн, “Сүүдэр ший” студи, “Арслан” театр нэгдэж, “National Film” продакшныг өнгөрсөн жил байгуул­сан. Өдгөө Монголд 500 гаруй жижиг студи, продакшн бий. Одоо нэг жижиг өрөөнд компьютер, камер тавьчихаад чанартай кино хийнэ гэдэг хэцүү. Иймэрхүү нэгдэх явц сүүлийн жилүүдэд Монголд их ажиглагдаж байгаа. Нэгдэж, томорсныхоо дараа буцаад зад­рах нь байгалийн жам. Бид өөрсдийнхөө хүч хүрэхгүй юманд нэгдэж, киногоо хийсэн. Үүний хүчинд чанартай уран бүтээл гарсан байх. Жүжигчдээс гадна киноны баг их сайхан бүрдсэн. Тийм ч учраас “National Film” продакшныг байгуулсандаа баяр­тай байгаа. Хамтарч сайхан ажилласан эдгээр залуустаа баярласнаа илэрхийлье.

Д.Нанжид
“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж