Зүүн азийн орнуудын дөрөвдүгээр чуулга уулзалт маргааш Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болох гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, “Сасакавагийн Энх тайвны сан”, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Монголын хөгжлийн судлалыг дэмжих төв зохион байгуулж байгаа юм. “Ашигт малтмал, тээвэр, байгаль орчин” сэдэвт энэхүү чуулга уулзалтын хүрээнд Хятад, Япон, Герман, Өмнөд Солонгос улсаас төлөөлөгчид ирэх ажээ.
Чуулганы эхний өдөр Монгол Улсын геополитикийн хамтын ажиллагааг тодорхойлох, ОХУ-аас манай улс руу хандсан гадаад харилцааны бодлого, Азийн регионализм буюу бүс нутагчлалын хөгжлийн байдал, БНСУ ба Монгол Улсын боловсрол, соёлын солилцоо зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Харин дараагийн өдрийн хурлаар тээврийн болон байгаль орчны салбарын хамтын ажиллагааг онцолж, төгсгөлд нь дүгнэлт буюу оролцогсодын хэлэлцүүлэг болох ажээ. Үүгээр чуулга уулзалтын үр дүн, цаашид улс орны хөгжлийн хурдасгуур болсон дэд бүтэц, тээвэр байгаль орчин, ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааны дүр зураг буух тухай албаныхан онцолж байна.
У.Болор