Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийт 2215 аж ахуйн нэгж, 412 иргэнийг хамруулсан шалгалт хийжээ. Шалгалтаар тухайн үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламж, ажиллагсадын ариун цэвэр, эрүүл ахуй, угаалга, цэвэрлэгээ, түүхий эд материал,бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлт зэргийг голчлон шалгажээ. Худалдааны чиглэлээр хийсэн шалгалтад хадгалалтын онцгой нөхцөл, шаардах, түргэн гэмтэж бэртэх муудах бүтээгдэхүүний хадгалах нөхцөлийг 69 хувь нь шаардлага хангасан байна. Худалдаалагдаж буй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд “Барс”, “Хархорин”, “Баянгол” зэрэг худалдааны төвийн 26 цэгт баталгаажилт хийлгээгүй бүтээгдэхүүн худалдаалж байсанаас дээж авч лабораторын шинжилгээнд хамруулсан. 192 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс лабораторын шинжилгээгээр 96 нэр төрөл нь чанарын шаардлага хангаагүй байна. Худалдаалагдаж буй 6800 /давхардсан тоогоор/ нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүнд “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага”-ын дагуу стандартын хэрэгжилтийг шалгахад 346 газар буюу 83 хувь нь шаардлага хангасан байжээ.
Шалгалтын явцад нийт 1336 зөрчил илрүүлэн 971 буюу 72,6 хувийг газар дээр нь арилгуулан их эрсдэлтэй дүгнэгдсэн есөн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, стандартын шаардлага хангаагүй 56 нэр төрлийн 651 ширхэг, 560 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан байна. Мөн зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулсан далан мянган төгрөгийг улсын орлого болгож, 38 литр, 536 мянган төгрөгийн үнэ бүхий архийг акт тогтоон хурааж, орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Хууль тогтоомж, стандарт дүрэм, журам зөрчсөн 78 аж ахуйн нэгж, иргэнд нийт 489 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, нийт 130 сая төгрөгийн шийтгэвэр ноогдуулсан байна.