Сар шинийн баярыг тохиолдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн спорт, олимпизмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийг хүлээн авч шагнал гардууллаа. Монгол улсын гавъяат дасгалжуулагч, самбо жүдо бөхийн ахмад багш Д.Баатаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор, Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч О.Ноож, Д.Жаргалсайхан нарыг “Олимпын алдар” одонгоор шагнасан билээ. “ЖМКО” компанийн захирал Д.Жаргалсайхан 2005 оноос Монголын триатлоны холбооны санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчийн албыг хашиж, уг спортыг Монгол оронд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа эрхэм билээ. Харин 2007 оноос тус холбооны бэлтгэл сургалт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй О.Ноож “Каннондайл Монголиа” компанийн ерөнхий захирал бөгөөд бизнесийнхээ хажуугаар триатлоны тамирчдыг дасгалжуулах, дугуй хэрэгслээр хангахад байнга туслаж ирсэн аж. Өөрөө усанд сэлэлт, дугуйн спортын идэвхтэй хичээллэгч төдийгүй түүний хүү Оргил, Тэмүүлэн нар триатлоны спортоор хичээллэн тивийн хэмжээний тэмцээнүүдэд оролцож байна.
"Спортын шуудан"