Төр орон сууцны үнэ буулгахад анхаарна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Төр орон сууцны үнэ буулгахад анхаарна

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар сар шинийн босгон дээр жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг бага, дунд орлоготой иргэдэд олгохоор шийдвэрлэсэн билээ. Харин эл шийдвэртэй холбогдуулан иргэд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам болон Орон сууцны санхүүжилтийн корпорацид хандан маш олон зүйлийг асууж буй аж. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх зорилгоор Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Зам тээвэр, хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл, Газрын харилцаа, геодизи, зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ямар ч байсан Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох шийдвэрийг гаргасан нь, хамгийн уян хатан хүүнд тооцогдоно гэж хэлж байна. Учир нь 2004-2008 оны хооронд арилжааны банкнаас энэ төрлийн зээл хүсэхэд сарынх нь хүү 1 хувь байсан. Жилээр тооцоход 10 гаруй хувийн хүү болно. Одоо тэгвэл жилийн зургаан хувийн хүү гэдэг зээлийн хүү хоёр дахин буурсан үзүүлэлт гэж хэллээ.

Мөн төрийн зүгээс орон сууцны үнэ ханшийг буулгах талд бүхий л арга хэмжээг авахаар ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, төрийн мэдлийн зургаан газарт орон сууц бариулахаар төлөвлөсөн. Зарим газарт нь газар чөлөөлөлт явагдаж байгаа. Мөн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн хувьд “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамрагдсан компаниудын сууцнаас сонголтоо хийнэ. Төрийн зүгээс одоогоор барилгын компаниудтай гэрээ байгуулаад байгаа. Ингэхдээ нийт ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэн компанитай гэрээ байгуулж байгаа. Тийм болохоор орон сууцны үнэ ханш аяндаа тогтворжино гэсэн хариулт өгч байна. Нөгөө талаас олон компани орон сууц бариад эхлэхээр эрэлтийг хангах бололцоотой болно. Мөн төрөөс газар олгож, дэд бүтцийнх нь шугамыг тавиад өгөхөөр орон сууцны үнэ ханш тогтвортой байх боломж бүрдэнэ гэж тайлбарлалаа.

Гэхдээ хоёр жилийн өмнө хоёр өрөө шинэ орон сууц 42 сая төгрөгт багтаан авах боломжтой байсан бол одоо энэ үнэ өсч 70 сая төгрөгөөр үнэлэгдэх болжээ. Шинэ орон сууцны үнэ ханш өсөхийн хэрээр хуучин байрны үнэ ч хаданд гарах болсон байна. Тиймээс энэ мэтээр орон сууцныхаа үнийг хэт хөөрөгдөж байгаа компаниудтай эргээд хариуцлага тооцох механизм төрд байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад холбогдох хүмүүс харин тодорхой хариулт өгч чадахгүй байна. Мөн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан барилгын компаниуд руу иргэд утасдан мэдээлэл авах болоход “Манай компани түүнд хамрагдаагүй. Одоохондоо мэдэгдэх юм алга” гэх хариулт ч өгч буй ажээ. Тиймээс энэ бүхэнд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн зүгээс нэлээд ажил хийх шаардлагатай байгаа юм биш үү гэдэг зөвлөмжийг сэтгүүлчид мөн холбогдох хүмүүст өгөхөөс өөр арга байсангүй.

Дээрх мэдээллийг хийсний дараа Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-Бага, дунд орлоготой иргэн гэдгийг та бүхэн яаж тодорхойлоод байна вэ. Эдгээр иргэдийн сарын орлого нь хэд байж, бага, дунд орлогтой өрхөд хамаарах юм бэ. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Бага, дунд орлоготой өрхийг хоёр гурван зүйлээр тодорхойлж гаргаж ирсэн. Нэгдүгээрт, орон сууцных нь үнийг тодорхой төвшинд барихын тулд асуудлыг тодорхойлох. Орлого гэж ярьж байгаа бол түүнийгээ чухам юунд зарцуулах гээд байна вэ. Орлогоо орон сууцандаа зарцуулах гэж байгаа бол энэ нь ямаршуу үнэтэй орон сууц байна вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж сууна. Тийм учраас 55 м2 гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирж байна. Хоёрдугаарт, 50 хувиас дээш гүйцэтгэлтэй орон сууц гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирж байгаа. Сүүлийн 1.6 жилийн хугацаа буюу 18 сарын дотор ашиглалтад орох орон сууц үүнд хамаарна. Яагаад 50 хувь гэж яриад байна вэ гэхээр бүрэн гүйцэтгэл нь хийгдчихсэн орон сууцны үнэ өсчихдөг. Тодорхой төвшинд 50 хувийнх нь гүйцэтгэл хийгдсэн орон сууцны үнэ өнөөдрийн байдлаар хямд байгаа. Тэр агуулгаар асуудалд хандаж байна. Үнэ чухам юунаас болж өсөөд байна вэ гэдэгт зөв гаргалгаа хийх ёстой болж байгаа. Эрэлт, нийлүүлэлт хоёр алдагдчихаад байгаа, одоогийн нөхцөлд. Барилга барьж байгаа буюу нийлүүлэлт талд иргэдээ моргежийн зээлээр мөнгөжүүлж байгаа арилжааны банкнаас зээл авсан иргэдийн тоо хоёрын зөрүү их байгаагаас барилгын үнэ хөөсөрч өсчихөөд байгаа. Зах зээлийн эдийн засгийн харилцааны үндсэн зарчим бол бодлогоор зохицуулагдсан үнийн асуудлыг гаргаж ирж ярина уу гэхээс биш, Засгийн газар юм уу, төрийн захиргааны төв байгууллагаас тэдэн м2 гэж хэлэх бололцоогүй. Тэгэхээр нийлүүлэлт,  эрэлт хоёрыг нь зөв удирдах ёстой. Зургаан хувийн хүүтэй зээл авч байгаа иргэдийн зээлийг орох орон сууцыг нь барьцаалж, иргэдийн нэр дээр баталгаажуулж барилгын компанийн нийлүүлэлт талыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Нийлүүлэлт нэмэгдсэнээр барилгын үнэ буурна гэж ойлгож байгаа. Гуравдугаарт, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогыг төрөөс барина. Цемент, арматурын Монгол Улсын бодит үйлдвэрлэл нь 30-35 хувь байгаа. Үлдсэнийг импортоор оруулж ирж байна. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үнэд тулгуурлаж иргэдийнхээ орлогын төвшин ямар байхад арилжааны банкнаас жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авахад хэдэн төгрөгийн орлоготой байх вэ гэдгийг бид гаргаж ирж байгаа. Жишээлбэл, дунджаар 600 мянгаас 700 мянган төгрөгийн орлоготой 50 сая төгрөгийн зээл авч байгаа иргэн сардаа 358 мянга орчим төгрөг төлөөд явах бололцоотой. 40 сая төгрөгийн зээл авч байгаа тохиолдолд 200 хэдэн мянган төгрөгийн зээлийг сар тутамд төлөөд явахаар харагдаж байгаа. Тийм учраас хязгаарлалт тавихдаа гурван сарын дундаж орлого нь 45 хувь байхаар зааж өгсөн.

-Гэхдээ 50 сая төгрөгөөр 55 м2 орон сууц өгье гэсэн барилгын компани байна уу. Гэрээ нь хийгдэж чадсан уу. Жишээлбэл 50 хувийнх нь гүйцэтгэл хийгдээгүй компанийн байр хямдхан байна гэлээ. Шалыг нь хийгээгүй орон сууц авах юм биш үү?

-“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бид Улаанбаатар хотод дулааныхаа нөхцлийг авчихсан, барилгынх нь зураг гарчихсан гүйцэтгэл нь 30-90 хувьтай явж байгаа барилгын компаниудыг бүртгэсэн. Бүртгэлийн үр дүнд 100 мянга гаруй орон сууц баригдах бодит бололцоо Улаанбаатар хотод байж байгаа. 2016 он хүртэл хэрэгжүүлэх “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт тусгаснаар 75 мянга сууц нь нийслэлд баригдана. Барилгын компаниудад төрөөс хоёр талын дэмжлэг үзүүлж байгаа. Нэгдүгээрт, газрынх нь асуудлыг шийдээд өгч байна, хоёрдугаарт дэд бүтцийг шийдэж өгч байгаа. Гуравдугаарт, моргежийн эх үүсвэрээр буюу иргэдээр дамжуулсан зээл олгож орон сууц барих бодит бололцоог олгож өгч байгаа. Энэн дээрээ тулгуурлаж үнээ ийм байлгаач ээ гэдэг гэрээг бид эхнээс нь байгуулаад явж байгаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж чадаагүй тодорхой төвшинд үйл ажиллагаа нь эхэлчихсэн компаниудын бүртгэлийн үйл ажиллагааг мөн эхлүүлсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулна.

-Зээлийн нөхцлийг хангах 700 мянган төгрөгийн орлоготой иргэн байгаа юу, дөрвөн хүүхэдтэй. Жилийн зургаан хувийн хүүгийн ашиг хэнд очих вэ. 50 сая төгрөгийн зээл авлаа, 60 сая төгрөг төлөх болж байна. Хэний халаасыг түнтийлгэх гээд байна вэ?

-Урьд нь иргэд хэдэн хувийн хүүтэй зээлийг авч байлаа, арилжааны банкнуудаас. Намайг дэд сайд байхад 2004-2008 онд хамгийн багадаа бид 1 хувийн хүүтэй зээл олгож байсан. Одоо бол сарын 0,5 хувийн хүү болоод байна. Тийм учраас банк тодорхой төвшинд үйлчилгээ үзүүлж, рискийг нь үүрч байгаа гэдэг утгаар нь энэ мөнгө очиж байгаа. Тэгэхээр хүүний хувьд ярих юм байхгүй.

Мөн 20 жилийн хугацаанд энэ зээлийг цувуулж төлнө. Өмнө нь иргэд амьдралынхаа туршид мөнгөө хуримтлуулчихаад эргээгээд байраа худалдаж авдаг байсан бол одоо дотор нь орж суучихаад төлбөрөө хийнэ гэсэн үг. Энэ нь иргэдэд илүү наалдацтай юм шүү дээ.  Зээлийн шаардлага хангах иргэд байна уу гэвэл байна аа. Улаанбаатар хотын хүн амын 66 хувь нь гэр хороололд амьдарч байна. Жилдээ олон залуус өрх гэр тусгаарлаж байна. Байрны эрэлт хэрэгцээ асар өндөр байгаа. Нэгэнт батлагдсан хөтөлбөрийн хүрээнд асуудлыг ярьж байгаа. Дөрвөн хүүхэдтэй гэж заасан нь зээлийн журмын нэг л нөхцөл. Түүнээс биш хэн ч энэ зээлд хамрагдаад явж болно.

-Тэгвэл яагаад 0-16 насны дөрвөн хүүхэдтэй гэж онцолсон юм бэ. Энэ чинь хүүхэдгүй залуусыг зээлд хамрагдах боломжгүй шүү гэж хэлээд байгаа юм биш үү?

-Хүүхэдгүй залуус ч байсан зээлд хамрагдах боломжтой, чөлөөтэй. Энэ арга хэмжээ 2016 он хүртэл үргэлжилнэ. Бонд гаргах эргэн төлөлтийн эх үүсвэрээрээ дахин санхүүжилт үүсээд хэрэгжээд явах юм. Эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн бонд гарч байна, дараа нь дахиад 200 тэрбум төгрөгийн бонд гарна. Энэ мэтчлэн 2016 он хүртэл үргэлжилнэ.

-Яг өнөөдөр хамгийн хямд үнэтэй 1м2 орон сууц 1.3 саяаас 1.4 сая төгрөгийн үнэтэй байна. 48 м2 талбайтай орон сууц авахад 74-76 сая төгрөг болж байгаа. Зээлийн дээд хэмжээ 50 сая. Тэгэхээр дээр нь мөнгө нэмэх болж байгаа. Тэгэхээр энэ нь бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна гэж яриад байгаатай яаж уялдаад байгаа юм бэ?

-Зохицуулалтынхаа бүх механизмыг илэн далангуй тодорхойлж байгаа. Байр хүссэн иргэн бол үндсэн дөрвөн шаардлагыг хангасан байх. Нэгдүгээрт, 10 хувийнхаа төлбөрийг төлж чадах орлоготой байх. Хоёрдугаарт, сонгосон байр нь 55 м2-аас доош байх. Гуравдугаарт, гүйцэтгэл нь 50 хувьтай байрнаас сонгох. Энэ нөхцлүүдээ хангаад ирсэн иргэн энэ зээлд хамрагдах бодит бололцоо нь хангагдаж байна гэсэн үг.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж