Цахим үнэмлэхийг сонгуулийн өмнөхөн хэвлэж дуусна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг сонгуулийн өмнөхөн хэвлэж дуусна

Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил ямар шатанд яваа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амарсанаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр иргэний цахим үнэмлэх хэвлэх  ажил ирэх дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж,  зургадугаар сарын 11-н гэхэд дуусах дуусах аж. Өөрөөр хэлбэл, цахим үнэмлэх хэвлэгдэж эхлэнгүүт иргэдэд тараах ажил зэрэгцэнэ. Ингэснээр хамгийн сүүлд хэвлэгдсэн цахим үнэмлэх зургадугаар сарын 21-н гэхэд иргэдийн гарт хүрэх ажээ. Мөн цахим үнэмлэх хэвлэх бэлдцийг Францын “Жемальто” компанийн Финлянд дахь салбарт хийж байгаа бол үнэмлэх хэвлэх хоёр машиныг АНУ-ын Датакарт компаниас авчран суурилуулжээ.

 Цахим үнэмлэх хэвлэх эхний 60 мянган ширхэг бэлдэц ирэх дөрөвдүгээр сарын 3-нд, хамгийн сүүлийн 439495 ширхэг бэлдэц зургадугаар сарын 1-нд Финляндаас ачигдах юм байна.  Бэлдэц Монгол Улсад иртэл 2 хоног шаарддаг аж. Харин хэвлэх машин 3 секундэд нэг үнэмлэх хэвлэнэ.  Бэлдэц ирсэн өдрөөс нь хоногт 20 цагаар ажиллан 48 мянган иргэний үнэмлэх хэвлэж байхаар хуваарь гаргажээ.  Иргэний цахим үнэмлэхийг хэвлэхэд нэлээн нарийн технологийн дагуу ажиллагаа шаарддаг учир хугацааг үүнээс илүү наашлуулах боломжгүй гэнэ. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж