“Марзан” Шаравын зургуудыг бодитоор харав

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Марзан” Шаравын зургуудыг бодитоор харав

МАН-ын 91 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулж Тусгаар тогтнолын ордонд “ХХ зуун зурагт хуудаснаа” үзэсгэлэн гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд үзэсгэлэнг нээж үг хэллээ. МАН-ын дэргэдэх музейн сан хөмрөгт 1923-1981 онд холбогдох 175 нэр төрлийн 425 нэгж зурагт хуудас, ухуулга, сурталчилгааны материал хадгалагдаж байдаг. Энэ удаа сайн санаат хүмүүсийн бэлэглэсэн болон намын архивт хадгалагдаж буй 120 гаруй зурагт хуудсыг дэлгэн үзүүлж буйг МАН-ын дарга хэлсэн юм.

Үзэсгэлэнд “Марзан” хэмээх зураач Б.Шаравын 1923 онд зурсан, дунд сургуулийн түүхийн сурах бичгүүд дээр байдаг хар, шар феодалын амаар тэмээн жин, тэрэг тэргээр ачаа цуван орж буй шог зургаас өгсүүлээд Монголын анхны зурагт хуудсуудыг бодитоор дэлгэн тавьжээ. “Петроградын цуврал” нэрээр олонд алдаршсан, 1929 онд МАН-ын Төв хорооноос эрхлэн Петроград хотноо хэвлүүлсэн зурагт хуудсууд, УИХ-ын гишүүн агсан С.Зориг, эрхэм гишүүн С.Оюун нарын өвөг эцэг Шар Дамдинсүрэн хэмээн монголчуудын авгайлдаг Семуковын зурсан “Ногоон зураг” хэмээх Монголын засаг захиргааны зураг, 1945 онд тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө саналаа өгөхийг ардуудад уриалсан хуудас зэрэг Монгол Улсын түүхтэй холбоотой зурагт хуудсуудыг үзэсгэлэнгээс бодитоор харж болох байв.

Зурагт хуудас, ухуулга сурталчилгааны чиглэлээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үзэсгэлэн зохион байгуулж байгаагүй аж. Уг үзэсгэлэн өнөөдрөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Тусгаар тогтнолын ордонд ажиллах юм байна.

                                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж