Ринчен гуай "Намын Төв Хорооны тусгай Комисст" бичсэн өргөдлөөс хэсэгчлэн толилуулья:
"Миний бие 1937 оны есдүгээр сарын нэгэн шөнө гэнэт баривчлагдаад, японы тагнуул хийж байсан гэдэг оргүй түмэн хилс хэрэгт тулгагдан байцаагдсан билээ. Ардын хувьсгалт төрийн хууль ёсонд байж үл болох муухай харгис эрүү шүүлт, зодуур, нүдүүр, нойр хоолгүй, өдөр шөнөгүй байцаагдан тулгуулж, японы тагнуулын байгууллагын гишүүн болсон гэж хилс хэрэг хүлээсэн билээ.
…Байцаах үес арваад сантиметр орчим нарийн бөгөөд суусан хүний хөл газар хүрэхгүй шахуу өндөр модон вандан дээр, хоёр гар өвдөг дээр тавиулан суулгаж хөдөлж болохгүй хэмээн загнан хөдөлбөл алгадаж байсан. Бас ширээн дээр том чийдэнгийн шилтэй лампа тавьж, түүний гэрлийг миний нүд рүү чиглүүлэн, нүдээ битгий ань гэж байцаадаг байсан. Тэрнээс болж, одоо миний нүдний хараа муудсан билээ.
…өдөр шөнөүй байцаагдан хоёр нүднээс нулимс гоожин болдог бол түргэн үхэж энэ тамаас салах юмсан гэж аргагүй тэр Кадама гэдэгтэй хуралд суусан гэж хүлээсэн билээ. Хэнд гишүүн элссэн бэ гэхэд…монгол япон толь бичиг маш гоёмсог хавтастай гурван дэвтэр авчирсны эхний дэвтэрт Сузуки бил үү, Судзүй бил үү нэг япон хүний редакторласан нэр үзсэнээ санаад тэр хүнийг хэлбэл эрхбиш хянан магадладаг туйлын газар үзвэл тийм юм байгаагүйг лав мэдэх биз гэж бодсон билээ. Хэлтсийн дарга Насантогтох гэж боловсрол муутай туйлын бүдүүлэг хүн байсан. Тэр орос байцаагч гэж бас амнаас нь гарч байгаа үгийг үзэхэд бас их бүдүүлэг амьтан байсан. Ерөнхий боловсрол дульхан шинж илэрхий, хэлж байгаа үг, байдал маш бүдүүлэг, хараах загнах гэдэг нь миний хүн болсноор дуулаагүй муухай бэлэнч хараалч хүн байж билээ.
…Шар хаданд аваачиж алдаг бил үү, хаа алдаг бол? гэж бодож байсан билээ. Тэгж байтал нэгэн орой эсгий гэрт оруулсан нь улаан толгой Дугаржав, Наваан-Юндэн, Эрдэмбилэг, Шижээ, Дүгэрсүрэн гэдэг багш дээр оруулжээ. Тэдэнтэй хамт орчуулга хийх болж хоол унд ч сайжирсан.
…нэг шөнө дууджээ. Одоо л алах нь дээ гэтэл зөвлөх Скоков дээр оруулж, чамайг одоо тавилаа. Арван жил чамайг тэнсэн харгалзана. Юмыг чинь хурааж авсны бичиг олгоно. Мөнгий нь банкнаас аваарай. Энд байцаалгасан сонссон дуулснаа задруулж болохгүй гэдгийн баталгаа гаргаж өг гэж хатуу захиа занаа өгч билээ.
…Маршалыг сэрүүн байхад хилс хэрэгт гүтгэгдсэнээ би нэг хэлээд үзсэн юм. Мэдлээ гэхэд нь төрийн удирдагч хүн мэджээ гэж бодоод, зохиолы нь эмхэтгэл гарахад миний нэрийг эсэргүүний хэрэгт оруулан дурдаагүй учраас одоо л нэг учрыг нь олжээ гэж бодож ардын төр, хүн ардынхаа тоонд багтсан намайг хилс хэрэгт чихэхгүй чухамдаа үнэнийг оллоо гэж бодож явлаа. 1956.6.16″
Ийнхүү 1933-1934 онд мөрдөж таслагдсан хувьсгалын эсэргүү япон тагнуул Ж.Лхүмбийн хэрэг гэгчид 1505 хүний илэрсний дотор тэр үед улсын хэвлэлийн эрдэмтний нарийн бчгийн даргаар ажиллаж байсан дөнгөж 32 настай цэл залуу Б.Ринчен байжээ. 1937 онд пан монголын үзэлтэй хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан гэж баривслагдаад, 1939 онд буудан алах ял шийтгүүлсэн, түүний эрдмийг хэрэглэж болох юм гэж үзсэн тул 1941 онд урьдчилан хоригдсон хугацааг оролцуулан 10 жил хорихоор шийтгэсэн , улмаар орос хэлнээ "Үнэн" сонин гаргадаг болсон тул орос хэл сайн мэддэг хүн хэрэгтэй болж, түүний ялыг тэнсэн болгон өөрчилжээ. Гэхдээ "Хэрэв Бямбаев Ринчений бие өөрийн ахуй байдал дээр үнэнч бус сэжиглэл гаргах буюу хувьсгалын эсэргүү ажлаа чанагшид үргэлжлүүлэх аваас түүний биеийг шууд дайчлан хоривоос зохино" гэж ялын төлөвлөгөө төгссөн байдаг.
Хэл бичгийн ухааны доктор Б. Ринченгээс 1937-1940 онуудад баригдаж шийтгэгдсэн хэргээ шалгуулж цагаатгахыг хүссэн Намын Төв Хорооны шалгах комисст 1956 онд гаргасан өргөдөлийг үндэслэн 1963 онд цагаатгажээ.
Нутагтаа олж хараагүй номыг Чехийн улсын номын сангийн монгол номын сан хөмрөгөөс олсон нь бас сонин. "Тагнуул" Б.Ринчен ажиллаж байсан гэх тагнуулын сүлжээ "Япон, Англи, Франц, Чехословакын цагааны оргодлуудтай харилцаа холбоо байгуулан улмаар Халимагийн цагааны оргодлуудыг шинэ улсад соёлын шинэ хүчин болгож ашиглах төлөвлөгөөтэй байсан" юм байх, хэ хэ.