Дэлхийг тойрох, улс үндэстнүүдийн амьдрал соёл, ёс заншлыг судалж,
Монголчуудтайгаа хуваалцах их аянаа дуусгаад, 5 жил буюу 1800 өдрийг
замд өнгөрөөгөөд эх орондоо ирэх үед, гав ганцаараа, бодит дэмжлэггүй,
өөрийн гэр бүл, үр хүүхэд орон байргүй, эрхэлсэн ажилгүй 32 насандаа
амьдралаа эхлүүлэх гэж буйгаа ухаарав.
Монгол улсынхаа далбааг дэлхийн өнцөг булан бүрт мандуулж, түүх
соёлоо явсан газраа таниулж, Монгол хүний мөр гараагүй газар нутгийг
дайлж, амьдралын утга учрыг олж мэдэх гэж, дэлхийн соёл иргэншлүүдийг
үүсэл гарлаас нь судалж, бодит мэдээллийг өөрийнхөө хүмүүстээ хүргэж
байна гэж итгэн ажиллаж, эх оронд маань тулгамдаж буй асуудлын шийдлийг
олох гэсэн маш хүнд бөгөөд ганцаардмал аяллаа дуусгаад гэртээ ирэхэд
баяр хүргэж магтсан, атаархаж бухимдсан хүмүүсийн хэн нь ч миний
амьдралд тулгарч буй бодит байдлыг ойлгохгүй байв.
Үзсэн харсан сурсан бүхнээ бусадтайгаа хуваалцахын тулд олон төрлийн
уулзалт, ярилцлагуудыг үнэ төлбөргүй хийж байсан ч миний итгэж, зорьж,
хийж буй ажлыг хүмүү огт ойлгохгүй байгааг нийгэм мань шууд мэдрүүлэв.
Ямар ч арга замаар болов эд хөрөнгө хуримтлуулах нь амьдралын гол
зүйл, элдэв аялал, мэдлэг, юм үзэж нүд тайлахаас хамаагүй чухал гэсэн
ойлголттой болж дээ миний эх орон нэгтнүүд.
Орчлон ертөнцийг хүний, тэр тусмаа гадныхны хэлсэн шиг хүлээн авч
болохгүй юм билээ. Бид өөрсдөө судалж, Монгол хүний байр сууринаас дүн
шинжилгээгээ хийж эхэлцгээе! гэж уриалсан урианы хариуд –Тэртээ тэргүй
интернэтээс бүх мэдээллээ авч болох юм чинь тэгж аялж, мөнгө зарах хэрэг
юу байна аа? гэсэн шүүмжлэлтэй тулж, зарим хүмүүсийн хэрүүлийн бай
бишгүй болов, согтуугийн агсамыг ч хэд хэд хүртэв.
Хүн бүр л өөрийнхөөрөө амьдралаа харж, хийх ёстой зүйлээ хийдэг энэ
хорвоод миний хийж буй зүйлд бухимдаад байгаа хүмүүсийг одоо болтол
ойлгохгүй юм.
Хүн хээр гарч хаа нэгэн газар төмс юм уу ногоо тарьж, иргэдээ хооллоё
гэж бодтол хаа хамаагүй огт танихгүй хүн очоод –Чи битгий төмс тарьж
цагийг дэмий бараад бай! Тэгснээс хот явж ажил хий! гэж зааварчилбал
танд сонин санагдаж байгаа биз!
Дэлхийгээр бадарчилж байхад гадны хүмүүсээс хэн нь ч –Чи аяллаа
боль! гэж хэлж байсангүй. Харин ч Монгол улсынхаа соёлыг хувиараа
сурталчилж байгаа явдлыг дэмжин магтаж, Монгол ардын элч! гэж өргөмжлөн
хүндэлж байв. Харин гэртээ ирээд хийсэн зүйлийнхээ төлөө бөөн дарамтанд
унана гэж яаж төсөөлөх билээ дээ.
Үзсэн харснаа хуваалцаж буйг онгирч байна гэж ойлгож, хоолтой хоолгүй
мэдлэгийн төлөө явсан нөр их ажлыг зугаалга гэж тайлбарлаж, гэр
бүлийнхээ төсвийг зарсан хувийн ажлыг төрийн мөнгө хулгайлж аялсан мэт
ойлгож уурласан хүмүүсийн тоо олон байсан нь даанч харамсалтай.
Энэ тухай би өнөөдрийг болтол ярихгүй байсан шалтгаан нь хэзээ нэгэн
цагт тусгаар, бүгд найрамдах засаглалтай, ардчилсан бодлоготой Монгол
улсын иргэн Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр эх ороноо ямар их хайрлаж,
бахархаж байсныг ойлгох өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байгаад оршиж байгаа
юм.
Зарим нэг хамаатан садан, дотны найз нөхөд хүртэл нүд үзүүрлэн
хардаг болж, миний хийхийг зорьсон зүйлийг огт ойлгоогүй байж уурлах
явдал бишгүй тохиолдож байна.
Манай гэр бүл эв нэгдэлтэйгээр Монголын түүхэнд 9 үеэр үлдэхээр
“Монгол Бадарчин” том төслийг хэрэгжүүлж чадлаа! гэж бардам зарлаж
байгаа нь манай гэр бүл хамгийн шилдэг гэж хэлж байгаа юм биш, Харин
бид, Монгол гэр бүлүүд бие биенээ дэмжээд, нэгэн айл шиг нэг чигт хөдөлж
чадах юм бол үүнээс хамаагүй том амжилтын цаана гарна шүү гэдгийг л
ойлгуулах гэсэн билээ.
Зүгээр гудамжаар явахад лавлах албаны ажилтан шиг харьцаж, байнга
элдэв зүйл лавлаж, завгүй байгааг минь ойлгохгүй уурлаж, мөнгөтэй хүн
гэж андууран илүү үнэ өртөгөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэлж,
уусан үедээ уураа гаргадаг бай болгож байсан нь өнөөгийн нийгмийн онцлог
гэж тайлбарлахаас өөр яах билээ дээ.
Монголд юм хийгээгүй хүн чөлөөтэй алхаж болдог хэрнээ юм хийх гэж оролдохоор яагаад амьдрал ийм хэцүү болдог юм бол оо?
“Тамын тогооны үлгэр” гэдэг нь үнэхээр зохиосон зүйл биш юм болов уу?
Хэн нэгэнд өртэй юм шиг олон хүний –Чи тэгэх ёстой! Чи тэгсэнгүй! Чи
тэгээрэй! гэж зааварласан байдал, гомдлын дунд найзууд минь хүртэл хамт
байж чадахгүй, зайгаа барьж байв.
Эх орныхоо төлөө хийж байна гэж итгэж, шинэ үеийн залуучуудад юм үзэж
нүд тайлахыг уриалж байна гэж бодож байсан ажил маань өнөө
маргаашийнхаа хоолны мөнгө, амьдралын өртөгт нухлагдсан ард түмэнд хий
хоосон зүйл мэт харагдхаас өөр аргагүй байх аа.
Гэхдээ сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй хэвээр байх ёстой юм шүү.
Монгол хүн сансарт нисэж яадаг юм? Гималайн ууланд гарах ямар
хэрэгтэй юм? Спортод медаль аваад яах юм, хоосон мөнгө зарсан
хэрэг! гэж боддог хүмүүс өнөөгийн нийгэмд олон байна. Монгол хүний
тэсвэр тэвчээрийн хязгаар, чадвар, боломжийг нотлон харуулж буй дээрх
ажлууд чухал биш юм бол бид юунд тэмүүлж, юуг үлгэр дууриалал болгож,
хэнд итгэж амьдрах юм бэ?
Цаг хугацаа түүхийг шүүдэг тул одоогоос 10 жилийн дараа миний
тэмдэглэлүүд, миний бодол санаа жинхэнэ утгаа олно гэдэгт эргэлзэхгүй
байна.
Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, зарчимтай бодлоготой байж,
маш их хөдөлмөрлөж, өөрийгөө дайчлах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлүүдээрээ
ойлгуулахыг хичээсэн ажил маань хүмүүст хүрч, гурван сая гаруй удаа
миний интернэт блогийг үзэж, 20 гаруй мянган иргэн миний номыг уншиж,
олон мянган сэтгэлээсээ дэмжсэн, талархсан захидлууд нь юу ч биш гэж үү?
-Чиний хийж буй зүйл хэнд ч хэрэггүй! гэж шүүмжилж буй хүмүүс дээрх тоо, хүмүүсийн бичиж буй сэтгэгдлүүдийг анзаардаг болов уу?
Олон улсын харилцаа, дэлхийн улс орнуудын соёл, ёс заншлын талаархи
судалгаа, манай үндэсний аюулгүй байдалд харшилж болохуйц зүйлүүдийг амь
насаараа дэнчин тавьж байж олж мэдэж ирсэн боловч төр засаг, дээд
албаны хүмүүст огт хэрэггүй байгаа нь үнэхээр харамсалтай. Иргэдийнхээ
хийж буй эх оронч үйлсийг огт ойшоодоггүй, ном хэвлэл, мэдээллийн
сувгуудтай ажилладаггүй, энэ улс орны ирээдүйн эзэд болох залуучуудаа үл
тоомсорлодог хүмүүс манай төр засгийг авч явж байна гэж үү?
Монгол улсын Олон улсын харилцааны дээд сургууль, Соёлын их сургууль,
Тагнуулын төв газрын сургууль, Батлан хамгаалахын их сургуульд хүртэл
заадаггүй тийм их мэдээ, мэдээллийг 5 жилийн туршид цуглуулж иртэл, хэнд
ч хэрэггүй мэт үл ойшоож байгааг би үнэхээр ойлгохгүй байна.
Би ганцаараа тэгэж бодоогүй, гадаад дотоодын сайн сургуулиудад
суралцаад ирсэн өндөр боловсролтой залуустай уулзаж байхад тэд бас миний
энэ бодлыг хэлж: “Танил тал, аль нэг намыг дэмжигч, аль эсвэл их
мөнгөтэй , “том” хүний хүүхэд биш л бол мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй
байгаад өнөөдөр ажил олж хийнэ, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэн гэдэг
бүтэхгүй” гэж байв.
Үнэхээр байдал ийм байна шүү дээ.
Дэлхийн хүн амын 99.9% нь энэ амьдрах насандаа хийж амжихгүй,
чадахгүй тийм хүнд ажлын цаана гарч, эх орныхоо далбаагаа дэлхийн олон
улс оронд мандуулан, гэртээ баяр хөөртэй ирсэн боловч, удалгүй хоосон
магтаалаар ажилтай, цалинтай, орон байртай болохгүй, баяр хүргэе гэсэн
үгээр хоолоо олж идэж, хувцасаа авч өмсөж чадахгүй улсад амьдарч
байгаагаа ойлгосон юм .
Хүнд аяллын үед дэмжээгүй хэрнээ нөр их хөдөлмөрийн дараа бие болсон
нэр хүндийг минь ашиглан өөрийгөө магтуулах гэсэн оролдлого АНУд аялж
байхад гарсан бөгөөд ХУ намын дарга Н.Энхбаярын талд Их Хуралд нэр
дэвшинэ гэсэн худал PR , миний бодит байр сууритай огт нийлээгүй юм.
Надаас үнэхээр энэ талаар асуусан бол – Энэ хүнийг дахиж хэзээч төрд
гаргаж болохгүй шүү! гэж чанга хоолойгоор байр сууриа илэрхийлэх
байсан. 2000 оноос 2009 оны үед төрийг барьж байсан энэ хүний алдаанууд
өнөөгийн хямралын гол шалтгаан гэдэгийг Монголчууд ийм хурдан мартан гэж
үү?
Надад итгэж дэмждэг байсан хүмүүс ч гэсэн энэ худал зүйлд итгэн
надаас асууж, итгэл алдарснаа хэлж байна. Намайг худалдагдчихлаа ч гэж
бодсон байж магад. Үгүй шүү! Миний үнэт зүйл худалдагддаггүй юм шүү! гэж
өөрин сувгаа ашиглан мэдэгдмээр байна.
Бүтэн 5 жил Улс эх орныхоо төлөө, Монгол хүний нэр хүндийг дэлхийд
цуурайтуулъя гэж хүн төрөлхтний түүхэнд ховор үйлс бүтээгээд гэртээ
ирэхдээ хувийн амьдралаа цоо шинээр эхлүүлж, бусдаас хоцорсон амьдралын
баталгаагаа богино хугацаанд бүтээх хэрэгтэйг ойлгосон тэр амаргүй
мөчид -Цааш нийгмийн төлөө, эх орныхоо төлөө гэж явах хэрэг байжуу даа
гэж бодох үе тохиолдсныг нуугаад яахав.
Гэхдээ –Эх орон, гэр бүл гэх үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, түүний
төлөө бүхнийгээ зориулж, ямагт тэмцэж байх ёстой гэдэг ПРОГРАММЫГ бага
байхаас гэр бүл, төрийн бодлогын алба маань бидний үеийнхний тархинд
сайн суулгачихсан болохоор бууж өгч хэзээ ч болохгүй, одоогийн нийгмийн
арчаагүй байдлыг өөрчлөх ёстой юм байна гэдэгт би итгэсэн юм.
Юу ч болсон бай, нийгэм болон би яаж ч өөрчлөгдөж хувирсан бай “Би л
болж байвал боллоо” гэдэг аминч үзэл миний амьдралын гол үнэт зүйл
хэзээ ч болохгүй гэдгийг баттай мэдэж байна.
Ах дүү, гэр бүлийнхээ олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон амьдралынх
нь баталгаа болох хөрөнгийг нь Монголынхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө,
залуучуудын ирээдүйн төлөө гэж итгэж хэрэглэсэн хүн тэрхүү баталгааг
эргүүлэн бий болгох үүргийг гүнээ ойлгож, ухамсарлаж, ажиллаж байна.
-Хэзээ ч бууж өгч болохгүй! Ялангуяа гэр бүлийнхээ төлөө тэмцэж
байгаа бол! гэж ахын маань хэлсэн үг өнөөдөр өдөр шөнөгүй ажиллаж байгаа
тэр эрч хүчийг маань бий болгоод байгаа юм.
Угаасаа боловсролын систем нь сургуулиа төгссөн иргэнээ ном уншихаас
айдаг болгодог, өөрийн бодлогогүй, гадны соёлыг дээдэлж, үндэснийхээ
бүхнээ үгүйсгэхийг сурталчилдаг нийгэмд ном, блог бичиж амьдралынхаа
санхүүгийн байдлыг бүрэн авч явна гэдэг бүтэхгүйг 22 ном бичсэн Монголын
сэхээтний бүлгийн багш аавынхаа амьдралаас мэдэх юм.
Гэхдээ яаж ч байсан өөртөө болон бусдад амалсан зүйлүүдийн нэг болох
“Монгол Бадарчин” 9 боть номоо гарган, аль болох олон хүнтэй дэлхий
ертөнцөөс ойлгосон зүйлсээ хуваалцана гэж бодож байна. Бага байхад номын
санд маань байсан дэлхийн улс орнуудын зургуудтай, тэмдэглэлүүдтэй
номууд намайг хэрхэн өөрчилсөн шиг, миний номууд дараагийн шинэ
үеийнхэнд дэлхий ертөнцийг нээж, юм үзэж нүд тайлахын ач холбогдлыг
ойлгуулах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Амь насаараа дэнчин тавьж, олон жил хүнд хөдөлмөр хийж, гэр бүлийнхээ
эдийн засгийн баталгааг унаган байж бүтээсэн “Гайхамшигт Ертөнц” номоо
үнэгүй интернэтэд байрлуулж, түгээж байгаа нь миний сэтгэлийн гүнд
унтраад байгаа Эх орны маань өнөөгийн байдалд итгэх итгэл бишрэлийнхээ
галаа сэргээж хадгалахад хэрэг болж байгаа юм.
“Гайхамшигт Ертөнц” номыг маань уншсан дэлхийн өнцөг булан бүрт
амьдарч буй Монголчуудын маань имэйл захианууд надад эрч хүч өгч, тэсэх
хэрэгтэй шүү, илүү их ажилах шаардлагатай байна гэдгийг ойлгуулсаар
байгаа юм.
Намайг юу хийсэн, юу хийж буйг ойлгохгүй хэрнээ хэн нэгний хов жив,
бузартсан тархи, амнаас болж миний тухай дүгнэлт хийгээд байгаа бол
номыг маань уншаарай! гэж зөвлөе.
Бие биенээ ойлгож байж, бие биенийхээ хөдөлмөрийг үнэлж байж, хийсэн
бүтээсэн зүйлийг нь дэмжиж байж улс орон хөгждөг гэдэг зүйлийг өмнө
сонсож байсан ч, аяллын үед Дэлхийн өндөр хөгжилтэй бүх улсуудын бодит
амьдрал дээр харсан юм.
Эх ороноо хөгжүүлэхийн тулд, амьдралаа хөл дээр нь зогсоохын тулд дэлхий даяар сурсан мэдлэг туршлагаа ашиглана гэж бодож байна.
Сүүлийн үед наймаа хийж, ашиг олохын төлөө ажиллахаас зайлсхийж, бүх
хөдөлмөр хүчээ нийгэмдээ зарцуулж байсан нь хүмүүсийн итгэлийг ашиглаж
хөрөнгөжихгүй гэсэн миний зарчимтай холбоотой байсан бөгөөд, одоо 5 жил
хийсэн ажлынхаа дараа хувийн, гэр бүлийнхээ амьдралд илүү анхаарал
тавихгүй бол болохгүй боллоо. Гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ.
1990-д оноос эхэлсэн эдийн засгийн болон улс төрийн хямралаас үүдэн
олон мянган Монголчууд харийн нутгийг зорьж гэр бүлээ тэжээж, улс орноо
тэтгэж, даяаршлын мэдлэг мэдээллийг олж авхаар явсан билээ. Удаан
хугацааг хүний нутагт өнгөрөөсөн гадаад Монголчууд маань эх орондоо
эргэн ирэх үед юу хүлээж байгааг интернэт болон аль нэгний ашиг
сонирхлын төлөө ажилладаг хэвлэлүүдээс мэдэж чадахгүй байна.
Сүүлийн үед эх орон руугаа чиглэсэн ИХ НҮҮДЭЛ ихсэж байгаа бөгөөд
тэдний газардах эх орных нь амьдрал, аж байдлыг бодитоор харуулах дотны
хүн тэдэнд үгүйлэгдэж буйг хүний нутагт байх 5 жилийн хугацаандаа
ойлгосон юм.
Ийм учраас тэдэндээ зориулж “90 өдөр” гэдэг хөтөлбөрийг би эхлүүлж
байгаа бөгөөд, хов жив, захиалгат болон сурталчилгааны мэдээллээр дүүрэн
өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байхгүй байгаа тэр бодит
амьдралыг өөрийн биеээр үзүүлэхийг нэвтрүүлгийнхээ зорилго болгож
байгаа юм.
Одоогоос 8 жилийн өмнө “Соёл Иргэншилд Төөрсөн нь” гэдэг хөтөлбөр
хийх тухай бодож төлөвлөөд, гүйцэтгэх гэтэл тухайн үеийн
хүмүүсийн сэтгэлгээ хаалттай байсан тул чадаагүй юм. Их дэлгүүрийн шилэн
лангуун дотор тавилга тавьж, гэр орон шиг тохижуулаад 30 хоног амьдрах
миний төслийг хүмүүс сонсоод гайхаж байв. Тэр төслийн гол санаа нь шилэн
лангуу дотор амьдарч буй нь Монголчууд, учир нь бүх боломжууд байсаар
байтал чөлөөтэй гараад юм үзэж нүд тайлахын оронд тав тухтай жижиг
лангуун дотор амьдрахыг илүүд үзээд байгааг илэрхийлэх гэсэн юм. Уг
төсөл нилээд бэлтгэл хийгдсэний дараа хүчингүй болсон учраас“AMAI
AROUND” буюу Монгол залуу хүсэл тэмүүллээрээ хэр хол явж чадахыг
үзүүлэхээр “Дэлхийг тойрох бадарчлал”-аа эхлүүлсэн юм.
1800 өдөрт 70 улс орноор аяллад эх орондоо иртэл шилэн лангууг сонгосон хүмүүс түүн дотроо байсан хэвээр.
Эхлүүлэх гэж буй “90 өдөр” гэдэг төслийн гол санаа нь би өдөр
бүрийнхээ амьдралаа видеогоор бичиж, ТВ болон интернэтээр цуврал болгон
90 өдрийн турш харуулах юм.
Дөнгөж эх орондоо ирэх гадаад Монголчуудад ямар бэрхшээлүүд тулгарч
болохыг амьдралаа босгох гэж оролдох Б.Ж.Золбаяр-н 90 өдрийн тэмцлээс
харж болох юм.
Байр орон сууц, унаа, ажлын байр, амралт найз нөхөд гээд амьдралын
олон өнгийг бодитоор үзүүлсэн, өмнө байж байгаагүй хамгийн чөлөөтэй
бөгөөд өвөрмөц телевизийн цуврал РЕАЛИТИ нэвтрүүлгийг эхлүүлэх бэлтгэлээ
хийж дуусч байна.
Улаанбаатар хот жижиг боловч хүн бүр нь амьдарч буй орчин, ажиллаж
буй ажил, олж авсан боловсрол, гэр бүлийн хүмүүжлээс хамааран өөр өөр
цонхоор хотын амьдралыг харж байгаа бөгөөд Бат овогт Жамбалсүрэнгийн
Золбаяр-н удаан хугацаанд амьдраагүй Улаанбаатар хотоо хэрхэн харж
буйгаа үзүүлмээр байна. Дэмжээрэй!
90 өдөрт юу амжуулж чадах бол оо? гэсэн асуулт танд төрж байвал “90 өдөр” цуврал нэвтрүүлгийг хүлээгээрэй!
Энэ төсөл нийгэмд илүү үр өгөөжтэй болох шинэ өвөрмөц санаа байвал amai_around@yahoo.com хаягаар имэйл явуулж өөрийн бодлоо илэрхийлээрэй!
Ингээд миний амьдралын 90 өдөрт мөдхөн тавтай морил.
http://www.amai.mn/