Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаарай

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаарай

Ирэх сард болох Монголын Эдийн засгийн форумын  гурав дахь өдөр нь “IPO Mongolia 2012” хөрөнгө оруулагчдын хурал болно. Энэхүү хурлыг угтуулан MICC хөрөнгө оруулалтын банк санаачлагаар Монголын хөрөнгийн биржтэй хамтран өчигдөр “Монголын хөрөнгийн бирж дээр IPO хэрхэн хийх вэ?” сэдвийн дор үндэсний томоохон компаниудад зориулсан хурал зохион байгууллаа. Хуралд Хөрөнгийн биржийн удирдлагууд болон “Шунхлай”, “Ньюком”, “MCS холдинг”, “Баян-Эрч” зэрэг 50 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон юм.

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхээр Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн бирж хооронд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Ажлын мастер гэрээ” байгуулсан. Энэ ажлын хүрээнд хөрөнгийн зах зээлийн эрхзүйн орчныг боловсронгуй болгож, техник технологийн шинэчлэлийг хийж байгаа. Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай шинэчлэлийн ажил дуусах шатандаа орсныг хурлын үеэр мэдэгдсэн юм.
Техник технологийг суурилуулах ажил үндсэндээ дуусч байгаа бол эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар ч нэлээд ажил амжуулаад байгаа аж.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж бэлэн болгоод байгаа. Уг хуулиар эрхзүйн орчныг боловсронгуй болгож, өргөн хүрээний зохицуулалтууд хийснийг биржийнхэн онцолж байв. УИХ-ын энэ хаврын чуулганаар хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулахаар холбогдох газрууд ажиллаж байгаа юм байна. Хуулийн шинэчилсэн найруулгад орсон зарим өөрчлөлтүүдээс дурдвал, гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн бирж дээр, Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компанийг гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, хувьцаагаа арилжаалах боломжийг нээж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, Монголд уул уурхайн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60-аад компани олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан байдаг бөгөөд тэр компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, хувьцаагаа монголчуудад борлуулах үүд хаалгыг нээж өгсөн гэсэн үг. Мөн зах зээлд оролцогчдын нэр төрлийг олшруулж, нарийн зохицуулалтууд хийж өгчээ. Тухайлбал хадгаламжийн бичгийн талаар шинээр тусгаж, Mongolian Depositary receipt буюу Монголын хадгаламжийн бичгийг олон улсад гаргах боломжийгч  нээж байгаа аж.

Хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн зүгээс шаардлагатай дүрэм журмуудыг боловсруулж байгаа юм байна. Монголын хөрөнгийн биржийн зүгээс “Бүртгэлийн журам”, “Арилжааны журам”, “Гишүүнчлэлийн журам”, “Төлбөр тооцооны журам” гэсэн дөрвөн журмыг шинэчлэн найруулж баталжээ. Монголын хөрөнгийн биржийн хувьд уул уурхайн компаниуд бүртгүүлэх магадлал өндөр болохоор “Бүртгэлийн журам”-даа энэ талаар тусгайлан оруулж өгсөн байна.

Уул уурхайн компаниудад хийх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн агуулга, хөрөнгө болон байгалийн нөөц баялгийн хэмжээг тайлагнах стандарт зэргийг ч тогтоож өгчээ. Хонконг, Торонто, Лондон, Австрали зэрэг олон бирж эрдэс баялгийн нөөцийн хэмжээг ЖОРК, NI 43-101 зэрэг стандартаар тогтоохыг шаарддаг. Харин манай бирж ямар стандарт кодыг хүлээн зөвшөөрөхөө судалж байгаа юм байна. Мөн нөөц тогтоолгоогүй, хайгуулын компаниуд ч бирж дээр гарах боломжтой болсон байна.

Үүнээс гадна “Бүртгэлийн журам”-д бас нэг томоохон өөрчлөлт оржээ. Хувьцаа гаргахыг хүссэн компани проспектусаа СЗХ руу эхэлж явуулж, хороо зөвшөөрсөн үед Монголын хөрөнгийн бирж дахин хянаж, зөвшөөрөл олгдог байсан. Тэгвэл шинэ журмаар компани проспектусаа Хөрөнгийн бирж, СЗХ хоёр руу зэрэг явуулах бөгөөд СЗХ ажлын 20 хоногт багтаан шийдвэрлэхээр болжээ. Энэ мэтчилэн Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийхэд 2-3 сар шаардлагатай болж, ихээхэн хөнгөвчлөгдөж байгаа юм байна.

Дэлхийн санхүүгийн хамгийн том төв болох АНУ-ын топ 100 компанийн 80 нь бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани байдаг бол Монголын топ 100 компаниас “Багануур”, “АПУ” зэрэг 8 компани л хувьцаат компани байдаг гэдгийг MICC хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ илтгэлдээ онцолж байсан юм. Тиймээс ч Монголын үндэсний компаниудыг гадны хөрөнгийн бирж биш Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж хөрөнгө босгохыг биржээс уриалж байна. Монголын хөрөнгийн биржийн зүгээс  компаниудад хувьцаагаа зарах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч, шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлэхээ ч хэлж байв. Мөн Монголыг ихээр сонирхож байгаа гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээл рүү орж ирэх хаалгыг нь нээж байгаа болохоор манай компаниудад ихээхэн давуу тал бий болж байна.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж