
Өнөөдрийн ёслолын ажиллагаа Тусгаар тогтнолын ордонд намын шилдэг байгууллага шалгаруулах арга хэмжээгээр эхэллээ. Өвөрхангай аймгийн МАН-ын хороо “Намын эгнээг олон гишүүнээр өргөтгөсөн шилдэг намын байгууллага” цол хүртэв. Тус намын хороо 8473 гишүүнээр эгнээгээ өргөтгөж нийт хүн амынхаа 14,1 хувийг МАН-ын гишүүн болгожээ. Санхүүгийн шилдэг менежменттэй намын байгууллагаар нийслэлийн МАН-ын хороо, Увс аймгийн МАН-ын хороо тус тус шалгарав. Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах шилдэг менежменттэй намын байгууллагаар Дархан-Уул, Өмнөговь аймгийн МАН-ын хороо, Дотоод ажлын шилдэг зохион байгуулалтай намын байгууллагаар Төв, Сүхбаатар аймгийн МАН-ын хороо, Намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг намын байгууллагаар Баян-Өлгий, Хэнтий аймгийн МАН-ын хороо тус тус шалгарч өргөмжлөл хүртлээ.
Бүтээлч намын байгууллага номинацид Дорноговь, Шилдэг намын байгууллага номинацид Сэлэнгэ аймгийн намын хороо тэргүүлжээ.
Шагнал гардуулсны дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх МАН-ын 91 жилийн түүхэн замналаас дурдаад “МАН бол Монголын ард түмний “ууган хүү” юм хэмээн тодотголоо. Улс орон бол айл гэртэй адилхан өвөө эмээ, аав ээжтэй. МАН бол тэдний “ууган хүү”. “МАН бол хөл, хэлд ороогүй хэдэн муу дүүгээ хөлд оруулж, ачааны хүндийг үүрч ирсэн нам. Тийм болохоор ард түмний нам” гээд “Ардын нам, ардын засаг мандтугай” гэсэн уриагаар үгээ өндөрлөв. Тэнд цугларагсад нийтэрээ “Халуун элгэн нутаг” дууг дуулснаар шагнал гардуулах ёслол өндөрлөсөн юм.