Оюутнууд металлургийн салбарт мэргэшихээр Финландыг зорино

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Оюутнууд металлургийн салбарт мэргэшихээр Финландыг зорино

Өнгөрсөн оны есдүгээр сард Эрдэс баялаг, эрчим хүчний яам Монголд металлургийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг Финландын “Оутотек” компанитай үйлджээ. Энэ хүрээнд тус компани нь өөрийн эрдэм шинжилгээний хамтрагч Финландын Аалтогийн их сургуулийн хэд хэдэн эрдэмтэн, профессоруудыг урьснаар Монголын дөрвөн их, дээд сургуулийн оюутнуудад металлургийн боловсруулалтын сэдвээр илтгэл тавьж байна. Илтгэлийг энэ сарын 27-нд ШУТИС-ийн Дархан дахь салбарт эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Улаанбаатар дахь ШУТИС-д ган төмөр, өнгөт метал, зэс боловсруулах болон эрдэс баялгийн баяжуулалт, боловсруулалтын хяналтын сэдвээр үргэлжлүүлэн илтгэл тавьж байна.

Аалтогийн их сургуулийн доктор, профессор Кари Хэйканэний хэлж буйгаар, өнөөдөр метал боловсруулах үйлдвэрлэлийн метал авалтын түвшин 89 хувьд хэдийнэ хүрчээ. Дэлхийн эрдэмтдийн цаашдын зорилт нь метал авалтын хувийг 95-д хүргэх боловч энэхүү үзүүлэлтийг 90 хувиас дээшлүүлэхэд үнэхээр асуудал ихтэй ажээ. Тэрбээр Монголын металлургийн салбарыг хөгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал нь боловсон хүчнийг сургах гэдгийг онцолж байлаа. “Монгол улс гадаадын боловсон хүчинд тулгуурласан хэвээр байвал хөгжихгүй. Технологи гадаадынх байж болно, харин дотоодын чадварлаг инженерийн баг бүрэлдсэн байх нь зайлшгүй чухал” гэв.

“Оутотек” компанийн Дэд захирал Ханну Хакакари илтгэлийн үеэр хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр Монголын Засгийн газартай санамж бичиг үйлдсэний хүрээнд бид Монголоос 15 залуу мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэхээр эх орондоо гурван сарын хугацаанд сургалтад хамруулахаар төлөвлөж буйгаа хэлсэн юм. Бакалаврын зэрэгтэй оюутнуудаас гадна залуу багш нарыг ч хамруулах ажээ.
 
Тус компанийн судалгаа шинжилгээний ажлыг хариуцдаг Аалтогийн их сургуулийн эрдэмтэд маргааш МУИС-ийн оюутнуудад метал авалтыг сайжруулах аргууд, гидрометаллургийн боловсруулалтууд, металлургийн боловсруулалтын  термодинамик зэрэг сэдвээр илтгэл тавьснаар дөрвөн өдрийн арга хэмжээ өндөрлөх юм байна.

ШУТИС-ийн мэргэжилтний хэлж буйгаар металлургийн чиглэлээр Финландад судалгаа хийх 15 хүнийг урьдчилсан байдлаар сонгоод буй ажээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж