Мотоциклийн бартаат замын ААШТ Монголд болно

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Мотоциклийн бартаат замын ААШТ Монголд болно

Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо энэ жилээс эхлэн эх орныхоо хилийн дагуу автомашины өвлийн улирлын экстрим аялал зохион явуулж байгаа билээ. Аялал жуулчлалын үндэсний төв, Хил хамгаалах ерөнхий газар, “Хурд” групп, БХТН-ийн төв зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй уг аялал нийтдээ 14 мянган км замыг 75 хоногт туулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар тамирчин Д.Бат-зориг таван мянга гаруй км замыг туулаад Хөвсгөл аймгийн нутгаар аяллаа үргэлжлүүлж байна. Үүнээс гадна МАМСХ, Азийн мотоциклийн холбооны шийдвэрээр тивийн аварга шалгаруулах бартаат замын уралдааныг манай улсад зохион явуулахаар болжээ. Тэмцээнийг зургадугаар сарын 8-10-нд Улаанбаатар хотноо Морингийн даваанд зохиох ба урьдчилсан мэдүүлгээр 15 орны баг тамирчид оролцохоор мэдэгдсэн аж. Азийн АШТ-ийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг саяхан сонгосон бөгөөд даргаар нь УИХ-ын дэд дарга, МАМСХ-ны ерөнхийлөгч Г.Батхүү, орлогч даргаар БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Улаанбаатар хотын орлогч дарга, МАМСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганболд нарыг томилсон байна.

Б.Мөнхзул

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж