Н.Энхбаяр: Зүгээр нэг жүжиг бол би очихгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Зүгээр нэг жүжиг бол би очихгүй

Долдугаар
сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий
газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд,
нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Зоригт, Хэв
журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, Эрүүл хамгаалалтын газрын дарга
асан Ш.Батсүх нарыг шүүх хурал хоёрдугаар сарын 27-нд болох байсан ч
хоёр өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй
болсон тул шүүх бүрэлдэхүүн хурлын товыг гуравдугаар сарын 14 хүртэл
хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Энэ үеэр генерал Ч.Амарболдын
өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд хандаж, 2008 оны долдугаар
сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан,
Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасныг шүүх
бүрэлдэхүүн хүлээн авсан юм. Тиймээс хоёр долоо хоногийн дараа болох шүүх хуралд гэрчээр оролцох эсэх талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа.

-Та долдугаар сарын 1-ний хэргийг шүүх хуралд гэрчээр оролцох уу?

-Хэрэв
уг хэргийг шийдвэрлэхэд миний бие байлцах хэрэгтэй бол дуртайяа
оролцоно. Гэхдээ өнөөдрийн байдлаар шүүхээс намайг гэрчээр оролцох тухай
санал ирээгүй байна. Шүүх хурал нь хэлбэр төдий бус, нухацтай, үнэнийг
илрүүлэх хурал болоосой гэж бодож байна. Энэ хурал нээлттэй болох ёстой.
Телевизүүд шүүх хурлыг шууд дамжуулж, бүх сэтгүүлчид, ард түмэнд
нээлттэй болох ёстой. Шүүх хурлын үеэр Монгол Улсын нууцын зэрэглэлд
хамаарах зүйл яригдана гэх үндэслэлээр хаалттай зарлаж байгаа. Үнэн
хэрэгтээ энд нууц гээд байх зүйл байхгүй. Анх Э.Бат-Үүл гишүүн энэ
хэргийг нууц гэж УИХ-д оруулснаас болоод ийм байдалд хүрээд байгаа юм.

-Таны бодлоор шүүх хуралд хэн, хэн гэрчээр оролцох ёстой вэ?

-Зөвхөн
Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүсийг гэрчээр
дуудаад шийдвэрлэх асуудал биш. Ц.Элбэгдоржийг ч гэсэн дуудах хэрэгтэй.
Учир нь, тухайн үед Ардчилсан нам сонгуулийг будлиантуулсан. Гэхдээ
шүүх хурал үнэнийг л тогтоох хэрэгтэй. Зүгээр нэг жүжиг бол би очихгүй.

-Тэр өдөр хүн буудуулсан гэдгийг та яг хэзээ мэдсэн бэ?

-Маргааш
өглөө нь үүрээр мэдсэн. Гэхдээ анх мэдээлэхдээ танхай этгээдүүд ард
иргэдийг буудлаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр тэр нөхдийг ол гэсэн үүрэг
өгсөн. Маргааш өдөр нь л цагдаа буудсан байж болзошгүй гэсэн мэдээлэл
ирсэн. Цагдаа цагдаагаа шалгаж болдоггүй болохоор прокурорын газарт
цагдаа буудсан эсэхийг шалгахыг үүрэг болгосон.

-Та сэжигтнээр татагдаж байгаа дөрвөн хүнийг буруутай гэж бодож байна уу?

-Тэрийг шүүх л шийдэх байх. Надад энэ тухай  хэлэх үг алга.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж