“Мөрөөдлийн баг”-тай болох мөч ойртсоор байна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн баг”-тай болох мөч ойртсоор байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” тэмцээний III үе шат өнгөрсөн даваа гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний III шатанд нийслэлийн есөн дүүргийн 96 багийн 1500 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна.  “Мөрөөдлийн баг”  тэмцээн нь  Монгол Улсын хэмжээнд 750  ерөнхий боловсролын сургуулийн нийт 264 мянган  сурагчдын дунд 12 хүртэлх, 12-15,15-18 гэсэн насны ангиллаар зохиогдож билээ. Тэмцээний уриа нь “Бидэнд мөрөөдөл бий”, харин албан ёсны бэлгэ тэмдэг нь төрийн далбааны өнгө бүхий өмсгөлтэй, сагсан бөмбөг сугавчилсан туулай юм байна.

Монгол Улсад  айлчилсан НБА-ын супер од “Супермэн” хочит Двайт Ховард  тус тэмцээний нээлтэд оролцоод буцсан. Тэмцээний IV шатанд 21 аймаг, 329 сум, хотын дүүргүүдээс шалгарсан өсвөрийн сагсчид дөрөвдүгээр сарын 16-наас 22-ны хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт өрсөлдөх юм. Ингэснээр  4 үе шаттайгаар зохион байгуулах тэмцээний аваргууд тодорч, Монгол Улс “Мөрөөдлийн баг”-тай болно. Харин хаалтын үйл ажиллагаанд сагсан бөмбөгийн алдрын танхимд бичигдсэн, олимп, тив, дэлхийн аварга Сергей Белов, мөн NBA-ын зургаан удаагийн аварга Скотти Пиппен нар оролцох юм байна. Тус тэмцээнээс шалгаран гарсан шигшээ багийг олимпийн аварга Сергей Беловын нэрэмжит “КЭС Баскетбол” тэмцээнд оруулахаас гадна сагсан бөмбөг өндөр хөгжсөн АНУ-д аялуулан үе тэнгийн  хүүхдүүдтэй уулзалт тоглолт зохион байгуулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж