СБД-ийн прокуророос мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

СБД-ийн прокуророос мэдээлэл хийлээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурор Г.Бат-Очир, орлогч прокурор Ш.Одонсүрэн нар 2011 онд шийдвэрлэсэн хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 2011 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 11 прокурор ажиллажээ. Мөрдөн байцаагч, Хэрэг бүртгэгч, Хэсгийн байцаагч, Хүүхдийн байцаагч нийлсэн  нийт 80 субьект, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн чиглэлээр таван объектын 290 субъектэд тус тус хяналт тавьсан байна.

Тайлангийн хугацаанд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүлээж авсан гэмт хэргийн талаарх 4445 гомдол мэдээлэлд хяналт тавьснаас 1777 буюу 40 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 1883 буюу 42,3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 439 буюу 9,9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2361 хэрэгт хяналт тавин ажилласнаас 765 хөнгөн, 1284 хүндэвтэр, 271 хүнд хэрэг, 41 онц хүнд хэрэг байгаа нь  урд оныхоос хөнгөн хэрэг 19 буюу 2,4 хувиар буурч, хүндэвтэр хэрэг 38 аар буюу 3,1 хувиар, хүнд хэрэг 70 аар буюу 34.8 хувиар, онц хүнд хэрэг 20-иор  буюу 95 хувиар тус тус өссөн байна. Нийт 1777 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж дугаар олгосон нь өмнөх онтой харьцуулахад  141 буюу 8.6 хувиар өсчээ.

Мөрдөн байцаалт явуулсан нийт 2361 хэргийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 381 хэргийг шүүхэд шилжүүлж, 1288 хэргийг хэрэгсэхгүй болгож, 71 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 154 хэргийг түдгэлзүүлж, 72 хэргийг нэгтгэн шалгасан байна. Өмнөх оноос шүүхэд шилжүүлсэн хэрэг 11 буюу  гурван хувиар өсч,  түдгэлзүүлсэн хэрэг 32.6 хувь буурчээ.

Өнгөрсөн онд тус дүүргийн прокурорын газраас нийт 381 хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээр 341 хэрэг,  давж заалдах шатны шүүхээр 61 хэрэг хэлэлцэгдэн шийтгэх тогтоол, магадлал гарсан ба  прокурор анхан шатны шүүх хуралдаанд 100 хувь, давж заалдах шатны шүүх хуралдаанд 88.5 хувьд нь оролцож санал, дүгнэлтээ гаргажээ.

Анхан шатны шүүхээс 53, давж заалдах шатны шүүхээс гурав, хяналтын шатны шүүхээс нэг, нийт  57 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.  Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос прокурорын үндсэн хяналттай холбогдуулж гаргасан 866 гомдол, хүсэлтийг хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ. Үүнээс дүгнэхэд Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан нэг прокурор 2011 онд 444 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 236 эрүүгийн хэрэгт тус тус хяналт тавьж, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос гаргасан 70 гаруй гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, дөрвөн шалгалт судалгаа хийж, анхан болон давж заалдах шатны 42 хуралд оролцож дүгнэлт гаргасан байна. Өдөрт нэг прокурорын  хяналтад 12 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материал, 15-20 хэрэг тогтмол  хянагддаг аж.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж