Хурдан хүндэрдэг ханиадыг шинэ вирус гэж андуурчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Хурдан хүндэрдэг ханиадыг шинэ вирус гэж андуурчээ

Өвөл, хаврын улиралд хүний биеийн дархлаа муудаж, өвчин тусах магадлал өндөр байдаг. Тэр тусмаа ханиад томуу тусах хүмүүсийн тоо ч олширдог. Сар шинийн баярын үеэр хүүхдүүд шинэ төрлийн вирусын гаралтай ханиадаар өвдсөн гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийн дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хандалт зохицуулалтын албаны дарга Б.Оюунчимэгээс тодруулав. Тэрбээр ярихдаа “Ханиад томуугийн шинэ төрлийн вирус гараад хүн өвчилсөн гэсэн мэдээлэл манайд ирээгүй. Харин Хятадад ийм төрлийн томуу гарсан. Манайд бол гахайн томуугийн ганц хоёр тохиолдол илэрсэн” гэсэн юм.

С.Жаргалсайхан: ӨВЧТӨНҮҮДИЙН ТОО ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭС ИХ БАЙНА

Ханиад томуу их гарч байгаатай холбогдуулаад нийслэлийн эмнэлгүүд хэр ачаалалтай байгаа талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайханаас зарим асуултад хариулт авав.
    
-Эмнэлэгт ханиаднаас болж хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүн хэр их байна вэ. Шинж тэмдэг ямархуу байдлаар илэрч байна вэ?

-Ер нь өмнөх жилүүдийг бодвол томуугаар өвдсөн хүний тоо харьцангуй их байна. Ялангуяа 0-4 насны хүүхдүүд их ирсэн. Манай эмнэлэгт ачаалал их байгаа ч хэвтэхээр ирсэн хүмүүсийг аль болох буцаахгүйг хичээж ажиллаж байгаа. Ханиад гэхээсээ илүүтэйгээр хоолой нь өвдсөн хүмүүс их байна. Томуу өвчний шинж тэмдэг нь толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, хоолой өвдөх гэх мэтээр илэрдэг.

-Энэхүү томуу өвчинг шинэ төрлийн вирусын гаралтай гэх юм. Энэ үнэн үү?

-Үгүй ээ. Энэ нь ханиадны хүндэрсэн хэлбэр. Хүмүүс ханиадаа гүйцэд эмчлэхгүй, аль эсвэл тоохгүй явснаас болж улам хүндрүүлдэг. Үүнийг мэдэхгүй ингэж байгаа байх.

-Томуу өвчин эдгэрэлтийн хувьд хэр удаан бэ. Танай эмнэлэг ямар эмчилгээ хийж байнаа вэ?

-Эмнэлэгт хийгдэх ёстой эмчил­гээ хийгдэж байгаа. Ханиадаа хүнд­рээ­гүй байх үед нь эмчийн жоргүйгээр эмийн сангаас эм авч ууж огт болохгүй. Харин эмчийн заавар зөвлөгөөг дагах ёстой.

Д.Мөнхцэцэг: ХАНИАД ХҮРСЭН ХҮМҮҮС ТАТАЛТ ӨГЧ БАЙГАА НЬ ҮНЭН

Цагаан сарын үеэр Яаралтай туслам­жийн төв буюу 103-т дуудла­гын ачаалал, тэр дундаа ханиад томуугийн дуудлага хэр байсныг тус төвийн Чанарын албаны дарга Д.Мөнхцэцэгээс тодруулсан юм.

-Баярын өдрүүдэд Яаралтай тусламжийн төвд дуудлагын ачаалал маш их байсан. Өмнөх жилийнхтэй харьцуулахад 899 дуудлагаар илүү байлаа. Хоногт гардаг дуудлагын тоо жирийн өдрүүдийнхээс 150-200 дуудлагаар илүү байсан. Манай эмнэлгийн 28 жолооч, эмч нийлсэн ажлын хэсэг хамаг хүчээ дайчлан баярын өдрүүдэд ажилласан. Ингээд ажиллах явцад зүрх судас өвчлөл болоод даралт ихсэх, архинд хордох, осол гэмтэлд өртөх, хутга мэсэнд өртсөн тохиолдолууд нилээн гарсан. Үүнээс осол гэмтэлд орсон дуудлагын тоо 2011 оноос 83 дуудлагааар илүү байсан. Ханиад томууны дуудлагын хувьд өнгөрсөн жилтэй харьцуулвал 166 илүү гарсан. Энэхүү дуудлагаас насанд хүрсэн хүн өвдлөө гэх нь бага байсан хэдий ч 0-4 насныхан дийлэнх нь байлаа. Ханиад томуунаас илүүтэйгээр хоолой өвдөж, халуурлаа гэсэн дуудлага маш их гарсан. Иргэд өөрсдөө анхны тусламжийг авах ёстой. Жишээ нь, парацетимол ууж халуунаа буулгах хэрэгтэй. Өвчин намдаах эмээ хэрэглэх зэрэг арга туршлага муу, эмчилгээ хийх анхан шатны мэдлэггүйгээс болж ачаалал нэлээд үүссэн. Мөн архаг хууч өвчин сэдрэх, согтуугаар зодолдон бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэх үйлчилгээ үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор дараа дараагийн дуудлага хүлээгдэх байдал гарсан. Тэгэхдээ бид иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилго тавьж ажиллалаа.

-Шинэ төрлийн ханиадны ви­рус гарсан гэх юм. Ханиад хүрсэн хүмүүс таталт өгч байгаа гэх. Энэ нь шинэ вирустэй холбоотой юу?

-Шинэ вирус гарсан гэж яригдаж байгаа. Энэ нь бага насны хүүхдүүдэд ихэвчлэн халдварлаж байна. Шинэ вирус гэж яг хэлж болохгүй л дээ. Маш амархан хүндэрдэг ханиад гэсэн үг юм. Мөн ханиад хүрсэн хүмүүс татаж байгаа нь үнэн. Үүний шалтгаан нь маш өндөр халуурсантай холбоотой. Ханиадаа хүндрүүлснээс хатгаа болох тохиолдол олон байгаа. Тиймээс ямар ч өвчин туссан бай хамаагүй, гол нь бага дээр эмчлэх хэрэгтэй.

Ж.Баттуул

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж