”Н.Энхбаяр, С.Баяр нарыг албадан ирүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

”Н.Энхбаяр, С.Баяр нарыг албадан ирүүлнэ”

Долоодугаар сарын 1-ний хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, Эрүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг шүүх хурал түр хугацаагаар хойшлоод байгаа билээ. Генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд хандаж, Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм. Энэ талаар өмгөөлөгч О.Алтангэрэлээс тодруулав.


-Цагдаа нарыг шүүх хуралд С.Баяр, Н.Энхбаяр, Ц.Мөнх-Ор­гил, Д.Лүндээжанцан нарыг гэрчээр дуудах хүсэлтийг та гаргасан. Яагаад тэгсэн юм бэ? Тэднээс ямар мэдээлэл авах гэж байна вэ?

-Урьд нь тэднийг гэрчээр дуудаж асуухдаа шаардлагатай асуултуудад хариулт авч чадаагүй. Тухайлбал, Онц байдлын тухай хуулийг яаж баримталж ажилласан тухай, мөн тус хуульд заасан шаардлагуудыг хэрхэн хангасан, зохих ажиллагааг бүрэн хийсэн эсэхийг сайн тодруулаагүй. Зөвхөн тухайн өдөр болсон явдлыг яриулсан болоод ач холбогдолгүй хэдэн асуулт асуух төдий л өнгөрсөн. Энэ хэрэгт хурандаа Д.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Д.Оро­соо өмгөөлөгч урьд нь “Эд­гээр этгээдийг гэрчээр асуухдаа өм­гөөлөгчдийг байлцуулж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан ч Прокурорын мөрдөнгийхөн хүлээж аваагүй юм байна лээ. Хуулийн дагуу бол энэ хүсэлтийг хангах ёстой. Гэвч өнгөрсөн хугацаанд иймэрхүү байд­лаар бидний маш олон эрхийг зөрчсөн. “Хэргийн материалаас ху­вилж авъя” гээд хуульд заасны дагуу шаардлага гаргахад л “Үгүй” гээд зүтгээд байдаг хүмүүс шүү дээ.

-Гэрчээр дуудсан хүмүүс шүүх танхимд өөрийн биеэр ирэх ёстой юу? Хэрэв ирэхгүй бол яах вэ?

-Шүүхээс тэдэнд зарлан дуудах хуудас өгөх байх. Хуулиараа бол тэд өөрийн биеэр ирэх үүрэгтэй. Хэрвээ ирэхгүй бол шүүх албадна. Өөрөөр хэлбэл, шүүхээс захирамж гаргаж цагдаа явуулах байх. Ер нь тэдний хувьд шүүх хурлын танхимд ирж, өөрсийн үгээ хэлэхээс нэг их цааргалахгүй байх гэж бодож байна. Ард түмэн энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх бол гэж их удаан хүлээлээ. Ингэж хүлээж байгаа нь ерөнхийдөө энэ хүмүүстэй хол­боотой. Иргэдийн зарим нь тэднийг бүх хэрэгт буруутгадаг. Тийм учраастэд зүгээр ирээд л үгээ хэлчих байлгүй дээ.

-Ирсэн тохиолдолд ямархуу байдлаар байцаалт авах вэ?

Өмгөөлөгч, прокурор, шүүх бүрэлдэхүүн асуулт тавина. Түүнд л хариулна. Тэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

-Тэднийг гэрчээр дуудсанаар энэ хэрэгт ялалт байгуулах магад­лал нэмэгдэх үү?

-Өмгөөлөгчид бид шүүх хуралд ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцдоггүй. Үйлчлүүлэгчдээ ца­гаатгах талын байр суурь баримталж оролцоно гэж бодож байгаа. Тэ­гэхээр өөрсдөдөө хэрэгтэй гэж үзсэн учраас ийм хүсэлт гаргасан. Тэднийг гэрчээр дуудсан нь хэрэгт ач холбогдолтой, гэм бурууг хэлэлцэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тэднээс асуух асуулт ч маш их байгаа.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж